“Хавдартай тэмцэж буй дэлхийн чиг хандлага” сэдэвт уулзалт сургалтыг сэтгүүлчдэд зориулан “Хавдрын үндэсний зөвлөл”-өөс өнгөрсөн даваа гаригт зохион байгууллаа. Энэ үеэр “Хавдрын үндэсний зөвлөл” ТББ-ын үүсгэн байгуулагч, Анагаах ухааны доктор Б.Цэцэгсайхантай ярилцлаа.
-Монгол Улсын хэмжээнд хорт хавдрын нөхцөл байдал ямар байна вэ?
-Монгол Улс хавдрын өвчлөл өндөртэй орнуудын тоонд ордог, мөн хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. Дэлхийн ихэнх улс орнуудад эмэгтэйчүүдэд хөхний хавдар, эрэгтэйчүүдэд уушги, бүдүүн, шулуун гэдэсний хавдар зонхилж буй бол манайд орны хувьд эрэгтэй, эмэгтэй аль алинд нь элэгний хавдар, мөн умайн хүзүү, ходоодны хавдар зэрэг урьдчилан сэргийлэх боломжтой хавдрууд зонхилдог гэдгээрээ бусад улс орнуудаас ялгаатай дүр зурагтай байдаг.
-Хавдарт нөлөөлдөг гол хүчин зүйлс юу байдаг вэ?
-Насанд хүрсэн хүмүүсийн дундах ихэнх хавдрын хувьд шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсүүд нь тодорхой байдаг учраас урьдчилан сэргийлэх боломжтой гэж үздэг. Тухайлбал, элэгний хавдрын хувьд шалтгаан нь B, C вирус, архи согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотой байдаг бол умайн хүзүүний хорт хавдар хүний папиллома вирусийн халдвартай, ходоодны хавдар хеликобактерийн халдвар, давсны хэт их хэрэглээтэй холбоотой байдаг. Улаан хоолойн хавдрын хувьд хэт халуун хоол цай хэрэглэхтэй холбоотой. Түүнчлэн тамхины хэрэглээ, илүүдэл жин, агаарын бохирдол нэлээд олон хавдар үүсэх эрсдэлт хүчин зүйл болдог.
-Хавдартай тэмцэх нь ямар ч улсын хувьд маш чухал асуудал шүү дээ. Хавдартай тэмцэж, хавдрын өвчлөлийг бууруулахын тулд дэлхийн чиг хандлага ямар байгаа вэ?
-Хавдартай тэмцэх дэлхийн чиг хандлага өвдсөнийх нь дараа эмчилж, олон эмнэлэг барихаас илүүтэй аль болох эрсдэлт хүчин зүйлсийг бууруулж урьдчилан сэргийлэх тал руу илүү их анхаарч ажиллах чиглэлтэй байгаа. Жишээлбэл, элэгний хавдраас сэргийлэхэд B гепатитийн вакцинд хамрагдах, умайн хүзүүний хавдраас сэргийлэхэд хүний паппилома вирусийн вакцинд хамрагдахаас гадна хавдар үүсгэдэг таргалалт, илүүдэл жингийн эрсдэлийг бууруулахын тулд өдөрт дор хаяж 30 минут дасгал хөдөлгөөн хийх, зөв хооллох зэрэг эрүүл хэв маяг, дадлуудыг амьдралдаа хэвшүүлэх, тамхи татахгүй байх, архи, согтууруулах ундаа хэт ихээр хэрэглэхгүй байх нь чухал. Хувь хүнээс өөрөөс нь шалтгаалсан урьдчилан сэргийлж бууруулах боломжтой эрсдэлүүд байдаг. Хавдрын тохиолдлын 70-90 хувь нь хувь хүний амьдралын хэв маяг болон орчны хүчин зүйлтэй холбоотой байдаг.
-Та Швейцарийн Женев хотод арваннэгдүгээр сард болсон “Хавдрын дэлхийн их хурал 2022” хуралд оролцсон шүү дээ. Олон улсын хурлын үеэр ямар асуудал, гарц шийдлийн талаар хэлэлцсэн бэ?
-2022 оны арваннэгдүгээр сард Швейцарийн Женев хотод болсон дэлхийн хавдрын олон улсын хурал дээр “Ковид-19” цар тахалтай холбоотойгоор эрт илрүүлэг бараг хийгдээгүйтэй холбоотой ирэх жилүүдэд хавдрын тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа тул улс орнууд нэмэгдэж буй хавдрын өвчлөлийг хэрхэн хурдан тусламж үйлчилгээ үзүүлэх, цаашид эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх чиглэл дээр ямар стратеги барих талаар яригдсан. Түүнчлэн ковид цар тахалтай бүх улс орнууд нэгдэж тэмцсэн сургамж, ололт амжилтыг хавдартай тэмцэх ажилд ашиглаж, улс орнууд дангаараа бус, бүх орнууд хамтарч, төрийн, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, үйлвэрлэгч зэрэг бүх оролцогч талууд хамтарч, хүчээ нэгтгэж байж үр дүнд хүрнэ гэдгийг онцолж ярьсан.
Тэрнээс гадна улс орнуудын хувьд ойрын хугацаанд гол анхаарал хандуулах хэд хэдэн хавдруудыг илүү онцолж ярьсан. Үүнд: Урьдчилан сэргийлэх боломжтой умайн хүзүүний хавдрын хувьд 2030 он хүртэл умайн хүзүүний хавдрыг бууруулах дэлхийн стратеги боловсруулж, 90-70-90 зорилт тавьсан. Энэ хүрээнд умайн хүзүүний хавдрыг устгахын тулд өсвөр насны охидын 90 хувийг хүний папиллома вирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулах, 35 болон 45 насны эмэгтэйчүүдийн 70 хувийг хүний папиллома вирус илрүүлэх шинжилгээнд хамруулах, умайн хавдраар оношлогдсон эмэгтэйчүүдийн 90 хувийг эмчлэх зорилт дэвшүүлсэн байгаа. Улс орнууд энэ зорилтод хүрэхийн тулд юу хийсэн, хаана явж байгаа талаараа үр дүнгээ танилцуулж байсан.
Түүнчлэн хүүхдийн хавдрын асуудлыг сүүлийн жилүүдэд анхаарал их хандуулж байгаа. Бага дунд орлоготой улс орнуудад хавдраар оношлогдсон хүүхдүүдийн амьдрах чадвар 20 хувь байхад өндөр хөгжилтэй улс орнуудад 80 хувь байгаа бөгөөд маш том ялгаа буй учраас хүүхдийн хавдрын дэлхийн санаачилгыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан. Ингэхдээ хүүхдийн хавдрын эмчилгээний чанар хүртээмж, оношилгоог сайжруулах замаар хавдраар өвдсөн хүүхдүүдийн амьдрах чадварыг 2030 он гэхэд 60 хувь хүртэл хүргэх том зорилтыг тавьсан. Мөн хавдрын эрсдэлүүдээс хамгийн өндөр эрсдэлт хүчин зүйл болох тамхины хяналтын талаар ч нэлээн яригдсан. Тамхины хэрэглээг бууруулахын тулд улс орнуудын үе шаттайгаар хэрэгжүүлж буй тамхины хяналтын бодлого, татварын асуудал, электрон тамхинд тавих хяналтыг сайжруулж буй үр дүнгийн талаар ярьсан. Шинэ Зеланд улс “тамхи татдаггүй залуу үе” гаргах зорилготойгоор 2008 оноос хойш төрсөн нэг ч хүнд амьдралынх нь турш тамхи зарахгүй байх асуудлыг бүр хуульчилсан зэрэг тэргүүн туршлагаа танилцуулж байсан. Хавдрын өвчлөлийг бууруулахад гол зүйл нь шалтгаантай нь тэмцэх, олон хавдрын шалтгаан нь тамхидалт учраас тамхины хяналтыг сайжруулах, тамхи үйлдвэрлэгчдийн нөлөөлөл, тэдгээрээс ангид байх талаар түлхүү яригдсан.
-Манай улсад хүүхдийн хавдрын өвчлөл их байдаг шүү дээ. Хүүхдийн хавдрын голлох шалтгаан нь юу байдаг вэ?
-Хүүхдийн хавдрын хувьд дэлхий нийтийн хэмжээнд шалтгаан нь тодорхойгүй гэж үздэг. Ганц манай орны хувьд ч биш дэлхийн хэмжээнд яг ийм зүйлээс болоод хүүхдийн хавдар нэмэгдээд байна гэсэн шалтгааныг одоо хүртэл эрдэмтэд нарийн тогтоож, нотолгоо гаргаж чадаагүй. Иймээс хүүхдийн хавдар дээр урьдчилан сэргийлэх гэдэг асуудал ярилгүйгээр хэрхэн эрт илрүүлэх, эрт илрүүлээд хэрхэн сайн эмчлэх вэ гэдэг асуудалд илүү их анхаардаг.
-Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хорт хавдрыг эрт илрүүлэхэд чухал нөлөөтэй шүү дээ?
-Засгийн газраас гаргасан эрт илрүүлгийн хөтөлбөрт нас насны ангиллаар төрөл бүрийн хавдрыг илрүүлэх эрт илрүүлэг үзлэгүүд байдаг. Хувь хүн өөрийн насны ангиллын эрт илрүүлэг, үзлэгтээ тогтмол хамрагдах нь чухал, учир нь эрт илрүүлсэн тохиолдолд хавдрыг эмчлэх боломжтой гэж үздэг.
-Монгол Улс хавдартай тэмцэхийн тулд юуг хийх ёстой вэ?
-Хавдар бүрийн урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ өөр өөр байдаг тул ялгаатай стратеги төлөвлөгөө гаргаж, зорилтот хөтөлбөрүүд хэрэгжүүлэх нь үр дүнтэй. Тухайлбал, манай оронд Засгийн газрын хэрэгжүүлсэн “Элэг бүтэн Монгол” буюу элэгний хорт хавдраас сэргийлэх том хөтөлбөр хэрэгжиж, эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний цогц арга хэмжээ авч, тодорхой үр дүнгүүд гарсан. Бидний гол анхаарах шаардлагатай хавдар бол умайн хүзүүний хавдар юм. Умайн хүзүүний хавдрын өвчлөлөөр бид дэлхийд дээгүүрт ордог, манай эмэгтэйчүүдийн дундах хавдрын 2 дугаар байрт орж байгаа хавдар. Умайн хүзүүний хавдрын эрсдэлийг хэрхэн бууруулах, вакцинжуулалтаа үндэсний товлолтод оруулж өсвөр насны хүүхдүүдэд хийдэг болох, умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэгт дэлхийн хэмжээнд гарч буй шинжилгээний арга технологийг шинээр нэвтрүүлэх зэрэг асуудалд хүчин чармайлт гаргаж ажиллавал бодит үр дүн тодорхой хугацаанд гарах боломжтой гэж харагдаж байгаа. Мөн ходоодны хорт хавдрын тохиолдол их өндөр байна. Тэгэхээр ходоодны хавдрын шалтгаан болох хеликобактерийн халдварыг оношлох, эмчлэх, давсны хэт их хэрэглээг хүн амын дунд бууруулах зэрэг цогц үйл ажиллагаа явуулбал ходоодны хорт хавдрыг бууруулах боломжтой. Зонхилон тохиолдож буй хэд хэдэн төрлийн хавдрууд дээр илүү ач холбогдол өгч ажиллавал тодорхой үр дүнгүүд гарах хэдий ч аливаа бодлого, интервенцийн үр дүн ихэнхдээ олон жилийн дараа гардгийг тооцох ёстой.
-“Хавдрын үндэсний зөвлөл” ТББ-ын дэргэдэх “Дарь эхийн өргөө” төвийнхөө үйл ажиллагааны талаар хуваалцахгүй юу?
-“Хавдрын үндэсний зөвлөл” ТББ-ын дэргэдэх “Дарь эхийн өргөө” төв нь яг дөрвөн жилийн өмнө байгуулагдаж байлаа. Орон нутгаас хотод эмчилгээнд ирсэн хавдартай өвчтөнүүдийг ар гэрийнхэнтэй нь хамт байрлуулдаг, Монголдоо анхны төв. Бусад улс орнуудад том хотуудад ирж буй хүмүүс эмчилгээгээ хийлгэх явцдаа байрлах газар байхгүй тохиолдолд тэднийг байрлуулдаг, үйл ажиллагааг нь иргэний нийгмийн байгууллагууд авч явдаг, ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг төвүүд их байдаг. Бусад улс орнуудын туршлагуудаас суралцаж, өвчтөнүүдийн дунд ямар хэрэгцээ шаардлага байгаа талаар судалгаа хийж үзэхэд орон нутгаас ирж буй хүмүүсийн хувьд хамгийн их тулгамддаг асуудал нь байрны асуудал байсан. Ихэнх хүмүүсийн хувьд хотод ирээд байрлах газар байхгүй, зочид буудалд байрлахад маш үнэтэй байдаг зэрэг нийгмийн асуудлууд их байсан. Энэ асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах үүднээс гэрээсээ хол ч гэртээ байгаа мэт тухтай байлгах зорилготой энэ төвийг 2019 онд байгуулсан. Манай “Дарь эхийн өргөө” төвөөр байгуулснаас хойш 21 аймгаас дөрвөн мянга гаруй хүн үйлчлүүлсэн байна. Ихэнхдээ гэр бүл, хүүхдүүдийн хамт ирдгээс гадна алслагдсан аймгийн иргэд их ирж үйлчлүүлж цөөн хэдэн хоногоос хэдэн сар хүртэл байрладаг. Холын аймгийн хүмүүсийн хувьд эмчилгээний хооронд орон нутаг руугаа олон удаа явах боломжгүй учраас эндээ байж байгаад дараагийнхаа эмчилгээнд ордог. Манай үйл ажиллагаа төрийн ямар нэгэн дэмжлэггүйгээр, сайхан сэтгэлт олон хүмүүсийн хандив дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Өвдөж зовсон, тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа хүмүүст дэм болж явдаг буянтай ажил хийдэгтээ сэтгэл дүүрэн байдаг.
Эх сурвалж: Өдрийн сонин