x

С.Амарсайхан: Нүүрсний хэрэгт холбогдвол сайн дураараа ажлаа өгөхийг Ерөнхий сайд хатуу сануулсан

УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхантай ярилцлаа.

-Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" компанид Бүрэн эрхт төлөөлөгч томилоод хоёр хүрэхгүй сарын дараа энэ шийдвэрээ жижиг" Тавантолгой"-д бас хэрэгжүүлэхээр боллоо. "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааны дийлэнх нь төрийн мэдэлд байдаг нь уг компанийнх өөр. Олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат байдлаар үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл Засгийн газар нь шууд хяналтад авч, Бүрэн эрхт төлөөлөгч томилсон нь зөв шийдвэр мөн үү?

-Нийгэмд шударга ёсыг бий болгоход Засгийн газрын тэргүүн өөрөө манлайлж, шийдэмгий, хурц алхмыг хийж ажиллаж байна. Нийгмийн, цаг үеийн шаардлага ч бий. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд багтдаг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн түвшинд ярилцаад нууцад оруулсан гэрээг ил болгох, нүүрстэй холбоотой хулгай, татварын орлого нуун дарагдуулсан асуудал, хууль бус үйлдлийг таслан зогсоохтой холбоотой арга хэмжээг авахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд "Эрдэнэс Тавантолгой" компанид Бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Залгуулаад орон нутгийн "Тавантолгой"-д томиллоо. Мэдээж шалтгаантай. Олон жилийн өмнөөс ярьж ирсэн асуудал. Мөргөцөг алга болдог, нүүрс хулгайгаар ачдаг, хил нэвтрүүлдэг, ямар ч данс тооцоо байхгүй, бүртгэлгүй зэрэг асуудлыг хөндөж ирсэн ч тодорхой шийдэлгүй явлаа. Нэгийг нь шийдэхээр нөгөөх нь орхигддог. Албан тушаалтныг чөлөөлөхөөр тогтолцоо нь байгаад байдаг. Ковидын үр дагавар, түүнээс үүдсэн эдийн засгийн зогсонги байдал, дайнаас үүдсэн олон улсын нөхцөл байдал, урд хөршийн хатуу дэглэм зэрэг нөлөөлж байна.

Гол нь олон жил явж ирсэн нүүрсний хулгайг эцэслэн тогтоох, хуулийн хариуцлага хүлээлгэх, бодитой мэдээллийг олон нийтэд өгөх шаардлага үүссэн. Хэрэг хийгээгүй бол түүнийг эцэслэх ёстой. Хийсэн бол хариулцлагаа хүлээнэ. Хувийн ч, төрийн ч бай нийгэмд хардлага, эргэлзээ төрүүлж болохгүй. Ингэж явсаар байтал төрд, төрийн албан хаагчдад итгэл үгүй боллоо.

Хоёр Тавантолгойг том, жижиг гэж буй ч хоёулаа нэг дор, нэг нүүрсний бүс нутаг. Үнэхээр том нь хууль бус үйл ажиллагаа явуулаад байна уу? жижигт нь асуудал байгаа юу? эсвэл нийлээд иддэг үү? гэдгийг нэгмөр эцэслэж цэг тавина. Томынхоо талбайгаар дамжаад жижиг рүүгээ орж, гардаг холилдсон асуудал байна. Аль нэгийг нь салгаж харах боломжгүй. Гэхдээ жижиг "Тавантолгой"-н хувьд 51 хувь нь орон нутгийнх буюу төрийнх. 49 нь хувийнх. Харьцангуй нээлттэй явдаг компани.

-Тийм атлаа шууд хяналтад авсан нь зөв байсан уу л гэж...?

-Төр, засаг өөрийгөө хамгаалж нууж, хаах гээд байгаа асуудал ердөө биш. Хувийн хэвшил нь хууль бус үйлдэл хийгээгүй байхад буруутгах гэсэн зүйл байхгүй. Том зургаараа нийтийн эрх ашгийг хамгаалах, өмчийг эзэнжүүлэх, хувь эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж байгаа юм. Яагаад гэвэл Тавантолгой өөрөө нийтийн өмч. Хувьцаа эзэмшигчдэд нь дуусашгүй хардлага, эргэлзээ яваад байвал компанийн ирээдүйд сөрөг нөлөөтэй. 51, 49 хувийн хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг бүхэлд нь хамгаалж, хуулийн хүрээнд хариуцлага тооцох ажлыг хийж байна.

-Жишээ нь, жижиг "Тавантолгой"-д 49 хувийн хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл болох "Ажнай" Д.Бат-Эрдэнэ гишүүнийг нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар холбоотойг тогтоосноо Авлигатай тэмцэх газраас зарласан. Энгийнээр бодоход бизнес эрхлэгч хүн өөрийнхөө хувь эзэмшлийн компаниас хулгай хийнэ гэж байх уу?

-Агуулга талаасаа Д.Бат-Эрдэнэ байна уу? өөр хэн нэгэн хувь хүн рүү чиглэсэн асуудал байхгүй. Хувьцаа эзэмшигч өөрийнхөө компаниас хулгай хийгээд байна гэж үзэж болохгүй. Гэхдээ төрийнх, хувийнх ч бай өдөр тутам очиж, үйл ажиллагаанд нь оролцохгүй. Газар дээр нь юу болоод байгааг төр нь ч, хувьцаа эзэмшигч ч мэдээгүй байж болно. Тийм байхад тэнд юу явж байгааг харах ёстой. Хувьцаа эзэмшигч болгоныг буруутгаж болохгүй. Уул уурхайн салбарт хууль журмын хүрээнд үйл ажиллагаа явуулаад, татвараа төлж байгаа нүүрс олборлогч бүрийг харлуулж, буруутгаж болохгүй. Хаа хаанаа бодитой хандах л асуудал юм.

-"Эрдэнэс Тавантолгой"-д Бүрэн эрхт төлөөлөгч томилсон нэг шалтгаан нь нүүрсний экспортыг эрчимжүүлж, нэмэгдүүлэх, оны эцэс гэхэд 500 сая ам.долларыг төсөвт төвлөрүүлэх үүрэгтэй. Харин "Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоосноор ямар үр дүн гарах юм?

-Данс тооцоо, үйл ажиллагаа, борлуулалт, орлого, тээвэр, хөрөнгийн зарцуулалтыг тулгаж үзнэ. Тэгэхгүйгээр хөндлөнгөөс нягталж, хянах амаргүй. Санхүүд нь гаднын мэргэшсэн хөндөнгийн аудит оруулна. Худалдсан нүүрснийхээ хэмжээнд орлого нь орж ирсэн үү? Борлуулалт нь орлоготойгоо дүйж байна уу? 10 тн нүүрс авах ёстой газраасаа 10-аар нь авч уу? Эсвэл 5 тн-оор бүртгэсэн байна уу? зэргийг шалгаж, тулгана. Хөрс хуулалт, олборлолт, ачилт, тээвэрлэлтэд мөн адил хөндлөнгийн экспертүүдийг оруулна. Бүгдийг нь тулгаж үзэж байж тодорхой болно.

-Таны хувьд тухайн компанийн захирлууд өөр хоорондоо зөрүүтэй мэдээлэл өгч байна гэсэн байр суурийг илэрхийлсэн. Тэр нь ямар учиртай юм?

-Нүүрс шатсан, исэлдсэн зэргээр зөрүүтэй мэдээлэл өгсөн нь үнэн. Исэлдсэн ч, шатсан ч тодорхой байх ёстой. Тиймээс зарим үүрэг даалгавар өгсөн. Нэгдүгээрт, уг асуудлаа тодорхой болгох. Хоёрдугаарт, санхүүгийн үйл ажиллагаандаа хөндөнгийн аудит оруулах. Гэхдээ гаднынх. Дотоодоос орууллаа гэхэд хэн нэгний лоббинд автаад буруу зөрүү дүгнэлт гаргаж болно. Түүнийг нь хэт улстөржүүлж, туйлшруулж, хувийн эрх ашгаа бодно. Дүгнэлт нь буруу байгаад төр хохирч болохгүй. Хувь эзэмшдэг бизнес эрхлэгчид хохирч болохгүй. Олон нийт хохирч болохгүй. Гуравдугаарт, уул уурхайн олборлолт, малталт хийдэг геологич, инженерийн багийг оруулж хэмжилтийг маш сайн хийлгэх ёстой. Дөрөвдүгээрт, манай талаас ачиж тээвэрлэсэн нүүрс Хятадын гаальд бүртгүүлдэг. Тэр нь манайд ирдэг. Гааль нь хилийн боомт дээрээ тулгаад буцаагаад төв систем рүүгээ шивж оруулдаг. Гэтэд Хятадын нэгтгэсэн мэдээ нь манай гаалийн төв системд орохдоо зөрдөг тухай мэдээлэл бий. Гаалийн болон холбогдох нөхдүүдийн оролцоо бодитой байгаа эсэхийг шалгах нь зүйн хэрэг. "Эрдэнэс Тавантолгой", "Тавантолгой" ХК ямар ч зөрүүгүй борлуулалтаа хийгээд байхад түүнийг дээр нь сольж хийгээд байвал эцсийн асуудал нь гаальд байна. Үүнийг шалгаж, тогтоох ёстой. БНХАУ-ын талтай хийсэн борлуулалтын гэрээ нь дугаартай байдаг гэж байгаа юм. Тэрхүү дугаарыг авч манайхтай тулж байгаа эсэхийг тогтооно. Ингэхээр бүх юм үндсэндээ тодорхой болно.

Тэндээс авсан мэдээллээр жижиг "Тавантолгой" үйл ажиллагаа явуулаагүй байхад том оврын экскаватор оруулаад хулгайгаар олборлолт хийж, гаргаад явуулсан тухай асуудал байна. Үүнийг тодорхой болгоно. Хийгээгүй байхад нь хардаад байна уу? хийчихээд нуугаад байна уу?. Хувьцаа эзэмшигчдэд нь зөв мэдээллийг өг гэж байгаа юм.

-Хятадын гаалийн мэдээлэлтэй манай талынх байнга зөрж ирсэн тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар аль наймдугаар сараас ярьж эхэлсэн?

-Яриад л байгаа юм. Түүнийг эцэслэж шалгахын тулд цаг хугацаа орно. Шалгалтын явцад янз бүрийн зөрүүтэй мэдээлэл гарна. Давхар нягталж, нотлох ажил гарна. Нүүрсний асар их хулгай байгаа нь бодитой. Гэхдээ яг хэн бэ? хэзээ вэ? гэдгийг шалгаж тогтоох ёстой. Тэгэхийн тулд бүх талын оролцоог хангаж байна.

-Хэн бэ? гэдэг дээр Авлигатай тэмцэх газраас нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар хамааралтай 17 хүний нэрийг зарласан. Тэдгээрт, Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон түүний баг бүрэлдэхүүнд ажиллаж байсан хүмүүс багтсан. Танай намаас гэхэд УИХ-ын таван гишүүн бий. АН-ын хоёр гишүүний тухайд өнгөрсөн дөрөвдүгээр сараас бүдэг бадаг нэр нь явж ирсэн. Харин МАН-ын таван гишүүний хувьд гэнэт гараад ирлээ. Өөрсдөө ч түрүүчээсээ үгүйсгэсэн мэдэгдэл хийлээ. Энэ нь эргээд цаад эзэн холбогдогч нь ил гарсангүй, Ардын Нам нэр бүхий гишүүдээрээ туг тахих нь гэсэн хардлагыг дагуулж байна?

-Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, зөв бурууг нь дүгнэх ямар ч боломжгүй. Нэгэнт хуулийн байгууллага нь нэр зарлалаа. Гэхдээ ямар үндэслэлээр, яаж хулгай хийснийг нь нотлох ёстой. Иргэдийн хүсч байгаа зүйл нь энэ. Нэр нь багтсан хүмүүс ч ярьж байна. Зөвхөн нэр зарласнаар дуусах асуудал биш. Зарласан шигээ нотлох ёстой. Хуулийн байгууллагын хийх ёстой ажил нь тэр.

-Нэрийг нь зарласан гишүүд "Бидний нэрийг намаас өгсөн" гэсэн мэдэгдлийг хүртэл хийлээ. Үнэхээр МАН эдгээр таван гишүүнийг золигт гаргахаар шийдсэн хэрэг үү. Тийм бол өнөөх "Хонгил" гэдэг нь байгаа юм биш үү. Xардах эрх хүн бүрд бий?

-УИХ-ын гишүүн, хувь хүн ч тэр хуулиар олгосон эрхээ эдэлж өөрийгөө хамгаалах, гэмт хэрэгт холбоогүйгээ нотлох, аливаа гүтгэлгийг үгүйсгэх эрхтэй. Байр сууриа илэрхийлэх нь зөв. Гэхдээ асуудлыг нам дээр, Засгийн газрын хуралдаанаар ярьснаар хуулийн байгууллагын үйл ажиллагаа явдаг зүйл ерөөсөө байхгүй. Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдог, дүгнэх эрх хэнд ч байхгүй. Хараат бусаар бие дааж явуулдаг. Гол нь үндэслэлгүй нэр зарладаг, хэн нэгнийг гэмт хэрэгт буруутгадаг, харддаг, сэрддэг, гүтгэдэг байж болохгүй. Арай тийм үндэслэлгүй юмыг хийхгүй байх гэж бодож байна.

-"Эрдэнэс Тавантолгой"-д онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгч томилох шийдвэрийг гаргахаас өмнө Ерөнхий сайдын зүгээс нүүрстэй холбоотой асуудлаар танхимынхаа бүх сайдын байр суурийг сонссон байна лээ. Холбоотой сайд байвал эртхэн албан тушаалаа хүлээлгэж өгөх агуулга яригдсан ч гэдэг?

-Нүүрсний хулгайтай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх үеэр сайд нар байр сууриа илэрхийлсэн. Ерөнхий сайд ч илэрхийлснээр шийдвэр албажсан.

-Засгийн газар өөрөө кабенитын зарчмаар ажилладаг. Тэгэхээр нүүрсний хулгайн асуудлаар шүгэл үлээсэн цагаас Та бүхэн Ерөнхий сайдынхаа хамт нэг завинд суусан гэсэн үг. Өрнөж байгаа үйл явдал, Ерөнхий сайдын баримталж байгаа зарчмаас харахад нүүрсний хулгайн ард гарахын тулд бүх зүйлээрээ дэнчин тавьж байна. Үндсэндээ нүүрсний бүлэглэл ялах уу? эсвэл Засгийн газар огцрох уу? гэсэн амаргүй сонголтын өмнө ирлээ. Энэ асуудал эцсийн үр дүндээ хүрэх үү?

-Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийхдээ тодорхой хэлсэн. Өмнө ч хэвлэлийн хурал, мэдэгдэл хийхдээ хэлж л байсан. Асуудал зөвхөн өнөөдөр яригдаад, тэмцэж эхэлсэн зүйл биш. "Эрдэнэт"-ийн 49 хувь, "Эрдэнэт медипас" эмнэлэг, Дарханы төмөрлөг, Хөтөл, Хөгжлийн банк, ипотек зэргээр явсаар "Эрдэнэс Тавантолгой" түүнийг тойрсон нүүрсний хулгайтай тулж байна. Тэгэхээр хулгайтай гэнэт тэмцэж байгаа гэх нь өрөөсгөл. Олон арван жил бугшсан идээ бээрийг шахаж байна. Буруу жишгийг халах, хариуцлага тооцох, олж илрүүлэхийг зорьж байна. Хариуцлага тооцно гэдэг зүгээр нэг хурал хийж байгаа юм шиг болоод өнгөрдөг зүйл биш. Ялангуяа улс төр, бизнесийн бүлэглэл бүхий олон жилийн сүлжээтэй тэмцэж байна. 5-20 жилийн өмнө бугшиж эхэлсэн асуудалтай тэмцэж байна. Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг ойлгох ёстой. Нөгөө талдаа тэд хэн нэгний нөлөөнд автахгүйгээр шударга ажиллах ёстой.

Мэдээж тодорхой үр дүнд хүрнэ. "Эрдэнэт"-ийн 49 хувийг УИХ, Засгийн газар ярьсаар байгаад буцааж авсан. "Ковид"-ын цар тахлын үед асар том дэмжлэгийг үзүүллээ. "Эрдэнэт медипас" эмнэлгийг үнэгүй авсан байсныг буцааж авснаар өөрсдөө ажиллуулаад явж байна. Хөтөлийн цемент алдаа, оноотой ч ажил нь явж байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг шинэчилж эхэллээ. Хөгжлийн банкны асуудлыг ил гаргаж, шахсанаар 800 гаруй тэрбум төгрөгийг төвлөрүүллээ.

"Чингис бонд"-ын 1.5 тэрбум ам.долларыг өрийг төлж дууссанаар олон улсад зээлжих зэрэглэлээ алдахгүйгээр, Хөгжлийн банкаа дампууруулахгүйгээр авч үлдлээ. Ипотекийн зээлийн асуудлыг цэгцлэх ажлыг эхлүүллээ. Нэгэнт олон нийтийн хараанд өртсөн асуудал. Хаа сайгүй шахаж, шаардаж байгаа ажлын ард гарахгүй л бол болохгүй. Тэгж байж тодорхой үр дүнд хүрнэ.

-Өргөс авсан юм шиг асуудлыг нэг амьсгалаар шийдэхгүй нь лав. Үүсээд байгаа нөхцөл байдлыг харахаар Ардын Намынхан өөрөө өөрсөдтэйгөө, өмнө нь гаргаж байсан алдаатай шийдвэрээ засах, хууль бустай нь тэмцээд байх шиг. "Эрдэнэс Тавантолгой"-д хамаарах оффтейк гэрээнүүдийг нууцын зэрэглэлд оруулах шийдвэрийг гаргасан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүн болох УИХ-ын дарга, Ерөнхий сайд нь гэхэд Танай намынх. Үндсэндээ 2016 оноос хойш зургаан жилийн хугацаанд үнэмлэхүй олонхиор засагласан цорын ганц нам нь МАН. Удахгүй долоо дахь жил рүүгээ орох гэж байна?

-Цаашдаа нууц гэдэг зүйлийг байхгүй болгоё гэж байгаа юм. Нууц юмны ард нууц хуйвалдаан явуулдаг асуудал байна. Түүнийг дагасан авлигын, албан тушаалын гэмт хэрэг байгаа учраас нууцад оруулахаа больё. Үүнийгээ өөрчлье. Үндэсний аюулгүй байдал, түүнийг дагасан дэд бүтцийн бүтээн байгуулалтаас үүдэж гарах эрсдэлээс сэргийлсэн байж болно. Цаг хугацаа хэмнэх, түргэн шуурхай байх үүднээс хийсэн юм эргээд алдаа болсон зүйл байна. Тиймээс ил болгож байна гэж ойлгож байгаа. Өнгөрсөн хугацаанд төрийн өндөрлөгүүд байхдаа өөрсдөө хийсэн учраас түүнийхээ эсрэг тэмцээд байна гэж харахаас илүүтэй цаашид ийм нөхцөл байдал үүсгэхгүй байх алхам хийсэн гэж ойлгох хэрэгтэй.

-Төмөр замын бүтээн байгуулалтын тухайд УИХ-аас баталсан тогтоолынхоо хүрээнд Засгийн газар нь, салбарын яам нь хийж хэрэгжүүлэх ажил. Гэтэл заавал Ерөнхийлөгчийн институц нь өөр рүүгээ татаж авчраад , бүр манлайлж ажиллах нь зөв байсан юм уу? Нэмээд санхүүжилтийн гэрээгээ нууцын зэрэглэлд хамааруулсан нь ноцтой биш үү?

-Ер нь ил явах ёстой л асуудал. Цаана нь хэн нэгний эрх ашиг байж болохгүй л юм. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нь ч бай. Салбарын яам гэж байна. Хариуцсан албан тушаалтнууд нь байна. Салбар хариуцсан яам нь тухайлсан чиглэлийнхээ асуудлыг хариуцах ёстой. Хөндлөнгөөс хэн нэгэн нь ордог, янз бүрийн эрх ашигтай орооцолдож ирсэн нь Монгол Улсыг өнөөгийн нөхцөл байдалд оруулсан гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Ямар ч чиг үүрэгтэй юм, тэрийгээ хий.

Оффтейк гэдэг нь бараа солилцоогоор л хийсэн гэрээ байхгүй юу. Төлбөрийг нь нүүрсээр хийхээр. Гэхдээ хямдралтай өг гэж хэн ч хэлээгүй шүү дээ. Тэдэн төгрөгөөр хий гэсэн бол тэрийг дахиж нэмээд хэдэн зуун сая ам.доллараар хэмжигдэж огт болохгүй. Км нь хоёр сая ам.доллар байхад тав, арав, тавиар нь нууц нэрийн дор хийдэг хулгай байж болохгүй. Төрийн нууц нэрээр ард иргэдийн боломжтой нь цөлмөдөг байж болохгүй. Иймэрхүү хувийн эрх ашигт нийцсэн, нэгээс хоёр компанид давуу эрх олгох нь өөрөө хууль бус. Долоогоос найман гэрээнд яахаараа хоёрхон компани давуу эрх эдэлж ордог юм. Бусад нь яасан юм. Боломж олгох ёстой. Тэгэхийн тулд нээлттэй байх ёстой. Нууц нэрийн дор тэрбум, тэрбум ам.долларын гэрээ хийхийг бизнес гэж хэлэхгүй.

-Нэг ёсны шахаа...

-Бүтээн байгуулалт хийгээд байхгүй төмөр замыг бий болгосон нь сайн хэрэг. Гэхдээ тэр хэмжээний мөнгийг хэд дахин хямдаар, түүнээс илүү хийх хэмжээний аж ахуйн нэгж, мэргэжилтнүүд Монголоор дүүрэн байна. Яахаараа төрийн нэрээр далд хулгай хийдэг юм.

-Нүүрсний хулгайтай бодитоор тэмцэх, түүнийг илрүүлэх Засгийн газрын шийдвэр албажсан өдрөөс хойш Танай танхимын "цаг агаар" ямар байгаа вэ? Жишээ нь, нүүрсний хэрэгт хамаарал бүхий сайд энэ Засгийн газарт таваар тогтохгүй бий гэсэн яриа байгаа шүү дээ?

-Ерөнхий сайдын зүгээс маш хатуу хэлж байгаа. Сайд нараас хэн нэгэн нь нүүрсний гэмт хэрэгт холбогдсоныг хуулийн байгууллагаас тогтоовол сайн дураараа ажлаа өгч шалгуулаарай гэдгийг. Засгийн газрын хуралдааны үеэр үүнийгээ ч маш тодорхой хэлсэн. Хоёрдугаарт, Засгийн газар танхимын зарчимтай. Ерөнхий сайдынхаа бодлогыг дэмжиж, дагаж, биелүүлэх ёстой. Үүнд ганцаарчилсан тоглолт гэдэг зүйл огт байхгүй. Нүүрсний хулгайн эсрэг тэмцлийг Засгийн газрын гишүүн битгий хэл олон нийт дэмжиж байгаа шүү дээ.

-Ерөнхий сайдын, Засгийн газрын тэмцлээс үүдэж Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, авлига, албан тушаалын гэмт хэрэгт ногдуулах ялын бодлогыг чангаруулах асуудлыг парламентаар хэлэлцэж эхэллээ. Олон нийтийн зүгээс ч Эрүүгийн хуулийн 22.1 дэх заалтыг өөрчлөх шаардлагыг тавьж байгаа?

-Эрүүгийн хуульд албан тушаал, авлигын хэрэгт хамаатай бол хатуу хариуцлага тооцох заалт оруулж байгааг дэмжинэ. Тэгэх ч ёстой. Энэ өөрчлөлтийг хийхдээ бусад хууль тогтоомжтойгоо уялдуулах хэрэгтэй. Нэг хуулийг, зүйлийг шийдэж, асуудлыг чангаруулж байна гээд бусадтайгаа уялдахгүй байж болохгүй. Үүнийг дагасан ямар нэгэн хэмлэгдүүлэлт явж болохгүй. Хэмлэгдүүлэлт явуулах хуулийн цоорхой бий болгох учиргүй. Зарчмын хувьд хатуу дэмжиж байгаа ч агуулгын тухайд эргэж харах цөөнгүй асуудал байна. Гэмт хэрэгтэй тэмцэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах байгууллага нь Засгийн газар. Харин албан тушаалтанд боломж олгодог, хэрэг наймаалцдаг, хэн нэгнийг золиосолж болохгүй. Төрд ажилласныхаа төлөө хэлмэгдэх ёсгүй. Эрхээ хэрэгжүүлдэг, үүргээ биелүүлдэг, хариуцлагаа үүрдэг л байх ёстой.

-Хүнийг хэлмэгдүүлж болохгүй гэдэгтэй Тантай 100 хувь санал нэг байна. Гол нь ЖДҮ, Капитал болон Хөгжлийн банкны гээд олон хэрэг бий. Эзэн холбогдогч нь тодорхой байсаар байтал ял наймаалцах зарчмаар хөнгөн ял явдаг, багахан хэмжээний торгууль ногдуулдаг. Ийм байхад иргэд эгдүүцэх нь, жагсаж тэмцэх нь, шаардах нь зүйн хэрэг. Яах аргагүй цаг үеийн шаардлага нь өөрөө ийм өөрчлөлт рүү түлхэж байна?

-Ялын бодлогыг чангалах ёстой юу? гэвэл тийм. Таарсан ялыг нь өгч, үүрүүлэх ёстой. Харин наймаалцаж болохгүй. Чадалтай эрх мэдэлтэй нь наймаалцдаг, энгийн иргэн нь хохирох учиргүй. Хэрэг хийсэн бол хэн ч байсан хатуу хариуцлагаа үүр.

-Хүссэн ч эс хүссэн ч олон нийтийн анхаарал нүүрсний хулгай тойрсон асуудал руу чиглэж байна. Эрүүгийн хуулиар ялын бодлогыг хэрхэн чангалах Засгийн газраас өргөн барьсан төслийг УИХ-аар хэрхэн хэлэлцэхийг дор бүрнээ анхааралтай ажиглана. Үүнтэй зэрэгцээд Төв банкны ерөнхийлөгчийг хариуцлага хүлээж, огцрох ёстой гэдгийг Таны зүгээс мэдэгдчихлээ. Улс төр талаасаа мэдээж анхаарал хандуулах сэдэв. Гэхдээ энэ бүхний шалтгаан нь ипотекийн зээлийг наймаас зургаан хувь руу оруулах асуудлыг дэмжээгүйтэй холбоотой юу? Үндсэндээ энэ бол Таны "туг"-аа болгож ирсэн сэдвийн нэг?

-Ипотек тойрсон асуудал одоо үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулж гэнэт гаргаж тавьсан зүйл биш. УИХ-ын гишүүн болсноосоо хойш ярилаа. Дарханы төмөрлөг, Хөтөл, "Эрдэнэт медипас", ипотекийн зээлийг хөндлөө. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Шадар сайдын эрхлэх асуудлын харьяанд явдаг. Ипотекийн зээлтэй 110 мянга гаруй өрхийн 4-5 мянга нь тав, 16-17 мянга нь зургаан хувийн хүүтэй зээлтэй. Тэгсэн мөртлөө 65 мянга нь найман хувийн хүүтэй. Яахаараа төрийн үйлчилгээ, хөтөлбөр иргэдэд тэгш бус хүрдэг юм. Шударга бус байж болохгүй. Эх үүсвэр нь өөрөө Монголбанкнаас гардаг. Өнгөрсөн хугацаанд 6.5 их наядын санхүүжилт хийсэн байдаг. Үүний таван их наядыг Монголбанк, 400 гаруй тэрбумыг арилжааны банкууд, үлдсэнийг нь Засгийн газраас гаргасан. Үндсэндээ Засгийн газар, Монголбанк нийлээд 6.5 их наядыг хөнгөлөлттэй нөхцөлөөр санхүүжүүлсэн. Энэ нь нэг хувиар гарсан. 2013 онд гэсэн үг. Найман хувь руу шилжүүлэхээс өмнө 12-13 байсан юм. Энгийн л ойлголт. Нэг хувьтай эх үүсвэрийг иргэдэд яагаад наймаар өгдөг юм.

Найман хувиар гаргачихаад буцаад ипотекийн эх үүсвэр, хүртээмжийг нэмэгдүүлэх, илүү олон айл өрхийг орон сууцжуулах чиглэлд орж байгаа бол өөр асуудал. Гэтэл тийм юм байхгүй. Яагаад гэхээр 2.9 хувь нь МИК-ээр дамжиж арилжааны банкуудад очдог. Түүнд нь Монголбанк зөвшөөрөл өгдөг. Өөрөөр хэлбэл, хууль бус, хулгай хийсэн орлогоор банкны хөрөнгийн дүрмийн санг өсгөж байгаа юм. 

-Эцсийн зөвшөөрлийг арилжааны биш Монголбанк олгодог гэсэн үг үү?

-Тийм. Санхүүжилтийг нь хийнэ, журмыг нь батална. Ер нь Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах асуудал анх удаагаа хөндөөгүй. УИХ дээр өнгөрсөн хаваржингаа үүссэн. Ганц хүний асуудал биш. Цаана нь асар том санхүү, мөнгө угаалт, албан тушаалын холбоо байна. Ипотекийн зээл Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан дүрмээр явдаг. Дүрэмд зээлийн эргэн төлөлтийн санхүүжилтээр Засгийн газрын үнэт цаасыг худалдаж авч болно, шалгуур хангасан банканд мөнгөн хэлбэрээр хадгална гэсэн заалттай. Гэтэл 2018 онд журамд өөрчлөлт оруулж, "Хуулийн этгээдэд хөрөнгө оруулж болно" гэсэн үг нэмээд 170 тэрбум төгрөгийг хууль бусаар гаргасан. Тэгэнгүүтээ тухайн заалтаа эргээд аваад хаячихсан байхгүй юу. Нэг ёсны санхүүгийн бүлэг этгээдүүдийн үгсэн хуйвалдсан үйлдэл. Ипотекийн зээлийг санхүүжүүлэх бус банкны эздийн хөрөнгийг нэмэгдүүлэх эх үүсвэр болсон байгаа юм. Түүнийг Монголбанк бүртгэчихсэн.

-170 тэрбум төгрөгийг гаргахын тулд журамд өөрчлөлт оруулаад эргээд хүчингүй болгож болдог хэрэг үү?

-Санхүүгийн асар том мөнгө угаалтын схем байхгүй юу.

-Ипотекийн зээлийн хүүг бууруулах асуудлаар Монголбанкны ерөнхийлөгчтэй нэг бус удаа уулзсан хүний хувьд энэ үйлдэлдээ ямар нэгэн тайлбар хэлж байх юм уу?

-Уулзаж, ярилцаад ажлын хэсэг хүртэл байгуулсан байдаг юм. Үүнийг би ганцаараа яриагүй. Би өөрөө банкны ажилтан, ипотекийн мэргэжилтэн биш. Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Барилга, хот байгуулалтын яам тэргүүтэй 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулаад бүтэн найман сарын хугацаанд ажилласан. Монголбанкны хэлтсийн дарга нь хүртэл гарын үсэг зурснаар Засгийн газрын тогтоолоор 170 тэрбум төгрөгийг буцааж төвлөрүүлье. 2023 оны нэгдүгээр сараас Монголбанк ипотекийн зээлийг авч явахгүй байя. Олон улсын байгууллагаас зөвшөөрөхгүй байгаа учраас Барилга, хот байгуулалтын яам руу шилжүүлье гэсэн асуудлыг ярьсан. Бүгдээрээ "За, Зу" болцгоосон. Засгийн газраас Монголбанканд үүрэг өгөхгүй. Хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг УИХ-ын дэргэдэх бүтцийн байгууллага. Бид нэг төртэй, нэг эх оронтой, нэг эрх ашигтай хүмүүс. Гэтэл Засгийн газрын хуралдаанд оруултал эсрэг байр суурь илэрхийлсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй байгааг харуулсан.

Засгийн газраас оруулах тогтоолын төсөлд зөвхөн хүү бууруулахаар тусгаагүй. Наймаас зургаа руу буулгах, илүү хүртээмжтэй болгох, хууль бусаар гаргасан 170 тэрбумыг буцааж төвлөрүүлэх тухай багтсан. Гэвч өмнөх байр сууриасаа эсрэг юм яриад эсэргүүцэж суугаа нь хууль бус үйл ажиллагаагаа хаацайлж байгаагийг илрэл.

-Төв банкны ерөнхийлөгч нь өөрөө тийм байр суурь илэрхийлсэн юм уу?

-Тэгсэн. Дөрөвдүгээр сараас хойш олон удаагийн уулзалт хийсэн. Зургаан хувь руу оруулах бүрэн боломжтой гээд ажлын хэсгийн дүгнэлт нь гарсан. Гарын үсгээ зурсан. Өөрөө бичгээр илэрхийлж ирсэн. Бүх юм тодорхой, байр сууриа нэгтгээд Засгийн газрын хуралдаан руу оруулахаар болохгүй, эргэж харах ёстой гэж байгаа юм. Гадагшаа гарахаараа Монголбанк ипотекийг үргэлжлүүлэх боломжгүй гэнэ. Засгийн газар руу шилжүүлэх ёстой гэнэ. Шийдээд, шилжүүлье, хулгайлагдсан мөнгөө буцааж авъя гэхээр боломжгүй гэх жишээтэй.

-170 тэрбум гэдэг бага мөнгө биш?

-Асар их мөнгө. Тогтоол гаргахыг эсэргүүцэж байгаа нь нөлөөнд автсаны л илрэл.

-Монголбанкны ерөнхийлөгчийг огцрууллаа гэж бодъё. Гэтэл дараагийн хүн нь гарч ирээд бас боломжгүй гэсэн хариулт өгвөл яах вэ? Нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн дүн өөрчлөгдөхгүй гэдэг шиг...?

-Монголбанкны ерөнхийлөгч би эсвэл Засгийн газар огцруулах асуудал байхгүй.

-Эцсийн шийдвэрийг УИХ гаргаж таарна?

-Нэг хүнийг зөвхөн огцруулах асуудал биш. Огцруулаад араас нь шалгах ёстой. Хууль бус үйлдлийг нь гаргаж тавь. Хариуцлагыг нь үүрүүл. Монголбанк өнөөдөр арилжааны ченж шиг болчихсон үйл ажиллагаа явуулж байна. Гадаад хүчин зүйл, дотоод нөхцөл байдлаас үүдсэн хямрал мэдээж бий. Гэхдээ мөнгөний бодлогыг дан ганц нүүрсний, экспортын орлогод тулгуурлаж явуулдаг Монголбанкны ерөнхийлөгч байж ёсгүй. Хажуугаар нь асар олон зохицуулалтыг хийх ёстой. Валют орж ирээд байдаг. Буцаагаад гаргадаг. Түүнд ямар ч зохицуулалт алга. Арай гэж нүүрсний орлого орж ирэхээр буцаагаад импортын төлбөрт бүгдийг нь гаргаад тавьж байна. Засгийн газар нь нөөцөө бүрдүүлэх гээд байхад зөв зохицуулалт хийх нь наад захын ажил. Төлбөрийн тэнцэл бүртгэхээс өөр ажилгүй явж ирсэн. Төв банкны ерөнхийлөгч гэдэг үндэсний мөнгөн тэмдэгт дээр гарын үсэг зурдаг хүн. Үндсэн үүрэг нь төгрөгийн үнэ цэнийг хадгалах. Түүнээс ам.доллар, алт авдаг, дундаас нь ашиг унагаадаг сүлжээний нөхдийг тэтгэдэг байж болохгүй. Зөвхөн энэ банкны ерөнхийлөгч биш. Өмнөх ерөнхийлөгч нарын үед ченж шиг ажиллаж ирсэн шүү дээ. Нэг банк ханшийн зөрүүнээс 60 тэрбумын ашиг олж байсан тохиолдол ч бий. Банкны салбар үндсэндээ цус ойртолтод орсон. Тэдний дохио, хүслээр л ажиллаж байна. Ийм тогтворгүй, байр суурьгүй, өөрийн гэсэн бодлогогүй, тооцоо судалгаагүй байж болохгүй ээ.

-Магадгүй нүүрсний хулгайн асуудал цэгцэрсний дараа эсвэл зэрэгцээд Төв банкны ерөнхийлөгч суудалтайгаа үлдэх үү? үлдэхгүй юу гэсэн асуулт гарч мэдэх нь. Яагаад гэхээр Таны мэдэгдэл хувь улстөрчийн гэхээсээ Засгийн газрын байр сууриар харагдах талтай?

-Ерөнхий сайдын байр суурь ч ижилхэн. Засгийн газрын хуралдааны үеэр тэрийгээ илэрхийлчихсэн юм. Ажлаа хийж чадахгүй бол хариуцлагаа хүлээ гэдгийг Хэрэг эрхлэх газрын дарга хэлсэн. Тэгэхээр зөвхөн би хэлээд байгаа юм биш. Ерөнхий сайд УИХ-ын даргатай уулзаж энэ асуудлыг ярина гэдгээ илэрхийлсэн.

-Санал оруулах эрх нь УИХ-ын даргад бий?

-Ипотекийн зээлийг Барилга, хот байгуулалтын яам руу шилжүүлбэл нөгөө нөхдүүдийн хэдэн зуун тэрбумаар нь иддэг асуудал байхгүй болно. Хулгай нь үгүй болно. Засгийн газрын тогтоол баталбал өөрсдөө 170 тэрбум төгрөгийн хэрэгт явчих гээд байгаа юм. Тийм учраас УИХ-аар нээлттэй сонсгол хийх хүртэл арга хэмжээнд хүрнэ гэж ойлгож байна.

/baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 21 цаг 10 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 21 цаг 10 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 22 цаг 39 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 23 цаг 8 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 23 цаг 15 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 23 цаг 24 мин 1968 оны Чехословакийн хавар 23 цаг 52 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top