СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс "No War" хөдөлгөөний Б.Цацрал, Ц. Чинбат нарт холбогдох дайны эсрэг хориглосон жагсаал хийсэн гэх үндэслэлээр найман хэрэг үүсгээд байсныг 2023 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаар хэрэгсэхгүй болгожээ.
Энэ талаар иргэн Б.Цацралтай ярилцлаа.
-Таныг ямар үндэслэлээр шүүсэн бэ?
-2023 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч н.Мөнгөншагай Зөрчлийн тухай хуулийн 5.8.1 буюу Жагсаал цуглаан зохион байгуулсан гэх үндэслэлээр зөрчил оногдуулсан.
Нийт найман төрлийн зөрчил оногдуулснаас долоо нь зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан гэсэн үндэслэлээр, үлдсэн нэг нь ОХУ-ын ЭСЯ-ны самбарыг бохирдуулсан үндэслэлээр. Тэр хэрэг нь арванхоёрдугаар сарын 26-ны өдөр хүчингүй болсон. Учир нь тэр самбар эзэнгүй, зурагт хуудас нааснаас үүдэн хэн хохирч байгаа нь тодорхойгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгосон юм билээ.
Нөгөө долоон хэрэг нь зөрчлийн шинжтэй байна гэдэг нь нотлогдоод, прокурорын саналаар энэ шийтгэлийг оногдуулсан. Би нэгдүгээр сарын 5-ны өдөр шийтгэлээ хүлээж аваад, нэгдүгээр сарын 6-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан. Өнөөдрийн (нэгдүгээр сарын 13-ны өдрийн) шүүх хурлаар хэргийг хэрэгсэхгүй болголоо. Хэрэгсэхгүй болгож байгаа шалтгаан нь энэ хүмүүс зөвшөөрөлгүйгээр жагсаал цуглаан зохион байгуулаагүй юм байна гэж биш, процедурын хувьд хэргийг шийдвэрлэхдээ алдаа гаргасан буюу хэргийг тус бүрд нь шийдвэрлэх ёстой байсан долоон хэргийг бүгдийг нь нэг хэрэг болгосон.
Процедурын алдаа гаргаж, шүүх өөрөө хууль бус зүйл хийх гээд байсан учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэхдээ шүүхийн шийдвэр гарахад энэ хэргийг үргэлжлүүлэн давж заалдах эрх нь прокурорт хэвээр үлдэх юм билээ.
-Хэрвээ прокурор давж заалдаад дахин шүүх хурал болбол ямар шийдвэр гарна гэсэн хүлээлттэй байна вэ?
-Прокурор бол хэргийн шийдвэрийг хэвээр үлдээхийг л хүсэх байх. Гэхдээ шүүхийн шийдвэр гараагүй байгаа учраас сайн хэлж мэдэхгүй байна.
-Зөвшөөрөлгүй жагсаал цуглаан хийсэн гэсэн үндэслэлээр гэж байна. Тэгэхээр та бүхэн бүртгүүлээгүй жагсаад байсан хэрэг үү?
-Жагсаал цуглааны тухай хууль дээр жагсаал хийх тухайгаа өмнө нь мэдэгдэнэ гэснээс биш зөвшөөрөл авах тухай ойлголт байхгүй л дээ. Гэхдээ бидэнд мэдэгдээгүй. Яагаад гэвэл тэнд жагсаал цуглаан зохион байгуулаагүй.
Жагсах гэж байна шүү, та нар ирээрэй гэж хэн нэгнийг уриалан дуудаагүй. Нэг ижил сонирхолтой хүмүүс ганц ганцаараа очихоор л тэр нь жагсаал цуглаан болчихгүй шүү дээ. Би ганцаараа очих гэж байж тэрийгээ заавал бүртгүүлэх шаардлагагүй.
-Ардчилсан нийгэмд иргэн нь үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө яллаад байх нь хэр зохимжтой юм бэ. Та өөрийнхөө байр суурийг илэрхийлээч?
-Жагсаал цуглаан зохион байгуулах тухай хууль 1994 онд батлагдсан. Тэрнээс хойш энэ хууль дээр байгаа бүртгэл гэдэг зүйлийг зөвшөөрөл гэж ойлгох хүртлээ цагдаа, прокурор шүүхийнхэн явчихсан байгаа юм.
Нэг талаараа цагдаа биднийг энд ирэхдээ заавал бүртгүүл гээд байгаа хэрнээ нөгөө талдаа энэ хүмүүс угаасаа л энд ирээд байгаа юм чинь энэ жагсаалыг нь бүртгээд өгчхөөч дээ гэдэг шаардлагыг яагаад төрийн байгууллагынхан хоорондоо тавьчхаж болдоггүй юм. Хүн үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж байгаа үйл явц болохоос биш заавал зөвшөөрөл авч бүртгүүлдэг эд биш шүү дээ. Дээр нь иргэд төр засгаа шүүмжлэх гэж байгаа юм бол "За шүүмжилж болно оо" гэсэн зөвшөөрлөө яагаад даргаас авах ёстой гэж.
Жагсаал цуглааны тухай хуульдаа шинэчилсэн найруулга оруулаад “Эрх чөлөөний тухай хууль” болгоод өгөөч ээ гэсэн санаачилгыг бид 2021 онд гаргаж байсан. Төрийн ордонд нээлттэй сонсгол хийнэ гэхээр нь энэ газраас л хамаг хүний эрхийг ноцтой зөрчсөн шийдвэрүүд гарч байхад бид сонсгол хийхгүй ээ гэж хэлсэн.
Бид хамтарсан байдлаар саналаа өгөөд хийе гээд, 2021 оны арванхоёрдугаар сарын 30-нд УИХ гишүүн Н.Учрал зохион байгуулж нэг хэлэлцүүлэг хийхэд МАН-ынхан дүүрэн орж суучхаад тэр ажил бүтэлгүйтсэн. Тэрнээс хойш энэ хуулийн тухай ярихаа больчхоод байгаа юм. Одоо хэрнээ жагсаал цуглаан зохион байгуулж байгаа залууст бүртгүүлсэн үү, зөвшөөрсөн үү гэсэн асуудал яригдаад байгаа.
Бүртгэх гэдгийгээ зөвшөөрлийн хэмжээнд ойлгоод байгаа нь буруу. Бидний хэлсэн нэг үндэслэл юу вэ гэхээр 1948 онд батлагдсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалд Монгол Улс элсэн орсон. Монгол Улс Үндсэн хуулиараа хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулсан.
Хэрвээ Монгол Улсын хуульд хүний заяагдмал эрхийг тухайлбал, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчсөн заалт байвал олон улсын гэрээ конвенцоо мөрдөнө гэсэн хуультай юм. Би энэ эрхээ л эдэлж байна шүү дээ. Эрхээ эдлэхийн тулд л ОХУ-ын ЭСЯ-ны гадаа дангаараа очиж байгаа. Дангаараа очих болгондоо бүртгүүлэх ёстой гэсэн юм хаана ч байхгүй.
Жагсаал цуглаан зохион байгуулах эрхийн тухай хуульд ч байхгүй, Зөрчлийн тухай хуульд ч байхгүй. Өнөөдөр бас цагдаа нэг зүйлийг тайлбарлахдаа ОХУ-ын ЭСЯ бол онцгой газар гээд байна. Онцгой газар биш шүү дээ. Нийтийн талбай. Олон нийтийнх. ОХУ хашаан доторхоо л эзэмшдэг болохоос хашааны гадна талыг эзэмшихгүй. Өөрсдөө ийм буруу ойлголттой байж иргэдийнхээ үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь зөрчөөд, дээр нь нэмээд шийтгэл оногдуулаад байж болохгүй биз дээ. Бид цагдаа шүүхээр яваад хоёр, гурван cap болж байгаа. Тэгтэл өнөөдөр хэргийг хэрэгсэхгүй л болгож байна. Баярлаад байх үйл явдал ерөөсөө биш.
Энэ болгонд нь бид давхар. давхар хохирч байна. Сэтгэл санааны хохирол, цаг заваа өчнөөн зарцуулж байна. дээр нь нэмээд өмгөөлөгч хөлсөлж санхүүгээрээ ч хохирч байна. Үг хэлснийх нь төлөө иргэдээ хохироогоод байж болохгүй л гэсэн байр суурьтай байна даа.
-Та бүхэн үзэл бодлоо илэрхийлэхдээ "Монгол Улсын тор ОХУ-ын гap хөл болчихжээ, тэдний даалгавраар ажиллаж байна" гэсэн. Тэгвэл таныхаар төр ямар байх ёстой юм?
-Бид Монгол Улсын Засгийн газрыг дайны талаар байр сууриа илэрхийлэхийг дайн гарснаас хойш шаардаж байгаа. Засгийн газар ерөөсөө албан ёсны байр сууриа илэрхийлээгүй. Албан ёсны байр сууриа илэрхийлж байна гэж тайлбарлахдаа төвийг сахисан гэж хэлдэг. Төвийг сахиж байгаа юм бол яагаад ОХУ-ын хийн хоолойг барих гэрээг Шадар сайд нь очоод зурчихдаг юм бэ.
Дайн эхэлснээс хойш Монгол Улс хэдэн удаа ОХУ руу айлчлал хийв. Тэгвэл хэдэн удаа Украин руу тусламж үзүүлсэн юм. Үүнийг харьцуулаад харвал Монгол Улсын Засгийн газрын явуулж байгаа үйл ажиллагаа ерөөсөө төвийг сахиагүй. Дээр нь Монгол Улсад гурван удаагийн дайныг дэмжсэн жагсаалыг ОХУ-ын Элчин сайд оролцоод хийчихсэн байгаа.
Жишээ нь. тавдугаар сарын 9-ний өдөр. ОХУ-ын Элчин сайдын удаа дараа манай дотоод хэрэгт оролцож байгаа асуудлууд дээр нь бид зургаан зүйл бүхий шаардлага гаргаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт хүргүүлсэн. Шаардлагын хариуг одоо болтол өгөөгүй. Энэ бол огтхон ч төвийг сахисан үйлдэл биш. Энэ үйлдлүүдээс нь болоод бид Засгийн газрыг огцруулах шаардлага тавьдаг. У.Хүрэлсүх ч тэр, Л.Оюун-Эрдэнэ ч тэр ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байгаа учраас огцор оо.
-Иргэд арванхоёрдугаар сарын эхээр тов талбайд жагслаа. Тэр жагсаал Засгийн газрыг огцруулах зорилготой биш байсан. Харин та нар фэйсбүүкийн хуудсан дээрээ "Засгийн газрыг огцруулах жагсаал үргэлжилж байна" гэж бичсэн байсан. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа өнөө цагт Засгийн газрыг огцруулах нь зөв шийдэл байж чадах уу?
-Нэгдүгээрт, би өнөөдрийн шүүх хурлын талаар л мэдээлэл өгье. Хоёрдугаарт, Нүүрсний хулгай бол МАН-ын хулгай. МАН-ын дарга нь Л.Оюун-Эрдэнэ. Засгийн газарт одоо МАН-ын л гишүүд байгаа. МАН-аасаа нэг баатар гаргаж ирээд хулгай зэлгийтэй тэмцэх гэж байгаа бол тэрийгээ нам дотроо хий. Төрийн ордон бол тусдаа. Биднийг төлөөлж чадах хүмүүс л тэнд суух хэрэгтэй.
Засгийн газраа огцруулах эрх нь УИХ-даа байхгүй юм бол МАН өөрсдөө тарах хэрэгтэй. Яагаад манай 1992 онд батлагдсан Ардчилсан Үндсэн хуулийнхаа эсрэг үйл ажиллагаа хийхийг Л.Оюун-Эрдэнийн парламент шаардаад байгаа юм, биднээс.
-Та бүхэн жагсаж үзэл бодлоо илэрхийлэхдээ Украины төрийн далбааг барьж, тийм зурагтай энгэрийн тэмдэг зүүдэг. Үүнийг нь ард түмний зарим хэсэг АНУ-ыг дэмжигчид, барууны гар хөл юм байна аа гэж хараад байдаг. Үүнийг тайлбарлавал?
-Дайн аль улсын нутаг дэвсгэрт болж байгаа юм. Дайн Украины нутаг дэвсгэрт болж байгаа. Дайныг эсэргүүцэж байна гээд хоёулангийнх нь далбааг бариад зогсох ёстой юм уу. Монголчууд яагаад Оросоос ингэж их айгаад байгаа юм бол гэдгийг би дандаа гайхдаг.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл (1)