НИТХ-ын төлөөлөгч, АН-ын ҮБХ-ны гишүүн Т.Батцогттой ярилцлаа.
-УИХ дээр Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулах тухай ид яригдаж байна. Үүн дээр тухайлбал, нийслэлтэй холбоотой ямар өөрчлөлт, шийдэл байж болох вэ?
-Өнөөдөр Монгол Улс бүхэлдээ тогтолцооны гажуудалд орсон нь үнэн. Илэрч байгаа хамгийн тод жишээ бол Улаанбаатар хотын эмх замбараагүй байдал. Утаа, түгжрэл, хөрсний бохирдол, хог шороондоо дарагдсан энэ хотод маань хүн амьдрахад хамгийн тухгүй, муу хот болж хувирсан байна. Хот өөрөө тэр чигтээ буруу тогтолцоогоор явж ирсны үр дүнд засаглалын хямралыг бий болгосон. Шийдэл нь маш энгийн Хотын даргыг хотын иргэд өөрсдөө сонгодог болох ёстой. Одоогийн тогтолцооноос хэн хохирч байна, иргэд л хохирч байна. Тийм болохоор хариуцлага тооцох эрхийг иргэдэд өөрсдөд нь өгөх ёстой.
-Гэхдээ одоо яригдаж байгаа ҮХНӨ-ийн төсөлд энэ тухай дурдагдаагүй...
-Энэ тогтолцоог өөрчлөхөд ҮХНӨ хийх шаардлагагүй. Үндсэн хуулийн 13-р зүйл, 57-р зүйл хэсгүүд дээр хот, нийслэл хоёрын ялгааг тодорхой заачихсан байгаа. Гэтэл бид Үндсэн хуулийнхаа үндсэн агуулгыг өнөөдрийг хүртэлойлгож хэрэглээгүй. Үүний уршгаар сүүлийн 20 жилд хот маань ямар гамшгийн хэмжээнд хүрээд байгааг бид харж байна шүү дээ. Уг нь Үндсэн хуульд зааснаар хот, нийслэл гэдэг тусдаа ойлголт. Харин манайх нийлүүлээд “Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч” гээд нэг хүнд хоёр том асуудлыг хариуцуулчихсан. Хэтэрхий их эрх мэдэлтэй хэрнээ үндсэн чиг үүргээ хэрэгжүүлдэггүй.
-Тэгэхээр нийслэлийн дарга нь бас тусдаа байх ёстой гэсэн үг үү?
-Нийслэл гэдэг бол газар нутаг, дэвсгэрийн хувьд зааж өгсөн засаг захиргааны нэгжийг хэлээд байгаа юм. Энэ нь баруун аймаг, төвийн нутаг гэдэгтэй адилхан газар нутгийн байршлаар нийслэл гэж нэрлэдэг засаг захиргааны нэгж. Нийслэлийн чиг үүрэг нь хүмүүс хоорондын хамтын амьдралын харилцааг зохицуулах үүрэг бүхий хууль, дүрэм журамыг хэрэгжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх ажил голдуу явагдана. Тиймээс Нийслэлийн Засаг дарга гэж байна.
Гэтэл нөгөө талд нь хот гэдэг тусдаа ойлголт байгаа. Өндөр хөгжилтэй орнуудад хотын мэр гэж ярьдаг шүү дээ. Хот өөрөө хүн ихээр төвлөрсөн, барилга байшин баригдаж, тээвэр, ус, дулаан зэрэг дэд бүтэц бий болсон суурьшмал бүс. Өөрөөр хэлбэл, нутаг дэвсгэрийн хэмжээгээр нийслэл гэдэг газарт 21 аймгаас хүний төвлөрөл ихээр бий болж хот үүсгээд байгаа юм. Төвлөрөлөөс хот үүссэн гэсэн үг. Хот гэдэг ойлголт бол иргэдийн, хүмүүсийн эрүүл, аюлгүй амьдрах орчныг бүрдүүлэх, хангах ёстой. Монгол Улсын иргэн нь "эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй" гэж Үндсэн хуулийн 16-р зүйлд заасан. Хот бол иргэний үндсэн эрхийг хангуулахын төлөө л чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй субьект. Тэгэхээр төвлөрсөн олон хүнийг сайхан амьдруулах шийдэл нь хот, нийслэл гэдэг хоёр ойлголтыг салгах юм.
-Түргжрэлийн сайдтай болсон шүү дээ. Энэ чинь шийдэл биш юм уу?
-Түгжрэлийн сайдыг томилсон асуудал бол нийслэлд засаглалын хямрал нүүрлэсний бодит жишээ шүү дээ. Дээр дурьдсанчилэн хотод тулгамдсан олон асуудал бий. Тэр дундаас зөвхөн түгжрэлийг шийдэх гэж төрийн захиргааны албан тушаалтныг дээрээс томилсон. Үүнээс болоод яг бодит байдал дээр сайд нь, хотын Засаг дарга нь юу хийсэн ч тодорхойгүй нөхцөл байдал үүсчихсэн. Энэ бол Улаанбаатар хотын асуудлыг шийдвэрлэх шийдэл биш.
-Тэгвэл хотын захирагч гэдэг хүнийг Нийслэлийн иргэдийн хурлаасаа томилж болохгүй юмуу? Заавал сонгууль хийх шаардлагатай гэж үү?
Өнөөдөр Улаанбаатарт амьдарч байгаа Монгол Улсын 1.6 сая иргэн шууд утгаараа төлөөллийн ардчиллын замаар төр барих эрхээ алдчихсан. Нийслэлийн засаг даргыг иргэдээс сонгогдсон 45 төлөөлөгч санал болгоод Ерөнхий сайд батламжлан томилж байна. Өнөөдөр хотын дарга гэдэг улс төрийн томилгоо байсаар ирсэн. Тэр хүн зөвхөн намын бүлгийн гишүүдээсээ санал аваад сонгогдсон болохоор таны эрх ашгийн төлөө, таны амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө ерөөсөө ажилладаггүй. Иймд хотын бүх үзүүлэлт өнөөдөр хасах руу орсон байна. Нэн тэргүүний асуудал болох иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрахад чиглэсэн ажил нь орхигдчихоод байна. Тиймээс Үндсэн хуулинд заасанчилан хот, нийслэл гэсэн хоёр ойлголтыг салгах хэрэгтэй. Хотын мэр буюу хотын захирагчийг яг хотод амьдарч байгаа иргэд өөрсдөө сонгоё. Хотын 1,6 сая хүнээс сонгогдсон дарга маань бидний тулгамдсан асуудлыг авч хэлэлцдэг, хүлээж авдаг, эргээд хариуцлага тооцдогбайх тэр эрхийг нь иргэдэд өөрсдөд нь өгьел дөө. Гэтэл та бидний амьдарч байгаа хотын зам талбай нь хангалттай, ногоон байгууламж сайтай, тоос шороогүй, түгжрэлгүй ая тухтай байлгахад таныг хэн төлөөлж байна вэ. Эдгээр асуудлыг шийдэж чадах хүнээ хотын иргэд өөрсдөө сонгодог болох хэрэгтэй.
-Нийслэлийн иргэдийн хурлын 45 төлөөлөгч чинь иргэдээсээ сонгогддог биз дээ. Иргэдэд тулгамдсан асуудлуудыг шийдэхийн тулд хот гэж айл тусдаа төсөвтэй байдаг. Хотын даргыг хотын иргэд өөсрдөө сонгодог болоод бүх асуудал шийдэгдчих бол төлөөлөгчдийн хэрэг байна уу?
-Тийм шүү, маш чухал асуулт байна. Хотын даргыг хотын иргэд өөрсдөө сонгоё гэхээр яг энэ асуудал гарч ирнэ, ахиж хот байгуулаад төсөвтэй байх юмуу гээд. Тэгхээр энэ бол ахиж төсөв, зардал нэмэх тухай асуудал огт биш юм. Одоогийн байгаа төсөв болоод төрийн байгууллагын бүтэц дээр үндэслээд чиг үүргийг нь салгая гэсэн үг. Чиг үүргээ дагаад тухайн ажлыг хэрэгжүүлэх төсөв, зардал нь хуваагдаад явах юм.
Түрүүн ярьсанчлан Нийслэл, Хот гэдэг бол 2 тэс өөр чиг үүрэг хэрэгжүүлэх үүрэг бүхий субъект байгаа юм. Одоо Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гээд хавсаргаад нэг хүн болгочихоор үндсэн иргэдийн өмнө хүлээсэн амьдрах орчны ажлаа орхигдуулаад зөвхөн захиргааны үүргээ гүйцэтгэж хууль хэрэгжүүлэх замаар төр данхаагаад байгаа юм. Гэвч иргэдэд төрийн үйлчилгээ хэрэгтэй юу гэхээр хэрэгтэй, нийгмийн хүмүүс хоорондын хамтын амьдралыг зохицуулах хууль, дүрэм, журам хэрэгтэй юу хэрэгтэй. Энэ утгаараа иргэд төлөөллийн зарчмаараа Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаа төлөөллөө сонгоод явах нь зүйн хэрэг. Харин одоогийн тогтолцоонд орхигдоод, хангагдахгүй байгаа иргэний амьдрах орчны асуудлыг хариудаг "хотын мэр" буюу захирагчийг иргэд өөрсдөө сонгож, өөрсдөө хариуцлагатооцдог тогтолцоог л бий болгоё гэж байгаа юм. Дэлхийн томоохон хотуудийм л зарчмаар асуудлаа шийдээд явж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.