АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн, залуусын “Нээлттэй ардчилал” клубийн удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхбаттай ярилцлаа.
-Иргэн Д.Мөнх-Эрдэнийг ямар үндэслэлээр хорьсон юм бэ?
-Д.Мөнх-Эрдэнийг 2022 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналыг үндэслэн цагдан хорих, таслан сэргийлэх хурал болсон. Энд нэг сонирхол татаж буй зүйл нь нэгдүгээрт, дүүргийн прокуророос санал орж ирсэн. Түүнтэй зэрэгцээд Нийслэлийн прокуророос бас санал ирсэн байдаг. Нэгдүгээрх нь, Сүхбаатар дүүргийн хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Н.Пүрэвтогтох гэдэг прокурор сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан тухай мөрдөгчийн шийдвэрийг шүүхээр хүчинтэйд тооцуулах саналыг оруулсан юм билээ. Д.Мөнх-Эрдэнэ 2022 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах Гадаад харилцааны яамны байранд хүмүүстэй очиж, Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяртай уулзах нэрийдлээр яамны байр руу нэвтрэхийг завдсан.
Мөн төрийн тусгай албан хаагчдыг үг хэлээр доромжлон биед нь халдаж, орилж хашгичин, Н.Анхбаярыг цохихоор завдсан. Талбай явъя гэж хувцсанаас нь татсан, өдөөн хатгасан, байгууллагын үйл ажиллагааг алдагдуулсан, танхайрсан гэх үндэслэлээр, мөрдөгчийн тогтоолоор, шүүхийн зөвшөөрөлгүйгээр цагдан хорьсон асуудал байгаа. Энэ асуудалтай холбоотойгоор шүүхээр мөрдөгчийн саналыг хүчинтэйд тооцуулах, зөвшөөрөлгүйгээр цагдан хорьсон. 2022 арванхоёрдугаар сарын 18-ны өдөр иргэн Д.Мөнх-Эрдэнэ амралтын өдөр өөрийн ажлын байр дээрээ байхад арав гаруй цагдаа ирж баривчилсан. Тэр үед иргэн Д.Мөнх-Эрдэнийг согтуу байна гэх үндэслэлээр шууд эрүүлжүүлсэн. Ингээд 2022 оны арванхоёрдугаар сарын 19-ний 05:53 цагт шүүхийн зөвшөөрөлгүйгээр шууд хорих 461 дүгээр ангид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Үүнтэй холбоотойгоор уг мөрдөгчийн шийдвэрийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хууль зүйн үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хойшлуулашгүй тохиолдол гэдэг үндэслэлээр цагдан хорьсон гэх нэрийдлээр прокурорт санал хүргүүлсэн юм билээ. Тус саналын тухайд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэн Д.Мөнх-Эрдэнийг хойшлуулашгүй тохиолдол гэдэг үндэслэлээр буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5-д заасан шүүхийн зөвшөөрөлгүйгээр цагдан хорих хууль зүйн үндэслэл хангагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, хүний эрхийг зөрчиж шүүхийн шийдвэргүйгээр, мөрдөгчийн тогтоолоор шууд цагдан хорих хууль зүйн үндэслэлгүй. Тиймээс нэн даруй суллах шийдвэрийг гаргасан байдаг.
-Нийслэлийн прокуророос ямар санал ирсэн юм бэ?
-Дүүргийн прокурорын саналыг шүүхээс хүчингүй болгосны дараа Нийслэлийн прокурорын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ганхүлэг гэдэг прокурор Мөнх-Эрдэнэд авагдсан таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих урьдчилан сэргийлэх арга хэмжээ болгож өөрчлөх, тэрхүү саналаа 30 хүртэлх хоногоор үргэлжлүүлэх ёстой гэсэн саналыг шүүхэд оруулсан. Үүний үндэслэл нь Д.Мөнх-Эрдэнэ гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9.1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр урьд авагдсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн урьдчилан сэргийлэх, цагдан хорих арга хэмжээг авах шаардлагатай гэсэн саналыг оруулсан. Д.Мөнх-Эрдэнийн тухайд хязгаар тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ буюу хилийн хориг авагдсан байсан. Хязгаар тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авснаас хойш хоёр удаа хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн байна. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт төрийн өндөр дээд албан тушаалтанд халдахыг завдсан, танхайрсан. Хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй гэх хоёр үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг Сүхбаатар дүүрэгт нээгдсэн тул үүнтэй холбогдуулан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ зайлшгүй авах ёстой гэсэн үндэслэлийг тайлбарласан. Үүнтэй холбогдуулан иргэн Д.Мөнх-Эрдэнийг 30 хоногоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч 461 дүгээр ангид үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг шүүхээс гаргасан.
-Та бүхэн энэхүү шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа хэмээн мэдэгдэл гаргасан шүү дээ. Энэ талаар тайлбарлах уу?
-Энэ шийдвэр хүний эрх зүйн байдлыг дордуулсан үйл явдал боллоо гэж бидний зүгээс үзэж байгаа. Яагаад гэхээр Д.Мөнх-Эрдэнэд хоёр хэрэг бүртгэлийн хэрэг нээчихсэн. Тэр нь хөнгөн Зайлшгүй 30 хоног цагдан хорьж, шалгах шаардлагагүй. Үнэхээр холбогдсон гээд байгаа тэр хоёр хэрэг нь гэм буруутай эсэх нь шүүхээр эцэслэгдэн тогтоогдоогүй. Ийм байхад түүний эрхийг 30 хоног хязгаарлаж байгаа үйлдэл нь Д.Мөнх-Эрдэнийн үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх эрхийг боон хязгаарлалт тогтоох гэсэн санаархал. Түүнийг хорьж цагдаж байгаа нь эрүүдэн шүүж, түүний эрхэд халдаж байгаа нэг хэлбэр гэж бид хардаж байна. Нөгөөтэйгүүр улс төрийн өндөр албан тушаалтанд халдсан гэх үндэслэлээр иргэний эрхийг хязгаарлаж байгаа үйлдэл хэмээн дүгнэхэд хүрч байна.
-Тэрбээр лайваар олон нийтэд мэдээлэл дамжуулдаг нь ийм байдалд хүргэлээ гэх хардлага бас нийтэд байна шүү дээ?
-Улс төрчдийн, өнөөдрийн төрийн өндөр дээд албан тушаалтнуудын үнэн дүр төрхийг, ялангуяа төрөөс их хэмжээний хохирол учруулж байгаа нүүрсний хулгайчдыг, авлигачдыг эсэргүүцэн, зарлаж, илэрхийлж, шүгэл үлээж байгаа нь хувь хүнийх нь хувьд маш их зориг гаргаж байгаа үйлдэл. Энэ үйлдлийг таслан зогсоохгүй бол маш олон албан тушаалтнуудын булхайтай үйлдлийг илчлээд байх, цаашилбал төрийн өндөр дээд албан тушаалтнууд энэ хүний хэлэх ярихыг хязгаарлая гэсэн зохион байгуулалттай зүйл байхыг үгүйсгэхгүй.
-Та бүхний харж байгаагаар түүнийг эрүүдэн шүүх, ял тулгах магадлалтай юу?
-Бидний харж буйгаар Д.Мөнх-Эрдэнэ хардах эрхтэй. Үндсэн хуулиар заагдсан үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Үндсэн хуулиар олгогдсон хүн бүр тэгш эрхтэй байх, үзэл бодлоо илэрхийлсний төлөө түүнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр цагдан хорих ёсгүй. Хуульд заагдсан бүх л эрх Д.Мөнх-Эрдэнэд ч гэсэн хамааралтайгаар үйлчлэх учиртай. Заавал түүний эрхийг 30 хоногоор хорих шаардлагагүй гэж бидний зүгээс харж байгаа. Энэ нь санаатайгаар түүний эрхэд халдсан үйлдэл л гэж харж байна.
-Ар гэр, өмгөөлөгчтэй нь уулзуулсан уу?
-Бид өмгөөлөгчидтэй нь холбогдож мэдээлэл авсан. Одоогоор 461 дүгээр ангид хоригдож байгаа. Өмгөөлөгчдийн зүгээс үйлчлүүлэгчтэйгээ уулзах эрх нь нээлттэй. Д.Мөнх-Эрдэнийн зүгээс өмгөөлөгчидтэйгөө уулзахдаа хөдөлгөөнт камерын хяналт дор уулзана гэдгээ илэрхийлсэн юм байна лээ. Одоогоор ар гэрийнхэнтэй нь уулзах зөвшөөрлийг шүүхээс өгөөгүй байгаа.
-Таслан сэргийлэх арга хэмжээ авснаас хойш түүнд шахалт дарамт үзүүлсэн зүйл байгаа болов уу. Биеийн байдал нь ямар байгаа бол?
-Түүний эрүүл мэнд сайн гэсэн мэдээлэл авсан. Таслан сэргийлэх арга хэмжээ авснаас хойш ямар нэгэн дарамт шахалт үзүүлсэн тухай мэдээлэл одоогоор бидэнд алга. Шүүхээс 30 хоногийн хугацаатай таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэртэй холбоотойгоор гурав хоногийн дотор ерөнхий шүүгчид гомдол гаргах эрх нь нээлттэй. Үүний дагуу ар гэр, өмгөөлөгчдийн зүгээс прокурорын санал хууль зүйн үндэслэлтэй эсэх дээр гомдол гаргаж байгаа гэсэн мэдээллийг авсан. Бидний зүгээс харахад хүний эрх зөрчиж байгаа үйл баримт харагдаж байна. Үзэл бодлоо илэрхийлэхдээ нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчиж, зөрчил үүсгэсэн. Эсвэл эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан эсэхийг шүүх тогтооно.
Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд заавал цагдан хорьж хүний эрхэд давхар халдаж байгаад нь бидний зүгээс Хүний эрхийн комисст хандаад байна. Шүгэл үлээж, үзэл бодлоо илэрхийлэхээр цагддаг, хорьдог, эрхэнд нь халддаг жишиг тогтлоо. Бид үүнд гомдолтой, шүүмжлэлтэй хандаж байна.
Эх сурвалж: Өдрийн сонин