Монголын төмөр зам ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү шинээр баригдах төмөр зам болон Тавантолгой-Зүүнбаягийн төмөр замын ачаа тээвэрлэлтийн талаар мэдээлэл өглөө.
-Өнөөдрийн байдлаар манай улсын үндэсний төмөр замын сүлжээ өргөжин тэлж байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1км төмөр замыг танай компани гүйцэтгэсэн. 2023 онд танай компани ямар бүтээн байгуулалтад оролцох вэ?
-Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Боомтын сэргэлтийг чухалчилж үзэж байгаа. Энэ хүрээнд Монголын төмөр зам ТӨХК-ийн хувьд 2022 оны сүүлийн хагас жил, 2023 онд бүтээн байгуулалтын ажил эрчимтэй байна.
Засгийн газраас баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замын концессын эрхийг Монголын төмөр зам ТӨХК-д олгосон. Үүний дагуу энэ жил Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замыг барих бэлтгэл ажил бүрэн хангагдсан.
Эхний ээлжид Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замыг барихаар төлөвлөж байгаа. Шивээхүрэн-Сэхээ боомтын хувьд ч мөн ялгаагүй. Эхэлж хил холболтын төмөр замаа барина. Тухайн бүтээн байгуулалтын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам Хятадын талтай тохиролцон, Монголын төмөр зам ТӨХК долдугаар сард эхний тээврийг явуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Боомтын сэргэлтийн том үр дүн дээрх асуудал дээр гарах ёстой.
Хоёрдугаарт, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх замаар гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа.
-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын зүгшрүүлэх тээвэрлэлтийг өнгөрсөн оны гуравдугаар сард эхлүүлсэн. Өнөөдрийг хүртэл хэр их тээвэрлэлт хийсэн бэ?
-2022 оны гуравдугаар сард зүгшрүүлэх тээвэрлэлтийг эхлүүлж, 729.5 мянган тонн ачаа тээвэрлэсэн байна. 99.2 мянган тонн сайжруулсан шахмал түлшний эд-мидлинг тээвэр, 133.6 мянган тонн экспортын нүүрс, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ачаа 435.9 мянган.тонн, 60.8 мянган тонн орон нутгийн тээвэр, хоосон чингэлгийг зөөсөн.
Түүнчлэн зүгшрүүлэх тээвэрлэлтийг гүйцэтгэхийн зэрэгцээ төмөр замын дохиолол, төвлөрүүлэлт, холбооны байгууламжийн барилга угсралтын ажлыг иж бүрэн дуусгаж, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах боломжтой болсон. Техникийн комисс 2022 оны арванхоёрдугаар сарын 26-27-ны өдрүүдэд ажилласан.
-Тээвэрлэлт 2023 он гараад хэвийн үргэлжилж байгаа юу?
-2023 онд ч мөн адил зүгшрүүлэх тээвэрлэлт үргэлжилж байгаа. Нийслэлийг утаагүй түлшээр хангах нийгмийн хариуцлагын хүрээнд Тавантолгой түлш ХХК-ийн 36.4мянган тонн сайжруулсан шахмал түлшний түүхий эд-мидлингийн тээвэрлэлтийг хийсэн байгаа. Цаашид ч экспортын ачаа зөөнө.
-2023 онд тээвэрлэлт хийнэ гэсэн урьдчилсан тооцоо бий байх?
-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар 5 сая тонн нүүрс экспортолно гэсэн урьдчилсан тооцоо гаргаж, Зам, тээврийн хөгжлийн яам, Монголын төмөр зам ТӨХК шат шатандаа хичээнгүйлэн ажиллаж байна.
Эх сурвалж: ЗТХЯ