Эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.
-Энэ хаврын Монголын улс төр хаашаагаа явж байна? Эдийн засгийн төлөв байдал маань ямархуу байна гэдгээс яриагаа эхлэх үү? Засгийн газар бол энэ сарын 13-нд нээлтээ хийх Оюутолгойн далд уурхайд их найдвар тавьж байх шиг...
-Улс төрийн хувьд бол их өвөрмөц байдал үүсчихээд байна л даа. Өнгөрсөн намар УИХ Үндсэн хуулийг өөрчилсөн тийм ээ. Давхар дээлтэй дөрвөн сайд байсныг авч хаясан, бараг хоёрхон өдөрт хийсэн. Одоо дахиад өөрчлөх гэж байна. Үндсэн хуулиас давсан улс төр гэж юу байх вэ. Үндсэн хуульд орох өөрчлөлтийн дагуу сонгуулийн тогтолцоог өөрчлөх юм шиг байна. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх юм шиг байна. Тэгэхээр энэ жилийн улс төрд Үндсэн хуулийн өөрчлөлт их хүлээлт үүсгэж байна. Нэг нам давамгайлчихсан, сөрөг хүчин нь маш сулбайна, хагарал зөрчлөө бүрэн шийдэж чадаагүй байна. Улс төрийн амьдрал гэвэл үнэмлэхүй эрх баригчид л байна. Нөгөө талд нь сөрөг хүчин байхгүй учраас гудамжны улс төр, жагсаал цуглаан ихсэх төлөвтэй. Танхимын улс төр, мэргэжлийн түвшний хэлэлцүүлэг явахгүй, эрх баригч болон ард түмний хооронд шууд хэлэлцээр явж байна. Тиймээс үүнийг өөрчлөхийн тулд тоглоомын дүрмээ өөрчлөх тухай ярьж байна. Энэ нь бас их хүлээлт үүсгэчихсэн байна.
-Тоглоомын дүрэм гэж сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоог хэлж байна уу?
-Тийм. Жишээлбэл, 76 жижиг мажоритари тойргийг болиулаад, УИХ-ын гишүүдийг 120 болгоод, тал нь жагсаалтаас орж ирэх тухай ярьж байна. Улс төрийн намуудын нэр хүнд, хамтын тоглолт гэдэг юмыг шал өөр түвшинд аваачих гэж байна л даа.
-Сайжирч байна гэсэн үг үү?
-Сайжрах боломжтой. Улс төрийн намууд илүү баг болж тоглох, илүү хариуцлагатай байх боломжийг бүрдүүлж байна л гэж харж байгаа юм. Хоёрдугаарт, эмэгтэйчүүд, залуучуудад боломж гарч ирэх нь байна. Нэг тойргийг олон арван жил усалчихсан мөнгөтэй хүнтэй өрсөлдөхөд хэцүү, тийм ээ. Намын жагсаалттай болчихвол бодлого боловсруулахад оролцох боломжийг нь нээж өгч байгаагаараа давуу талтай юм л даа.
-Тэгвэл эдийн засгийг төлөв байдал?
-Эдийн засгийн хувьд бол өсөлттэй гэж гарч байгаа. Харахаар энэ нь үнийн өсөлттэй шууд холбоотой байна. Бүтээмж өсөөд, биет хэмжээгээр үйлдвэрлэл, худалдаа нэмэгдсэн зүйл харагдахгүй байна. Түүний оронд зэс, нүүрсний үнэ их өндөр байна. Хятадууд ковидын эсрэг хатуу бодлогоо сулруулсан учраас, хөдөлгөөнгүй байсан өмнөх жилүүдтэй харьцуулэхээр энэ жил эдийн засаг өсчихсөн юм шиг харагдаж байна.
Татварын орлого өссөн гэж байна. Тэр маань юу байсан бэ гэхээр, талхны үнэ жишээ нь хоёр дахин өсчихлөө шүү дээ. Түүнийг дагаад НӨАТ-ын орлого нэлээд нэмэгдсэн байна лээ. Үйлчилгээний салбар өссөн гарч байна, задлаад харахаар худалдааны салбар нэлээд өсчихөж. Гэтэл тээврийн салбараар тээж байгаа ачаа тээврийн хэмжээ багасчихсан байна. Өөрөөр хэлбэл, тээвэрлэсэн, худалдаалсан бараа бүтээгдэхүүн нь өсөөгүй мөртлөө үнэ нь өсчихсөн учраас эдийн засаг өсч харагдаад байна. Эдийн засгийн өсөлт гэдэг маань “хөөс” байх магадлалтай байна.
-Орон сууцны үнэ жишээ нь урьд хожид байгаагүйгээр өслөө. Ипотекийн зээлийн хөтөлбөрийг анх гаргаж байхад ингэж өсөөгүй. Гэтэл одоо банкууд найман хувийн зээл гаргаж чадахгүй байгаа шүү дээ?
-Тийм. Борлуулалт нь бага мөртлөө үнэ өсөлттэй байна. Ажилгүйдэл, ядуурал бол нэлээд өсчихсөн байгаа. Сая жишээ нь хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 90 хувь дөгсөн. Энэ маань өөрөө ядуурлыг 90 хувь гэж үзэж байна гэсэн үг. Албан ёсны ядуурал бол 30 хувь гэж үзсэн. Гэхдээ тэр ядуурлын шугам бол хэтэрхий бага л даа, 178000 төгрөг байдаг.
-Нэг хүний сарын хэрэглээ 178000 төгрөг гэсэн үг үү?
-Тийм. Сард 185000 төгрөг зарцуулж байгаа хүн ядуу биш болчихож байгаа байхгүй юу. Манай ядуурлын шугам хэт доогуур учраас албан ёсны ядуурал маань бага харагдаж байна. Гэтэл хүн 180000 төгрөгөөр нэг сар амьдрах уу, үгүй гэдэг чинь аягүй том асуудал болчихоод байна. Олон жилийн өмнөх тоо, дээр нь инфляци ямар болчихоод байгаа билээ, доллар хэр өсчихөөд байгаа билээ. Тухайн үед 180000 төгрөгийг доллар луу шилжүүлэхэд 90 доллар орчим байсан байх. Одоо бол 60 доллар хүрэхгүй. Гэх мэтчилэн амьдралын чанар нэлээд муудчихсан байгаа.
-Хүүхдийн мөнгөн дээр жишээ нь маш том ялгарал харагдлаа л даа. Нийт хүүхдийн 9 хувийг хасахын тулд өрхийн орлогыг 3500.000 төгрөг байхаар босго тавихад хүмүүс маш их зарга хийсэн. Энэ чинь өндөр орлого мөн үү? гэж...
-Тийм. Тэгэхээр чинь хүмүүсийн орлого үнийн өсөлтөө гүйцэхгүй байна. Хүмүүсийн орлогыг ам.долларт шилжүүлэх юм бол орлого маш бага болсон. Яах вэ, эдийн засаг өсч байна л гэж байна. Тэр чинь дандаа төгрөгөөр. Доллар луу шилжүүлэх юм бол нэг их айхтар өсөлт байхгүй шүү дээ.
Оюутолгойн далд уурхай ашиглалтанд орно. Энэ бол манай эдийн засгийг тэлж өгнө, зөв. Нүүрсний экспорт сайн байна. Гэхдээ энэ чинь ажлын байр бий болгохгүй. Энд байгаа мөнгө айл өрхийн хаалгаар орж, хүмүүсийн амьжиргаанд нөлөөлөхийн тулд дор хаяж 2-3 жил болно.
-Тэгвэл энэ мөнгө хаашаа орох вэ?
-Эхний ээлжинд тухайн компанид очино. Хөрөнгө оруулалтын зардлаа нөхөх байх, худалдан авалт хийх байх. Оюутолгой, Тавантолгой бол маш том худалдан авагч нар, ханган нийлүүлэгчиддээ мөнгө төлөх байх. Дээр нь манайх роялтиг /АМНАТ/ борлуулалтаас нь авч байгаа учраас улсы төсөв рүү орох байх, хүмүүсийн цалин болж очино гэсэн үг.
-Эдийн засаг агшаад, эсрэгээрээ төсвийн зарлага нэмэгдээд байгаа цаад шалтгаан нь юу байна. Ковидын хоёр жилийг оролцуулахгүйгээр шүү дээ?
-Төсөв бол жил болгон 30 хувиар өсч байна. Тэрийг дагаад иргэдийн төрөөс авч байгаа үйлчилгээний чанар, хүртээмж 30 хувиар өсөх ёстой. Гэтэл тэгэхгүй байна. Яагаад гэвэл ихэнх мөнгө нь Эрээн лүү гарчихаад байна. Өвөр Монголын эдийн засгийг дэмжээд байна. Манайхан чинь хөшөө дурсгал их барих юм. Болсон болоогүй соёлын ордон барих юм. Тэр зардлын чинь 40-50 хувь нь шууд гадагшаа гарчихаж байгаа шүү дээ. Барилгын материалаа импортоор авч байна, тэр нь өндөр үнэтэй байна. Зарцуулж байгаа дизель, тээврийн зардал гээд. Хэнтийд жишээ нь 600 тэрбумаар зам барьж байна л гэнэ. 300 тэрбумаар янз бүрийн хөшөө дурсгал барьж байна л гэнэ. Иймэрхүү зардал зөндөө байна, нураагддаг “Андлалын хөшөө” шиг. Төсвөөр хийж байгаа хөрөнгө оруулалтууд маань эдийн засагтаа шингэхгүй байна л гэсэн үг шүү дээ. Тэрний оронд Өвөр Монголд байгаа үйлдвэрлэгчид очоод, тэдний орлогыг нэмэгдүүлж байна.
-Төмөр замыг 3-4 жил барилаа, Дархны замыг зургаан жил барилаа. Тэр хооронд барилгын компаниуд цеменгүй болчихсон, барилгын ажил бүрэн зогслоо шүү дээ?
-Дотоодын үйлдвэрлэл сул байна. Хоёрт, хил хаачихсантай холбоотойгоор гаднаас түүхий эдээ татаж чадахгүй байна. Төрийнхөн бол дээрэлхээд татаж байна шүү дээ. Хувийн хэвшлийнхэн чадахгүй байна. Манай хил, боомтын нэвтрүүлэх чадвар ямар билээ. Тэнд хамгийн их өрсөлдөөн явагдаж байна. Төр түрүүлээд татчихна, хувийнхан хэдэн сараар хүлээдэг, тэр хооронд зардал ньталийчихдаг. Яагаад гэвэл манай орж ирж байгаа импортын барааны суваг нь хэтэрхий нарийхан байхгүй юу. Тэр нарийнхан сувгаар төрийнхөн дайрч, чихэж орж ирээд хувийнхандаа боломж өгөхгүй байна. Тэгээд төрийнхний хийж байгаа ажлын ихэнх нь тойргийн усалгаа. Үр өгөөжөө өгөхгүй, ашиг бий болгохгүй, харин ч эсрэгээрээ зардал бий болгодог л ажил хийж байгаа. Эдийн засгийг тэтгэх бүтээмж гэхээсээ илүү тухайн тойргоос сонгогдсон улстөрчийг дахин сонгуулах л хэрэгсэл болж байгаа. Тэгэхээр манай төсвийн хөрөнгө оруулалт буруу яваад байна аа л гэсэн үг. Яах вэ, хожигч нар байна л даа, харамсалтай нь дандаа хилийн чанадад байна. Хохирогч нар нь үндэсний үйлдвэрлэгчид байна. Нөгөө цөөн хэдэн доллар, юанийг нь ч гэсэн бас төр өрсөлдөөд авчихна, тэгэхээр үнэ өснө.
-Эрээнийнхэн, Өвөр Монголчууд бол “манайхан бол үнээ нэмээгүй шүү, танайхан л дамжуулахдаа нэмээд байгаа шүү” гэдэг?
-Үнэн үнэн. Хятадад инфляци хамгийн өндөр нь 2 хувьтай байгаа. Манайд бол албан ёсоор 14 хувьтай, бодитоор бол 40-50 хувьтай байгаа. Тэгэхээр чинь орж ирж байгаа импортын үнэ өсөлгүй яах юм. Хятадад бол тийм айхтар үнийн өсөлт яваагүй. Манай тээврийн зардал 3-4 дахин өсчихсөн, дээр нь юанийн ханш өсч байгаа учраас илүү их төгрөг өгөөд, тэр зардлаа үнэндээ шингээгээд байгаа. Тэгэхээр манайд байгаа үнийн өсөлт тээврийн зардал, юанийн ханшийн өсөлт хоёрт л байгаа.
-Тэгвэл үнийн өсөлтийг бууруулах боломж байхгүй гэсэн үг үү?
-Байгаа байгаа. Хил, боомтоо сайжруулах, либералчлах хэрэгтэй байхгүй юу. Одоо бол төр хамаг юмыг базчихаад, хил гааль чинь улам л хүнд сурталтай болоод байна шүү дээ. Үүнийг нь аль болохоор либералчлаад илүү шуурхай болгох, нэвтрүүлэх, тээвэрлэх чадварыг нэмэгдүүлэх ёстой. Манай бизнес эрхэлж байгаа хүмүүс төрдөө үг хэлж чадахгүй байна л даа. Төр нь тэд нарыгаа дээрэлхээд сурчихсан. Үг хэлэх юм бол татварынхан, АТГ-ынхан очоод айлгачихдаг. Тэгээд төрийн компаниуд, төсвөөс тендер авчихсан компаниуд нь түрүүлж орж ирээд байна. Энэ маань эргээд тээврийн зардлыг өндөр болгож байна, нийлүүлэлтийг хомс болгож байна. Юм хомс болохоор үнэ өснө л гэсэн үг шүү дээ. Төрийн байгууллагууд бизнес эрхлэгчиддээ, хувийн хэвшилдээ үйлчлэхэийн оронд улстөрчдөд үйлчлээд байгаа байхгүй юу.
-Өнгөрсөн долоо хоногт шүүх хурал нь хойшилсон Хөгжлийн банкны тухай ярья л даа. Шүүгдэгчээр оролцож байгаа 84 холбогдогч бүгд гэмт хэрэгтэн байсан уу? Эсвэл зүгээр бизнес эрхэлж байгаа хүмүүсийг аваачаад гэмт хэрэгтэн болгочихов уу?
-Би бас нэг холбогдогч нь байна л даа. Тийм болохоор энэ хэргийн талаар ярьж болохгүй. Прокурор дээр очоод нууц хадгалах гэрээнд гарын үсэг зурчихсан. Мөрдөн байцаалтын нууцыг задруулахгүй гээд. Манайх чинь аягүй балай хуультай шүү дээ. АТГ, прокурор бол дураараа хүнийг яллагаг, хэвлэлийн бага хурал хийдэг, гэтэл яллагдаж байгаа хүмүүс нь өөрсдийгөө өмөөрч ярьж болдоггүй. Ярих юм бол мөрдөн байцаалтын нууц задалсан гээд аваачаад хорьчихдог. Өөрсдөө бол дуртайгаа ярьж болдог.
-Таныг жишээ нь, яасан гэж яллагдагчаар татсан юм?
-Би бол нэг ч төгрөг идээгүй, нэг ч хүнд давуу байдал олгоогүй. Зүгээр л улстөржүүлж байгаа байхгүй юу. Зээлд гарын үсэг зурах ёстой хүмүүс нь бүгдээрээ зурсан. Харин зураагүй бол би өөрөө асуудалд орох байхгүй юу. Хүнийг санаатай хясан боогдуулж байна гэсэн үг шүү дээ.
-Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн байсан билүү?
-Тийм. Тэр эрх хэмжээндээ л ажилласан. Хөгжлийн банк чинь угаасаа эрсдэлтэй, том хөрөнгө оруулалтуудыг санхүүжүүлэх ёстой банк. Угаасаа бүгд л эрсдэлтэй байсан. Хоёрдугаарт, Хөгжлийн банкны санхүүжилсэн төслүүд дандаа мега том төслүүд. Тухайлбал, “Эрэл”-ийн Эрдэнэбат гэдэг хүнийг би бол буруутгадаггүй. Бүхэл бүтэн хорооллоор нь барьдаг үйлдвэр шүү дээ. Түүнийг авах чадвартай ганцхан худалдан авагч байгаа, тэр нь Засгийн газар. Гэтэл Засгийн газар нь “Би авна” гэж зээл авахуулчихаад 2016 онд гарч ирэнгүүтээ мурьчихсан. Тэгэхээр тэр хүн яах юм. “Эрэл”-ийн үйлдвэр чинь хороолол хорооллоор нь барьдаг үйлдвэр байхгүй юу. Германууд зээл өгчихсөн.
-Угсармал барилгын үйлдвэр биз дээ?
-Тийм. Тэрийг компани авч чадахгүй, хувь хүн авч чадахгүй. Тийм болохоор төр өөрөө мөнгө босгоод, гэр хорооллыг дахин төлөвлөөд, өөрөө худалдаж авах гэрээ хийж байгаад төрөө өөрөө мурьчихсан шүү дээ. Гэтэл “Аан, энэ чинь АН-ын хөтөлбөр юм байна. АН 90 мянган айлыг орон сууцтай болгосон, одоо энэ үйлдвэрийг ажилд оруулчихвал 200 мянган айл орон сууцтай болох юм байна, 2020 онд бид нар будаа болох юм байна” гээд шууд зогсоосон.
-Одоо тэгээд зээл авсан хүмүүс нь гэмт хэрэгтэн болоод явж байна?
-Энэ чинь төрийн буруу байхгүй юу, 100 хувь. Үүнийг хэлсэн хүмүүс нь буруутаад хоригдоод байна шүү дээ. Үндэсний үйлдвэрүүд нь зээлээ аваад босох гэхээр тэд нарыг яллаад байх юм. Тэнд хэн хожиж байна, Хятадаас импортолж байгаа импортлогч нар л хожиж байна. Тэд л илүү юмаа зарж чадаж байна шүү дээ.
Жишээ нь ноолуур байна. Түүхий ноолуур импортлохгүй гэнгүүт маш олон үйлдвэрүүд хөрөнгө оруулалт татаад яг ажиллах гэж байтал Засгийн газар “Түүхийгээр нь гарга” гээд өмнөх шийдвэрээ өөрчилчихөж байгаа юм. Манайд угаасан ноолуур, самнасан ноолуур хоёрын хооронд үнийн зөрүү аягүй бага. Тэгэнгүүт хятадууд орж ирээд нөгөө ноолуурыг чинь аваад, үндэсний үйлдвэрүүдийг нам унагачихаад гараад явчихдаг.
Нэгдүгээрт, Засгийн газар хятатуудад талтай бодлого явуулж байна. Хоёрдугаарт, популизм хийж байна. Малчдын ноолуурын үнийг өсгөж байна гээд үндэсний үйлдвэрүүдээ хохироож байна. Тэд нар нь Хөгжлийн банкнаас зээл авчихсан. Тэдэнд буруу байхгүй шүү дээ. Төр өөрөө “зөвхөн угаасан ноолуур гаргана шүү, түүхий ноолуур гаргахгүй шүү” гээд хэдэн жил явсан. Тийм л юм байх гээд хөрөнгө оруулалат татаад Хөгжлийн банкнаас зээл аваад хөдлөөд эхлэнгүүт нь “Одоо түүхийгээр нь гарга” гэдэг. Тэгэнгүүт хятадууд орж ирээд түүхий эдийг нь аваад явчихаж байна шүү дээ. Цемент ч гэсэн адилхан.
-Хятадууд манай улстөрчид, шийдвэр гаргагч нарыг хахуульдаад ийм шийдвэр гаргуулна гэж баймааргүй юм аа?
-Үгүй, тийм юм байхгүй. Хятадаас зөөдөг манай импортлогч нарын лобби л явж байхгүй юу. Яагаад гэвэл тэдний өрсөлдөгч нар нь үндэсний үйлдвэрлэгчид болчихоод байна.
-Та бол нэг үе АН-ын дэд дарга хийж явсан хүн, АН-ын гишүүн. АН сая арай гэж намын даргатай боллоо. Нөгөө намынхан ч гэсэн АН-ын албан ёсны дарга гэж хүлээн зөвшөөрч байгаа юм шиг байна. УИХ-ын дарга, МАН-ын дарга эд нартай уулзаад явж байгааг нь харлаа. Ингэхдээ “Авилга, хээл хахуультай тэмцэх Засгийн газрын бодлогыг дэмжиж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байна ” гэж танай намын дарга хэлсэн байна лээ. Таны байр суурь ямар байна?
-Яг өөрөө хэлсэн үү, өмнөөс нь Засгийн газрынхан хэвлэлийн мэдээгээ ингэж гаргасан уу, жаахан эргэлзээтэй л юм л даа. Яах вэ, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал хэцүү байна. Ийм нөхцөлд сөрөг хүчин гээд бүх юмыг сөрөөд байж болохгүй байх л даа. Дээр нь АН чинь албан ёсны даргагүй, хууль ёсны бүртгэлгүй хоёр жил гаруй болчихлоо. Яалт ч үгүй хууль хүчний, бүртгэлийн асуудал нь МАН-ын гарт байна. Тиймээс намаа цэгцлэх, дотоод эв нэгдлээ хангахын тулд засаг төр лүү яаран дайраад хэрэггүй гэж бодсон байх л даа. Одоо бол би намын дэд даргын ажлаа өгөөд, намын ажлаас хөндийрчихсөн байгаа л даа.
-Хэдийнээс?
-Өнгөрсөн есдүгээр сараас.
-Яагаад?
-Намын дүрэмд өөрчлөлт оруулаад олон дэд даргатай байхаа больсон л доо.
-С.Эрдэнэ даргын УДШ-д бүртгүүлсэн дүрмийн өөрчлөлтөөс болсон гэсэн үг үү?
-Тийм.
-АН засгийн эрх барьж байх үеэс байх, “Ардчилсан социализм гэдэг зүйл дэлхийг тэр чигээр нь нөмөрлөө, барууны бодлого гэж байхгүй боллоо, барууны намууд улс төрөөс гарч байна” гэж ярьж байсан. Одоо тэр байдал өөрчлөгдсөн үү? 10 гаруй жил өнгөрчихлөө шүү дээ.
-Дэлхийн улс төр, эдийн засгийн тогтолцоо сүүлийн жилүүдэд их донсолгоотой байлаа. Улс орон болгон өөрийн гэсэн улс төр, эдийн засгийн тогтолцоотой. Зарим нь илүү чөлөөтэй, капиталист талдаа, зарим нь илүү социалист талдаа. Туйлын социалист улс гэж байхгүй. Яахав, хойд Солонгос байгаа байх. Туйлын капиталист улс гэж бас байхгүй. Жаахан дөхөж очих нь Хонконг байсан, одоо бол Анли, Америк байж магадгүй юм. Бусад улстайгаа харцуулахад арай илүү барууны бодлоготой нь. Ихэнх улс орон энэ хоёрын дунд л байгаа. Хятад жишээ нь социалист улс гэж байгаа боловч эдийн засаг нь манайхааас илүү либерал. Манайх ардчилсан, чөлөөт зах зээлтэй гэж ярьж байгаа боловч эдийн засагт оролцох төрийн оролцоо маш их, бараг 50-60 хувьтай байгаа. Хятадынх гэтэл 20 хувь. Манайх нэрэн дээрээ чөлөөт зах зээлтэй, капиталист маягийн улс гэж байгаа боловч эдийн засагт оролцох төрийн оролцоо маш их. Одоо бараг социалист улс руу явж байна. Иргэдийн өрхийн орлогын бүтцийг харахад нийгмийн халамж асар их байна шүү дээ. Тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө гээд. Бусад улсууд бол бизнесийн орлого, цалин хоёр өрхийн орлогыг бүрдүүлж байна. Манайд бол зарим айл өрхүүд зөвхөн нийгмийн халамжаар амьдарч байна.
Ялангуяа 2007-2008 оноос дэлхий даяар “Чөлөөт зах зээл, глобалчлал гэж хэт туйлшрах нь буруу юм байна. Зах зээлд хэтэрхий их эрх чөлөө өгсөнөөсболоод моргейжийн хямрал боллоо. Төрийн захицуулалт хэрэгтэй юм байна” гэсэн байдлаар ярьж эхэлсэн. Зүүн тийшээгээ эргэж байгаа чиг байсан. Ялангуяа сая ковидын үеэд өр зээл тавьж байгаад өрхүүдээ дэмжсэн. Ихэнх улсууд бол зүүний маягийн бодлого явуулж байж ковидын ард гарлаа шүү дээ.
-Гэхдээ ковидын дараа нөхцөл байдал өөрчлөгдсөн биз дээ?
-Зүүний бодлого хэтэрхий ихдэхээрээ эдийн засгаа татаж унагачих гээд байдаг. Нийгмийн халамжийг гаргахын тулд бизнесийн орлого хэрэгтэй шүү дээ. Бизнесийн орлогогүй болчихвол Засгийн газар хичнээн халамж гаргах гээд яаж ч чадахгүй. Тийм учраас буцаад бизнесийнхэндээ эрх чөлөөг нь өгөх, тэднийг дэмжих хандлага руу орох боловуу гэж бодож байна. Тэгэхээс ч өөр арга байхгүй. Дэлхийн түүхийг харж байхад нэг хэсэг зүүн рүү чиглээд, дараа нь баруун руу чиглээд явж ирсэн байдаг. Тэгэхээр одоо буцаад барууны бодлого руу чиглэх болов уу гэж бодож байна. Сая жишээ нь Герман, Чех гэх мэт Европын орнуудад барууны намууд орон нутгийн сонгуульд илт давамгай ялж байна. Яагаад гэвэл барууны намууд бизнест эрх чөлөөг нь өгдөг, эдийн засгийн бодлогоо илүү либералчилж, юм хийж байгаа хүмүүсээ дэмждэг байхгүй юу.
-Засгийн газар саяхан л “Төрийн өмчийн компаниудаа хувьчилна, олон нийтийн хяналтанд оруулна” гэж ярьж байсан. Гэтэл яг хийх дээрээ ирэхээр шал өөр юм хийгээд байх юм. Хувьцаат компаниудад БЭТ томилж байна, Казиногийн хуулийг ярихдаа “Төрийн оролцоо хэдэн хувь байх юм бэ” л гэж ярьж байна. Бүх бизнест төр оролцох юм байна?
-Манай Засгийн газар ярьснаасаа их өөр юм хийж байгаа шүү дээ. Сонгуульд орохдоо “Татвар нэмэхгүй” гэсэн. Татварыг нэмчихлээ, Төрийн өмчийн компаниудаа задлаад нийтэд хувьцаа гаргана гэсэн, эсрэгээрээ баахан БЭТ томилчихлоо. ЭТТ дээр БЭТ томилсон, жижиг Тавантолгой дээр бас БЭТ томилчихлоо. Цаашаа хаана БЭТ тавих юм, мэдэхгүй. Өмчийг төрд булааж авах ажлыг бол маш сайн хийж байна. Үүнийгээ хийхдээ Сталины, Мао Зэдун, Гитлерийн үе шиг "эх оронч" гэдэг үгээр халхавчилж байна. Соёлын яам байгуулсан, 300 тэрбумын төсөвтэй яам. Ард түмэн гэж ярьсан, төрд бүгдийг авъя гэсэн хүмүүс. Салхитын ордоос хойш ийм жижиг тогтчихлоо шүү дээ. Төрд авч болно. Гэхдээ үүнийгээ хуулийн дагуу, шүүхийн оролцоотойгоор хийх ёстой шүү дээ. Тэгэхгүй, шууд булааж аваад байна. Үүний сул тал нь мөнгөтэй хөрөнгөтэй хүмүүс бүгд гадагшаа зугтана, дээрээс нь гаднын хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Хөрөнгө оруулалт орж ирэхгүй бол эдийн засаг тэлэхгүй, ажлын байр бий болохгүй, төгрөгийн ханш чинь улам тогтворгүй болно. Доллар, юанийн ханш өсөөд байгаагийн шалтгаан нь манайд орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт байхгүй болсны л шинж. Бид гадаадын хөрөнгө оруулалтаар дутагдаад, ангаж цангаж байгаагийн илрэл нь доллар, юанийн ханшийн өсөлт. Долларын ханш өсч байгаа чинь бол эдийн засагт илэрч байгаа зовиур. Цаад суурь шалтгаан бол хөрөнгө оруулалтын хомсдол.
Манайх шиг хөгжиж байгаа оронд бүх юм сайн сайхан явна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр нь нэг шалтаг гаргаад, “бүлэглэл” энэ тэр ярьж байгаад булаагаад авчихдаг. Гитлер еврей нарын хөрөнгийг яаж булаасан, Сталин фермерүүдийг яаж тоносон, Мао Зедун бизнесүүдээ яаж дээрэмдсэн, яг үүний араас манайх явж байна. Ийм нөхцөлд манайд яаж хөрөнгө оруулалт орж ирэх юм бэ. Сая өмнөд Солонгос руу маш олон хүн явлаа, хөрөнгө оруулалт тадаад сайхан юм хийнэ л гэсэн. Гэтэл манай хөрөнгө оруулалтын харилцаан дээр хамгийн том асуудал газрын асуудал байдаг. Байшин зарлаа, шилжүүллээ, газрын төлбөр төлнө, 30 хувь. Хайгуулын лиценз шилжүүллээ, хайгуул хийлээ, газрын төлбөр. Үүнийг арай жаахан либералчлаад, хөрөнгө оруулалтыг дэмжих гэж байсан чинь нэг сайд нь гарч ирээд буцаагаад татчихлаа. Газрын тухай хуулийн төсөл бол хүнд суртал, авилга, шантаажийг нь болиулчихсан, нэлээд боловсронгуй болчихсон хууль байна лээ. Гэтэл тэр нь таалагдахгүй байна шүү дээ. Гэх мэтчилэн Засгийн газар амаараа нэг юм яриад, үйлдлээрээ шал өөр юм хийгээд байна. Ерөөсөө учраа олохгүй байна.
-Ц.Даваасүрэн сайдыг л хэлээд байх шиг байна. Мэддэггүйн гай юу,эсвэл мэдсэр байж зорилготой хорлоод байна уу?
-Мэдэхгүй. Би бол сонгууль дөхсөн, зорилгтой хийж байгаа л гэж бодож байна. Ер нь л бодлогоо уншаагүй, ойлгоогүй байгаа байхүй юу. Шинэ сэргэлтийн бодлого гэж яриад байна, энэ бодлогыг чинь хэрэгжүүлэх юм нь ерөөсөө л хөрөнгө оруулалт шүү дээ. Одоо манай улсын төсөв сайнгүй байна. Зээл авах боломж хумигдмал байна. Ийм үед гаднын хөрөнгө оруулалтыг татаж байж л эдийн засгаа тэлэх ёстой. Гэтэл гаднын хөрөнгө оруулагчдын “Зайл” гэсэн шиг л бодлого явуулж байна. Жаахан асуудал гарангуут хөрөнгөийг нь хураагаад авчихдаг. Жаахан либерал хууль орж ирэнгүүт буцаагаад татаад авчихдаг. Тэгээд нөгөө авилга, хээл хахууль, шантааж нэхдэг юмнуудаа оруулах гээд чичирчихэж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Б.СЭМҮҮН