x

Х.Ганхуяг: З.Энхболд Монгол Улсын хаан болчихсон, “Женко” ард нь суучихсан байсан шүү дээ!

УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.

-Таны улс төрд орсон үе нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд байх үетэй холбогддог юм билээ. Анхнаасаа хувийн хэвшилд явсан хүн гэнэт улс төрийн “амьдрал”-ыг сонгож, сайдын зөвлөхөөр очсон шалтгаан юу байв?

-Яах вэ?, тухайн үед орон тооны бус зөвлөхөөр ажилласан байдаг юм. Мань нөхөрт маш олон орон тооны бус зөвлөх байсан юм шиг байна лээ. Улс төрд татаж оруулах гэж л тийм албанд хуваарилсан юм шиг байгаа юм. Түүнээс улс төрд орох сонирхол үнэндээ байгаагүй ээ. Орон тооны бус зөвлөх мөртлөө Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаман дээр ч очиж үзээгүй. Бизнес эрхэлдэг нэр бүхий залуучуудад орон тооны бус зөвлөхийн үнэмлэх тараагаад улс төр рүү хөтлөх сонирхол байсан юм болов уу? гэж одоо боддог юм. 

-Гэхдээ Та 2016 оны сонгуульд нэр дэвшсэн...?

-Гол шалтгаан нь Монгол Улс хэтэрхий жижигхэн. Эдийн засаг, нийгмийн амьдралын 70 хувь нь төрөөс хамааралтай. Үлдсэн 30-д нь хувийн хэвшил өөр хоорондоо өрсөлдөөд явдаг. Ардаа хэн нэгэн улстөрчтэй, өөрсдөдөө давуу байдал үүсгэсэн байдалтай. Ингэж явсаар төр, хувийн хэвшил бүхий олигархи бүтэц бий болоод бүгдийг хувааж авдаг тогтолцоо бий болчихсон байхгүй юу. 2016 онд нэр дэвшсэн шалтгаан ердөө л энэ. Нэг талдаа арилжааны банкууд нь төрийн дээр гараад суучихсан. Нөгөө талдаа улстөрчдийн гар хөл болсон хэсэг нь хуультай, хуульгүйгээр эдийн засгийг 100 хувь Төрөөс хамааралтай болгочихсон байсан юм. Цохихуулалтгүй орхисон цөөхөн хэдэн салбар нь өнөөдөр эдийн засгаа үүрээд явж байна. 

Ийм байдлаар засаглаад явбал өнгөт хувьсгал руу очно. Буцаад социалист, коммунист зах зээл рүүгээ орно. Уг нь чөлөөт зах зээл рүүгээ явах ёстой. Том утгаар нь дэлхийн өөрчлөлтийг хар даа. Нийтээрээ ногоон хөгжил рүү явж байна. Гэхдээ энэ бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хийсэн тархи угаалт шүү дээ. Тэр дагуу баруун Европ тэр чигээрээ нөхрийн хийг худалдаж авдаг байлаа. Цөмийн энергийг хүртэл эсэргүүцсэн. Нүүрсний цахилгаан станцуудыг бүгдийг нь хаасан. Хувь хүний үзэл бодолд дөрөөлсөн пи-араар эдийн засгийг удирдаад эхэлж байгаа байхгүй юу!. Өөрөөсөө хамааралтай болгож байгаа юм. Мэдээж Орос гэдэг орон энергийн түүхий эд зарж “амьдардаг” улс. Ийм бодлого явуулах нь тодорхой.

Гол нь баруун Европ тархиа угаалгаж байхад Монгол Улс тэгэх шаардлагагүй. Гэвч тэр номлолоор нь явлаа. Гадаадын хөрөнгө оруулалтыг хөөж гаргалаа. Манайд бий болохоор байсан энергийн эх үүсвэрийг бүгдийг нь хаалаа. Сүүлийн 32 жилд нэг ч цахилгаан станц бариагүй биз дээ. Хувийн хэвшлийн 15 мВт-ын цахилгаан станцаас өөр нэгийг ч барьсангүй. Ураны ордын нөөц нь дэлхийн ТОП-10-д багтдаг. Нэгийг нь ч ашигласангүй. Энэхүү нөлөөлөл нь явсаар байгаад сүүлдээ дэд бүтэц, төмөр зам руу орлоо. Гадаадын хөрөнгө оруулалтаа хөөгөөд гаргачихсан, экспортоо хийж чаддаггүй, зээлээр л амьдардаг болчихоод байна шүү дээ.

-Уг нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байх үед шинэ төмөр зам тэргүүтэй төслийг хөрөнгө, хүч хаяад эхлүүлсэн. Тухайн үед эдгээрийг хэлж, сануулах хэрэгтэй байсан юм биш үү? Ер нь орон тооны бус зөвлөхөөр ажиллуулах саналыг сайд нь өөрөө тавьдаг юм уу?

-Би өөрөө ч Х.Баттулга гэдэг хүнийг таньдаггүй байсан юм. Таньдаг ах маань “Чи сонирхох уу” гээд үнэмлэх өгч байсан. Түүнээс хойш нэг ч удаа уулзаж байгаагүй. Сайдын хувиар хэрэгжүүлж байгаа төслүүдийг нь хөндөнгөөс харж байсан. Дотроо бол Х.Баттулгыг эсэргүүцдэг хүний нэг нь би. Нөхцөл байдлыг харж, ажиглаж яваад сүүлдээ дуугарч эхэлсэн. Хамгийн сүүлд, 2016 онд Зандаахүүгийн Энхболдтой нэг тойрогт өрсөлдсөн шалтгаан нь ч тэр. Монгол Улсын хаан шахуу болчихсон, Женко ард нь суучихсан, тийм л нөхцөл байдалтай байсан шүү дээ. 

-2016 оны сонгуулийн өмнөх уур амьсгаын тухайд гуравдагч хүчний орон зайг нөхөх хамгийн боломжтой хувилбараар ХҮН гэж нам нэрлэгдэж байлаа. Та ч энэ намд гишүүнээр элсэж, сонгуулийн бэлтгэлээ базааж байсан цаг?

-ХҮН рүү орох болсон шалтгаан нь сонгуульд нэр дэвшинэ, гэхдээ хэнтэй өрсөлдөх үү? гэсэн сонголт байсан юм. Гишүүн нь болчихоод явж байсан чинь С.Ганбаатарыг намын дарга болгохоор нь шууд болчихсон. 

-Ээлжит бус Их хурлаа хийж, намын даргаар томилоод “За андгай” өргөснийх нь дараа гэсэн үг үү?

-Тийм ээ.

-Яагаад. Уг нь сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулах нь Таны гол зорилго байгаагүй гэж үү?

-Ойлгомжтой шдээ. Ерөөсөө л С.Ганбаатарыг дагаад явбал популистуудтай нэг хашаанд орох байсан юм. С.Ганбаатар гишүүн өөрөө зүүний, зүүний чиглэлийн хүн шүү дээ! Анхнаасаа миний үзэл бодол ч таарахгүй.

-2016 оны сонгуульд ХҮН-ын нэр дэвшигчид намын статусаар сонгуульд оролцох боломжгүй болохоос аль эрт Та гишүүнчлэлээсээ татгалзсан юм байна. Гэхдээ жил хүрэхгүйн хугацааны дараа буюу 2017 онд МАН-д гишүүнээр элссэн. Магадгүй дараагийн сонгуульд нэр дэвшихэд сонгогдох магадлал илүү өндөр гэж тооцсон уу?

-Ардын Намд элссэн шалтгаан тодорхой. 2012-2016 оны хооронд радикал, бүр экстремист зүүний бодлого хэрэгжүүлсэн. Чи өөрөө анзаарсан уу? үгүй юу?. Эдийн засгийг бүхлээр нь хаахыг нь хаагаад, зөвхөн өөрсдийн компанид зээл өгсөн. Гаднаас нь ч нэмж зээлэх зарчмаар явсан. Улс орон нь өөрөө ирээдүйгүй болж эхэлсэн. Тиймээс хувь хүнийхээ үүднээс улс төрийн зориг гаргасан. Ардын Нам сонгуульд ялсныхаа дараа энэ асуудлыг нэг нэгээр засч эхэлсэн. Валютын нөөцийг бүрдүүлэхээс эхлээд явсан. Тухайн үед МАН-ын удирдлагуудын зүгээс “Алсын хараа-2050”-ыг хиймээр байна. Чи оролцоод яв гэсэн. Хувийн хэвшилд ажилласан туршлага, төгссөн сургуулийнхаа түвшинд үзэл бодлоо илэрхийлэх боломжтой болохоор нь орсон юм. 

-Ингэхэд Таны үзэл баримтлал, үнэт зүйл яг юу юм?

-Зүүний төв талдаа орно. Зүүний төвийн төв гэх юм уу даа. Аливаа асуудалд хамгийн минимум байдлаар оролцох ёстой гэсэн байр суурь. Тэгэхдээ нийтийн үйлчилгээний салбар руу оролцох. Зохицуулалт талын оролцоо нь бага байх. УИХ-ын гишүүн болоод санаачилж, боловсруулж байгаа хуулийн төсөл нь ч тэр чиглэл рүү явж байна. Сая гэхэд Зөвшөөрлийн тухай хуулийг батлууллаа.

1600 гаруй зөвшөөрлийг 360 болгож буурууллаа. Зөвшөөрөл нь яг юун дээр байх ёстой вэ? гэдгээ л авч үлдэж байгаа юм. Тухайлбал, эрсдэлтэй үйл ажиллагаатай, нийтийн өмчийг ашиглахад зөвшөөрөлтэй байх ёстой. Эрсдэл баялаг, эрүүл мэнд, боловсрол гэх зэрэгт төр зөвшөөрлөө олгох учиртай. Бусад нь чөлөөтэй явж болно.

-Жишээ нь, нэр бүхий гишүүдийн хамт Банкны тухай хуулийг батлуулах шалтгаан нь энэ байсан уу?

-Банкны эзэд нь бизнес хийдэг болсон. Хамгийн их мөнгөтэй хэсэг нь. Хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр бизнес хийдэг. Өрсөлдөөний зарчим байхгүй. Одоо гарч байгаа хамаг том хулгайн ард банкны эздийн оролцоо байгаа биз. Банкны лицензийг чөлөөтэй олгож ирсэн дэлхийн туршлагыг харвал яг манайд болсон хадгаламж зээлийн хоршооны түүх давтагдах юм билээ. Хүмүүсээс хадгаламж татахын тулд өндөр хүү амладаг. Тэрийгээ буцаагаад өндөр хүүтэй зээлнэ. Зээлэхгүй бол ашигтай бизнес рүү хөрөнгө оруулна. Эдийн засгийн хямрал болохоор дагаад дампуурдаг. Яагаад гэхээр бүх салбарт мэргэжлийн тоглогч нар байгаа. 

Тэгэнгүүт банкууд нь унаад эхэлнэ. Тийм болохоор банкны нийт хувьцааны 20 хүртэлх хувийг олон нийтэд эзэмшүүлэх нь зөв гэж үзсэн. БНСУ-д гэхэд 1997 оны үед банкууд нь Төрийнхөө дээр гараад суучихсан байсан. Хямрал нүүрлэж эхлэхэд банкуудыг хувьчилж, либералчилсан. Хувьцаа эзэмшигч нь эргээд банкаа хянана. Тэнд төвлөрсөн мөнгийг хаа хамаагүй хөрөнгө оруулалт руу цацахгүй, банкныхаа үйл ажиллагаанд зарцуулна. Зээлийн хүртээмж нь сайжирч, хүү нь буурна. 

Ингээд харахаар коровины капитлизмын хамгийн том төлөөлөгч нь арилжааны банкууд байсан. Төрөө ч, улстөрчдөө ч, сүүлдээ хууль хяналтын байгууллагыг удирддаг. Үүнийг цэгцлэх шаардлагатай байсан юм. Дээрээс нь хувийн хэвшлийг төлөөлөх байгууллага удаан хугацаанд байхгүй боллоо. Хэтэрхий олон болсон гэх үү дээ?. Энэ нь сайн, муу хоёр талтай.

-Гэдэг нь...?

-Аялал жуулчлалын тухай хуулиар нэлээд том либералчлалын тухай яригдаж таарна. Жишээ нь, энэ салбарт 52 холбоо байна. Холбооны болгоны цаана нэг компанитай. Салбараа төлөөлөх чадваргүй гэсэн үг. Тийм учраас Худалдаа аж үйлдвэрийн танхимын хуулийг шинэчлэн найруулж өргөн барьсан. Бүх аж ахуйн нэгж байгууллагыг нэг дээвэр дор авчирна. Даргаа богино хугацаатай томилно. Ямар ач холбогдолтой юм гэхээр судалгаатай, нэгдсэн хувийн хэвшлийн төлөөллийн байгууллага бий болно. Төрөөс ирэх зохицуулалтыг багасгана. Ингэж байж эдийн засаг эрүүлжинэ. Ер нь Хөгжлийн банк, Засгийн газрын дэргэдэх тусгай сангуудыг болимоор байгаа юм. 

-Яагаад?

-Байгаад байгаа болохоор хэн нэгэн давуу талаа ашиглаад байна. Түүнийг тойрсон хардлага дуусахгүй.

-Засгийн газрын шийдвэрээр Тусгай сангуудыг нэгтгэх шийдвэрт хүрсэн?

-Одоогийн байдлаар 13 сан байна. Нэмээд Аялал жуулчлалын санг байгуулах гэж байгаа. Зорилго нь илүү олон жуулчдыг Монголд авчрах. Энэ бол байж болно. Бусдыг нь буюу бизнес хийхтэй холбоотой бүх санг болих хэрэгтэй. Монгол бол хэтэрхий жижигхэн орон. Буруу хандлага үүсэхээр бүр экстерим тал руугаа аваачдаг. Өнөөдөр Төрийн албан хаагч, улстөрчийн хамаарал бүхий этгээд бизнес эрхэлж болохгүй гэж байна. Жишээ нь, би бүх хамаатнаа танихгүй. Тэр хүмүүсийн буруу биш. Дундаас нь нэг улстөрч төрлөө гэхэд бараг буруутан болох нь.

Хамаатан байснаараа буруу биш. Гол асуудал нь зөвшөөрөл өгдөг албан тушаалтантай холбоотой. Хэн нэгэн хамаатан нь нөлөөлсөн гэдгийг гаргаж ирвэл Монгол Улс тэр чигээрээ асуудалд орно.

-Төрд албан тушаал хашиж байгаагийн хувьд мэдээлэлд ойр, давуу байдлаа ашигладаг байдлыг нь үгүй болгож, халах нь хуулийн зорилго юм биш үү?

-Тийм болохоор л тэрийг нь нэгмөр байхгүй болгох хэрэгтэй байхгүй юу. Яах юм. Тэр мөнгө нь банкууд эсвэл эдийн засагтаа эргэлдээд байж байвал зээлийн хүртээмж нь нэмэгдэж, хүү нь багасаад явна. Эдийн засаг нь илүү тэлж байж улс төрийн хамаарал, 70 хувьд нь зонхилж байгаа 70 хувийг 20, 30 руу оруулах ёстой. Төр, хувийн хэвшлийн тухай хууль УИХ дээр ороод ирчихсэн явж байна. Уул уурхайн салбарыг ангилахаар стратегийн гэж ангилдаг. Энэ хүрээнд захирлыг нь Засгийн газар томилдог. Ингэхээр алдаа дутагдал гарсаар л байна. 

-Таныхаар яах ёстой юм?

-Ашгийн төлөө, ашгийн төлөө бус гэж ангилаад явах хэрэгтэй. Ашгийн бус нь нийтийн үйлчилгээнийх. Хэд ч байж болно. Алдагдалтай ажилласан ч болно. Ус, хог зэргээр нийтэд үйлчилж байгаа учраас. Үүнийг төр нь өөрөө томилдог байж болно. Ашгийнх болоод ирэхээр ард түмний, татвар төлөгчдийн өмч болно. Төр биш нээлттэй сонгон шалгаруулалтаар иргэд өөрсдөө сонгоно. Түүнийг нь УИХ-аар нээлттэй томилдог байдлаар. ТУЗ-ийг нь ард түмэн сонгоод, захирлаа томилох эрхийг нь өгнө гэсэн үг. Яг л хувьцаад компанийн жишгээр. 

Өнөөдөр УИХ дээр ногдол ашиг тараах, тараахгүйн тухай хэлэлцүүлж, шийдвэр гаргуулах гээд байна. Маш буруу жишиг. Компани өөрөө шийдэг. Засгийн газар биш компани нь өөрөө нүүрс баяжуулах үйлдвэр барих, төмөр замаа тавих шийдвэрээ гаргаад яв л даа. Ингэж явах юмыг төр өөрөө оролцоод жонхууруулаад явчихсан байхгүй юу. Уг нь өөрсдөө шийдээд яваад төсөл, хөтөлбөрөөс орж ирэх татвараар төсвөө бүрдүүлээд, түүгээрээ хөрөнгө оруулалтаа шийдэх ёстой. Одоо бол ирээдүйд олох орлого, олборлох нүүрсээ хөрөнгө оруулалт руу төлөвлөөд яваа нь буруу гэдэг нь эхнээсээ нотлогдож байна. 

Өнгөрсөн жилийг хүртэл төрийн менежмент хамгийн сайн гээд явсан. Харин өнөөдөр яав. Буруу тийшээгээ явааг харлаа. Төрийн менежмент өөрөө ухаантай байж чаддаггүй. Дандаа хоцорч явдаг. Аль болох бага болгож байж цаашаа явна.

-Төрийн өмчит компаниудын ТУЗ нь өөрөө сонгуулиар ялсан намуудын бялууны зүсэм хүртээх байдлаар явж ирсэн нь өнөөдрийн нөхцөл байдлыг үүсгэх гол зангилаа нь болсон байх?

-Ийм байдлаар хэзээ ч хулгай зогсохгүй. Хэн нэгэн нь оролцож, нөлөөлж л байвал хулгай зогсохгүй. ТУЗ-ийг хараат бусаар олон нийтийн оролцоо томилчих. Алдаа дутагдал гаргавал хууль хяналтын байгууллага нь өөрөө зохицуулна. Дарга нарыг нь Засгийн газар томилоод л байвал томоохон авлигыг хэргүүд байсаар л байна. Тэрний, энэний хүн гээд явна. Хувийн хэвшил нь ажлаа хийдэг байх ёстой. Том гүрний дэргэдэх жижиг улсын зовлон их. Бусад орныг зүүний, тэр дундаа ногоон хөгжлийн үзэл баримтлалаар тархийг нь угаасан бол манайд ямар байдлаар угаав? Ерөөсөө л эх оронч үзлээр угааж байна. Гэтэл тэр нь эх оронч байж чаддаггүй. Эх оронч үзэл гэдэг тоогоор илэрхийлэгдэх ёстой. 

Нэгэнт төр зөвшөөрөл өгөөд явж байгаа бол эрх ашгийг нь хамгаалдаг байх ёстой. Хэн нэгэн этгээд очоод зогсоодог байж болохгүй. Ингэж байж ажлын байр бий болно. Хамгийн гол асуудал нь иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд төр ажиллах ёстой. Ойр газарт нь цэцэрлэг, сургуулийг нь барих, утаагүй болгох, түгжрэлийг бууруулах зэргээр. Ингэхийн тулд мөнгө хэрэгтэй. Тэгэхийн тулд эдийн засгаа тэлэх ёстой. Гаднын хөрөнгө оруулалтыг татах учиртай. Улстөрчдийн хийх ёстой ажил нь энэ. Эхлээд утааг бууруулна, дараа нь түгжрэлийг шийднэ гэж болохгүй. Салангад явдаг процесс биш. 

-Улстөрчдийн хийх ёстой ажил гэлээ. Энэ бүгдийг шийдэж, гарц олох хүний нэг, хууль тогтоогч нь Та өөрөө шүү дээ?

-Тийм болохоор л өөрийнхөө батлуулсан хуулиудыг тайлбарлаад байгаа юм. Эдийн засгийн гол гэсэн хуулийн төслийн Ажлын хэсгүүдэд орж ажиллалаа. Төр яг юуг зохицуулах ёстой юм гэдгийг тодорхой болгосон хуулийг баттууллаа. Танхимын хуулийг хийж байна. Аялал жуулчлалын хууль дээр ажиллаж байна. Гэх зэргээр эдийн засгийн зохицуулалттай холбоотой хуулиудад ажиллаад явж байна. Мэдээж хангалттай биш. Энэ бүх үзэл баримтлалыг иргэдэд ойлгуулж, тэднээс дэмжлэг авч байж явна. Зүрхэн дээрээ дэлсээд, лайв хийхээрээ эх оронч болдоггүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Ардаа ямар нэгэн том санхүүжүүлэгчгүй болохоор олон нийтэд төдийлөн хүрэхгүй байна. Эх оронч гэдэг үзэлтэй нөхдүүдийн ард том санхүүжүүлэгч нар байна. Дотор нь задалж, бутаргадаг, хувийн хэвшлийн үйл ажиллагааг зогсоодог, төсөл хөтөлбөрт төрийн оролцоог нэмэгдүүлдэг зорилготой. Тийм учраас миний дуу хоолой хүрэхгүй байна.

-Таны хувьд шар айраг борлуулахаас эхлээд уул уурхайн хүнд машин механизм, үргэлжлүүлээд барилгын салбар руу орсон зэргээр бизнес талаасаа дандаа өссөн үзүүлэлттэй явсан юм билээ. Харин намын гишүүнээр элсэж, бүр УИХ-ын гишүүн болсноор юу өөрчлөгдөж байх юм?

-Яах вэ, миний улс төрөөс больё, зодог тайлъя гэвэл хэзээ ч боломжтой. Яагаад энд байгаагаа яриад байгаа шалтгаан нь ч энэ. Бизнесийн, хувийн хэвшилд ажиллана гэдэг нь дандаа ёс зүйгээр явдаг талтай. Тохирсон бол түүнийгээ биелүүлдэг. Тэгж байж удаан хугацаанд оршин тогтноно. Дахиад хэлье, монголчууд цөөхүүлээ. Нэг удаагаа залиллаа гэхэд хоёр дахиа боломжгүй. Тийм учраас шударга, хэлсэндээ хүрдэг байх хэрэгтэй. Энэ нь өөрөө миний амьдралын зарчим. Ерөнхий сайдын санаачилсан “Алсын хараа-2050” бодлогыг анхнаас нь хамтдаа бичилцсэн болохоор түүндээ хүрэх л ёстой.

Дэн Сяопинийн хэлсэн үг байдаг. “Доллар ногоон байна уу?, улаан байна уу? хамаагүй. Тэр бол доллар” гэж. Миний хувьд хамаатай байхгүй юу. Социалист, коммунист нийгмийг байгуулж байгаа болохоор хэлсэн үг байх. Гэхдээ хамаатай. Уулын оргилд хүрэхэд аль замаар явах уу? гэдэг нь өөр. Зам нь тодорхой боловч яаж очих уу? гэдэг нь чухал. Үүн шиг бүгдийг нь төрөөр хийлгээд цалин аваад явах уу? гэдэг нь нэг л зам. Нэг хүнд ногдох ДНБ нь 12 мянган ам.доллар, хажууд нь цэцэрлэг, сургууль барьж өгнө гэсэн зорилго тавьчихсан байгаа шүү дээ. 

Гол нь түүнд хүрэх аргачлал нь олон. Бүгдийг нь үү? эсвэл аль нэг хэсгийг нь төрөөр хийлгэх үү? Бүгдийг нь нийгэмшүүлээд төрийн албан хаагч тавиад явах уу? Зөвхөн нийтийн үйлчилгээг эрхлээд хувийн хэвшилдээ эрх чөлөөг нь өгөх үү? гэдэг нь л асуудал. Хувийн хэвшил, хүний эрх чөлөөг адилхан түвшинд боддог байхгүй бол болохгүй. 

Маш инээдтэй нэг жишээ дурдъя. Хүний амьдарч байгаа орон сууц, үйлчлүүлж буй зочид буудлын өрөө, гэр, майханг халдашгүй орон зайгаар авч үзэх заалт хуульд бий. Гэтэл тэнд нь “дэн буудал” гэдэг үг оруулаагүй юм билээ. Үүнээс болж, сэтгүүлч, цагдаа нар дуртай үедээ дэн буудалд очиж, хаалга үүдийг нь эвдэж ороод лайв хийж байна. Чи архи уусан байна, эмэгтэй хүнтэй хамт байна гэсэн зүйлийг хийгээд байгаа юм. 

-Хуульд “Дэн буудал” гэсэн үгийг нэмчихвэл тийм асуудал үүсэхүй гэсэн үг үү?

-Орж чадахаа болино. Хуулийг яаж мушгиж болдог жишээ нь энэ. Төрийн оролцоог багасгасан, хүний эрх чөлөө, хувийн өмчийг хамгаалсан заалтыг хуульдаа тусгахгүй бол дандаа цоорхойтой юм хийдэг ганцхан жишээ нь. Хуульчид анхаараарай л гэдэг. Яг үнэндээ хуульчид амьдрал мэддэггүй юм. Мэддэг байсан бол 32 жил бичлээ шдээ. Албаар цоорхой хийнэ.

-Уг нь боловсруулахаас эхлээд батлуулах хүртлээ нийгмийн шаардлага, бодит амьдралд нийцүүлэх нь тухайн хуулийн үндсэн агуулга...?

-Төрийн зохицуулалт байна аа л гэдэг нь хэн нэгэнд зориулж, хуулийн цоорхойтой хийж буйгаас өөрцгүй. Төрийн оролцоог нь аль болох бага болгож, бичээд байж тухайн хууль шударга болно. Хэн нэгэнд зориулсан цоорхой нь байхгүй болно. Яагаад “Дэн буудал” гэдэг ганцхан үгийг оруулаагүй өнөөдрийг хүрсэн юм. Улаанбаатарт 200 гаруй дэн буудал байдаг юм билээ. Цагдаа нар нь очиж татвар авдаг юм байна. Орсон хүмүүсийг нь торгодог юм байна. 

-Санаатай, санамсаргүйгээр оруулаагүй гэж үү?

-Энэ бол нэг л жишээ. Хүмүүс либерал гэж ярих дуртай. Барууны үзэл баримтлалтай улс төрийн нам ч манайд цөөнгүй. Тийм атлаа үзэл баримтлалаа ерөөсөө ярихгүй байгаа биз. Зөвхөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт яриад байна. Ярьж болно, асуудалгүй. Гэхдээ эрх мэдэл булаалцалдсан хууль ярьж болохгүй. Анзаарсан бол УИХ-д оруулж ирж байгаа хуулийн төслийн олонхи нь эрх мэдэл булаацалдсан байгаа. Хэн хэнийгээ томилох вэ? Эсвэл зөвхөн өөрийнхөө намын гишүүдийн тоог нэмэгдүүлэх тухай. Орж ирж байгаа хуулиуд нь зүүний, зүүний үзэл баримтлалаар орж ирээд байхад дуугардаггүй шүү дээ. Уг нь дуугарч байх ёстой байхгүй юу. 

Хувь хүний орлогын албан татварыг нэмэгдүүлэх төслийг би ганцаараа эсэргүүцсэн. Боловсролын багц хуулийн хэлэлцүүлэг хийж байна. Хувийн хэвшлийг нухчин дарга гээд ярьж байна. Хөрөнгө оруулалтын хууль гэж гаргаж ирээд хөрөнгө оруулагчдыг хөөж гаргасан. Зөвхөн хууль гэлтгүй зэрэгцүүлээд пи-ар явуулсан. Орлоготой, арай илүү цалинтай хэсгээс нь татвар авна гээд оруулаад ирлээ. Үүнд барууны үзэлтэй намууд, либерал үзэлтэй хүмүүс нь дуугарах ёстой биз дээ. Үзэл баримталын чиглэлээ ярьдаг, иргэдэд таниулахгүй бол буруу, социалист тал руугаа явах гээд байна.

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд МАН-д үе солигдох, шинэ үе нь бодлого тодорхойлох үйл явц эрчимтэй явлаа. Одоо Үндсэн хуульд “гар хүрэх” замаар тогтолцооны өөрчлөлт хийх асуудлыг ил тод ярьж байна. Таны хувьд энэхүү процессын аль шугаманд нь зогсож байна?

-Гишүүдийн тоог нэмэх асуудал байж болно. Түүнээс бусдыг нь одоогийн байдлаар дэмжихгүй байр суурьтай байгаа. Уг нь нэмж төрийн өмчит компани байгуулахгүй, засаглалыг нь сайжруулах тухай тогтоолын төслийг өргөн барьсан. 2021 оны нэгдүгээр сард өргөн барьсан. Ер нь төрийн оролцоог багасгах, хувийн хэвшлийг түлхүү дэмжих лобби бүлэг байгуулна гэж бодож байна. Энэ бүхнийг хийж хэрэгжүүлэхээс дарга, цэргийн зодоонд оролцох бодол алга. Сонирхол ч байдаггүй. 

Гишүүдийн тоог нэмэхийн хувьд зөв байж болно. Гэхдээ илүү мэргэжлийн болгох тал руугаа явах нь зөв. Засгийн газрын гишүүн нь 20 гаруй хүн болоод явчихаар цаана нь үлдсэн УИХ-ын 50 орчим гишүүний нэг нь 4-5 Ажлын хэсэгт орж байгаа юм. Дээрээс нь хоёроос гурван Байнгын хороонд харьяалалтай. УИХ-ын гишүүн гэдэг өөрөө ард түмний төлөөлөл мөртлөө тухайн салбарын мэргэжилтэн болох ёстой юм. Жишээ нь, Эдийн засгийн байнгын хороонд оруулж ирж байгаа хуулийн төсөлтэй танилцаад өнгөрөх биш шаардлагатай бол судалгаа хийх, олон нийттэй уулзах хэрэгтэй. Чуулганы эхлэхээр тийм боломж нь хязгаарлагдмал болчихдог юм. Яагаад чуулган завсарласан үед хэлэлцүүлэг хийдэг шалтгаан нь тэр. 

Өнөөдрийн байдлаар гэхэд миний хувьд хоёроос гурван хуулийн төсөл ахлаад явж байна. Шаардлагатай судалгааг нь хийлгүүлээд холбогдох хүмүүстэй нь уулзаж байна. Хууль гэдэг маань өөрөө 10-20 жилийн амьдралын хэм маягийг тодорхойлдог учраас.

-Цэг, таслал нь хүртэл тодорхой зохицуулалт, агуулгыг илэрхийлдэг?

-Маш хянуур хандаж явах ёстой. Одоогийн нөхцөл байдлын тухайд гишүүд хуулиудад нягт хандах боломж нь хомс. Магадгүй нэг гишүүн нэг л Байнгын хороонд харьяалагдаад явах зарчим зөв. Эдийн засгийнх нь тэндээ, Боловсролынх нь тухайн хороондоо явдаг байх хэрэгтэй. Гаднын ихэнх парламентын зарчим ийм байдаг. Ингэхдээ Байнгын хороодоо салбарын яамдынх нь тоонд нийцүүлж байгуулдаг. Засгийн газар хууль хэрэгжүүлэх үүрэгтэй. УИХ-ын Байнгын хороо нь салбарын хуулийг баталж, хэрэгжилтийг нь хянаад явах л ёстой. Илүү мэргэжлийн, хяналтаа тавиад явна. Тэгэхгүйгээр нэг Байнгын хороонд олон асуудлыг төвлөрүүлэхээр хяналтаа хэрэгжүүлж чадахгүйд хүрдэг. 

-Нүүрсний хулгай тойрсон асуудалд ямар байр суурьтай байгаа вэ? Лав энэ парламентаас цөөнгүй гишүүн холбогдоод байна?

-Хэзээ вэ? гэдэг асуудал байсан. 2016 оноос эхэлж ярьсан байх шүү. Монгол Улс яагаад нарийн царигаар төмөр зам тавиагүй юм. Одоо л ойлгож эхэлж байна. Барьсан төмөр замаараа хүртэл нүүрсээ гаргаж чадахгүй байна. Ганцхан Женко гэдэг хүн алсыг харчихаад нэвтрүүлэг хийсэн гэж бодохгүй байгаа юм. Манай нэг том хөршийн заавраар судалгаатай, пи-ар, юутай айтай нь санхүүжилт гаргаж хийсэн гэж боддог. Хувь хүнийхээ хувьд шүү. Өнөөдөр нэг ч цахилгаан станц ч алга. Нэг сая ам.доллараар барьдаг төмөр замыг таван сая ам.доллараар барьсан ийм нөхцөл байдалтай байна.

Яагаад 2008-2011 онд хэд хэдэн удаа тендер зарлаад, томоохон компаниуд оръё, баяжуулах үйлдвэр баръя, төмөр зам тавъя гэж санал тавихад зөвшөөрөөгүй юм. “Тавантолгой уурхайг Танд үлдээлээ” гээд нэг нөхөр том пи-ар хийсэн, өөртөө л үлдээчихсэн юм билээ шдээ. Өөрөө хамгийн том ажил авчихсан. Төрд авах гээд байдаг сонирхол нь өөрөө нөлөөлөх гэсэн зорилготой л байдаг юм. Тиймээс л ТУЗ-ийг нь хараат бусаар томилох ёстой. Тэгж байж гишүүн, сайд дарга нар нь нөлөөлөх боломжгүй.

-Яг Таны хэлээд байгаа зарчмыг “Эрдэнэс Монгол” компанид хэрэгжүүлээд байгаа юм биш үү?

-Тэр бол ажилчдын сонгон шалгаруулалт байна лээ. Миний асуудал болохоор ТУЗ нь хараат бус байх ёстой. Захирлаа сонгон шалгаруулах хороо гэж байна. Ерөөсөө л гурван хороо байдаг юм. Сонгон шалгаруулах, цалин урамшууллын, аудитын гэж. Удирдах албан тушаалтнаа томилно, цалин урамшууллаа тогтооно, аудитыг алга байгууллагаар хийлгэх үү гэдгээ сонгоно. Өнөөдөр тогтсон хамгийн зөв зарчим нь энэ. Энэхүү засаглалыг ашгийн төлөө төрийн өмчит компаниудад бий болгож байж эрүүл тогтолцоо бий болно. 

-Эрчим хүчний төсөл дээр хоёр улсын Засгийн газар хооронд тохиролцоод ажлаа явуулъя гэхээр эсэргүүцэж, гацаадаг хэсэг гараад ирдэг?

-Асар их хэмжээний тархи угаалт явуулдгийг илрэл. Жагсаахаас гадна нийгмийн сүлжээгээр эсэргүүцдэг. 

-Танай танхимд ч ийм дүртэй гишүүд цөөнгүй байгаа?

-Ийм шалтгаанаар Хөрөнгө оруулалтын хуулийг оруулж ирсэн юм. Босгыг нь намсгая, хөрөнгө оруулалтаа татъя, томоохон хөрөнгө оруулалтаа яръя гэсэн. Гэтэл ярих, уулзах хүн байхгүй байна. Гадаадын хөрөнгө оруулалтын агентлагийг гурав салгачихсан байхгүй юу. Үйлчилгээний нэртэй бүртгэл хийдэг ганцхан цэгтэй. Яадаг гэхээр нэг нь Гадаад хэргийн яам, Сангийн яам, үлдсэн нь хөрөнгө оруулалт хийх салбарын яам гээд гурван салаа уулзалт хийдэг.

Тэгэхээр тухайн хүн яаж шийдвэр гаргах уу? Гадаад хэргийн яам уулзах ч үгүй. Үйл ажиллагаан нь улс төрийн, энэ цаг үетэйгээ нийцэж явдаггүй. Агентлаг нь байж хүмүүсээ урьдаг, үзүүлдэг зарчимтай. Тэгж харж Хөрөнгө оруулалтын хуулийг оруулж ирсэн. Гэтэл хятадуудыг оруулж ирэх гэж байна гээд дайраад зогсоосон. Ийм л схемээр явдаг. Мэдээж тодрох гэсэн улстөрчдийн амбийц бий л байх. Гэхдээ дотоодын гэхээсээ гаднын санхүүжилтээр явдаг асуудал. 

Манайд хэрэгтэй, импортыг орлох бүтээгдэхүүн, экспортыг нэмэгдүүлэх асуудал явдаггүй шалтгаан энэ. Хамгийн гол нь дэд бүтцийн салбар хөгждөггүй. ОХУ, БНХАУ гэсэн хоёр том хөрштэй Монгол Улс нэгэнтэй нь төмөр замын интеграцид орсон байвал нөгөөтэй нь шууд хязгаарлалтад орж байна. Өргөн, нарийн царигийн хэрүүл хийгээд зогсоочихож байгаа юм.

-Таныхаар эх оронч үзэл гэж яг юу юм?

-Нэгдүгээрт, эх орондоо хэрэгтэй юм хийх. Хоёрдугаарт, прагматик байх ёстой. Ногоон хөгжил нэрийн дор зөвхөн сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг л ярьж байна. Гэтэл тэдгээр нь дандаа үнэтэй байдаг. Дараагийн шатны асуудал. Ногоон хөгжил гэдэг нь чинь хойд хөршийн хийж байгаа пи-ар. Тийшээ гүйж орж болохгүй. Нүүрсний, цөмийн цахилгаан станцуудаа барих ёстой. Тэгж байж утаагаа бууруулна. Дараа нь хоёр, гуравдахь асуудлаа ярьж болно. Тэгэхээр тоогоо л бодох хэрэгтэй. Төрийн оролцоогоо аль болох багасгах хэрэгтэй. Гаднаас сайн санхүүжилт тат. Иргэдээ ажилтай, орлоготой болох боломжийг нь бий болго. 70 хувь нь төрөөс хамааралтай болохоор залуучуудад нэг бол төрд орох, танил тал байхгүй бол гадагшаа явах сонголт л байна. Хувийн хэвшлийнхэн мянга сонгон шалгаруулалт зарлаад хүн олдохгүй. Яагаад гэхээр эрсдэлтэй. Бага зэрэг ажиллаад явахаар дампуурах эрсдэлтэй. Татвар нь дуртай үедээ дансыг шалгана. 

Өнөөдөр чамд эрх чөлөө байхгүй шдээ. Хаана юу хийж явааг чинь бүгдийг нь мэднэ. Хууль хяналтын байгууллага хүн бүрийн утсыг сонсож байна. Хэрэглэх үед нь гаргаж ирнэ. Социализм руугаа буцаад орж байна. Үүнийг ярихгүй юм уу? Хүн бүр утсаар ярихаас айж байна. Хүний эрхийг хамгаалахгүй байна. Шүүхээр шийдвэр гарсан тохиолдолд дараагийн арга хэмжээг авах ёстой биз дээ!

Хөгжлийн банкны асуудал байна. Ямар ч асуудалгүй. Гэхдээ зөвхөн төрийн албан хаагчид дээр ярих ёстой байсан юм. Зээлдэгчийн мэдээлэл нууц байх ёстой байхгүй юу. Яагаад өнөөдөр орон даяар яриад байгаа юм. Төлөгдөөгүй зээлийн тухай ярих ёстой байхгүй юу. Төлөгдсөн зээлийг яагаад яриад байгаа юм, хувь хүний нууц шүү дээ. Төлчихсөн бол хуулиар хамгаалалттай асуудал. Сонсголыг шүүмжилж байгаа юм биш, зөв. Гэхдээ хувь хүний эрх чөлөөтэй холбоотой асуудал. Бизнес хийх, хувь хүний эрх чөлөө нь байхгүй байхад цаашдаа яаж амьдрах юм.

-Хөгжлийн банкны зээлийн тухайд тийм арга хэмжээ авахаас өөр сонголтыг үлдээгээгүй юм биш үү? Улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнуудыг зарлаж байж сая нэг зээлийн эргэн төлөлтийг хийлгэж, “сэхээ” авч, хэвийн үйл ажиллагаа явуулах хэмжээнд хүрсэн нь ил тод явсан асуудал?

-Төлөгдсөн зээлийг нэг ангилалд оруулаад хаалгыг нь хаах ёстой байсан юм. Төлөхгүй, төлөгдөөгүйг нь ярих хэрэгтэй гэсэн үг. Төлөхгүй байна гэдэг нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, барьцаагүй, хоёрдугаарт, хүү багатай авчээ гэсэн үг. Би бол нээх гайхаагүй. Хөгжлийн банканд тэр болгон нөлөөлөөд зээл авчихсан юм байхгүй шүү дээ. Эрүүл бизнесийн хүрээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэнд нь бол өгч байгаа юм. Гол нь ямар ч банкны зээл, мэдээллийг ил ярьж болох уу гэдэг нь л асуудал. Хугацаандаа зээлээ төлөөд яваа юмыг ярих шаардлагагүй гэдгийг л хэлээд байгаа юм.

-Та өөрөө 33 тэрбумын зээлд нэр холбогдсон болохоор ингэж яриад байна уу?

-Тухайн яриад байгаа цаг хугацаанд би УИХ-ын гишүүн биш оюутан байсан юм. Тэр компани нь минийх ч биш. Хэвлэлээр нийлүүлж бичсээр байгаад гоё “стори” болгоод дайрсан.

-Хоёр дахь сонсголд Та гэрчээр дуудагдсан уу?

-Уг нь гэрчээр оръё гэсэн. Оруулахгүй юм шиг байна лээ. 

-Аялал жуулчлалын тухай багц хуулийг дагалдуулаад Казиногийн хуулийг оруулж ирж, өргөн барьсан. Монгол Улс 1998 онд анх удаагаа Казино байгуулах хуулийг баталсан ч төд удалгүй хүчингүй болгосон түүхтэй. Улмаар УИХ-ын гурван ч гишүүнд ял тулгасан байдаг. Өнөөдрийн нөхцөлд Монголд казино байгуулах хөрс суурь нь бий болсон уу?

-Хоёр том диктатуртай гүрний дундаас Монгол Улс ялгарах гол шалтгаан нь чөлөөтэй байх. Тэр чигээрээ чөлөөт бүс болсон ч яадаг юм. Хоёр хөршийнхөө иргэдийн мөнгийг хадгалдаг банкуудыг нь нээе. Манай арилжааны банкуудад мэдээж итгэхгүй. Тэгэхээр гаднын банкийг оруулж ирье. Манайд ирж мөнгөө хадгалуулж, үрдэг больё. Ингэж байж хөгжинө. Тэгж байж манайд хандах хандлага нь өөр болно. Аль нэг тал руу нь хэлбийгээд байвал нөгөө тал нь дургүйцнэ. Казино өөр юу байдаг юм бүгдийг нь хий л дээ. Ингэж байж л аюулгүй байдлаа ч давхар хамгаална. Өөрсдийнх нь мөнгийг хамгаалж, хадгалаад байвал манайд арай өөр хандана. 

-Тэр болтол тодорхой цаг хугацаа, дотоодын улс төрөө даах шаардлага гарах байх?

-Ойлгуулах л хэрэгтэй. “Алсын хараа-2050” гэсэн зорилт ч байна.

-Бодлогын баримт бичиг биш үү?

-Бодлого буюу зорилго. Яаж тухайн цэгтээ хүрэх вэ? гэдгээ тодорхойлж ярих цаг нь болсон. Түүний эхлэх нь Аялал жуулчлалын багц хууль, Казино. Цаашаагаа улам төрөлжүүлээд явах юм.

UZEG.INFO

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 17 цаг 30 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 17 цаг 30 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 18 цаг 59 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 19 цаг 27 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 19 цаг 35 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 19 цаг 44 мин 1968 оны Чехословакийн хавар 20 цаг 12 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 20 цаг 26 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 22 цаг 0 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 22 цаг 9 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 22 цаг 30 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 23 цаг 20 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 23 цаг 30 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top