Цагдаагийн албан тушаалтнууд уул уурхайн компанитай холбоотой авлигын хэрэгт шалгагдаж, энэ хэрэгтэй холбоотой 1,3 сая ам.долларыг айлын гэрээс хураасан тухай дуулиан дэгдээд удаагүй байна. Энэ мөнгийг нууж байсан этгээд ямар нэгэн албан тушаалтан биш. Төрийн албан хаагч ч биш, энгийн иргэн” АТГ-ийн Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг ингэж мэдэгдсэн.
Тэгвэл энэ хэргийг яагаад цагдаагийн байгууллага биш, АТГ шалгаж байгаа хэрэг вэ? Учир нь цагдаагийн албан хаагч төрийн албан хаагч учраас тэдэнтэй холбоотой авлига, албан тушаалын хэргийг хуулиараа АТГ-т харъяалуулсан гэнэ.
Уг нь бол энэ хэрэг ашигт малтмалын лиценз худалдсан, худалдаж авсан хоёр иргэний хооронд үүссэн маргаан. Нэг нь лицензээ худалдсаныхаа дараа тэр нь өөрийнх нь зарсан үнээс хавьгүй илүү үнэ цэнэтэй орд байсныг мэдээд наймаа буцсан, нөгөөх нь лицензийг буцаахгүйн тулд шүүхэд хандсан. 5-6 жил шүүхээр явсан энэ маргаанд цагдаагийн албан тушаалтнууд (шүүх шинжилгээнийнхэн) оролцож, хуурамчаар дүгнэлт гаргасан, эсвэл хуурамч болохыг нь нотлохын тулд хуурамч дүгнэлт гаргасан. Ийм л зүйл болсон аж.
Саяхан АТГ-ынхан сар бүрийн ээлжит мэдээллээ хийхдээ “Иргэний нисэхийн ерөнхий газар гадаадад гэрээгээр сургаж байгаа оюутнуудын сургалтын төлбөрт 2013-2016 онд буюу дөрвөн жилийн дотор 9.8 тэрбум төгрөг төлсөн. ИНЕГ-ын тэтгэлгээр 2015-2017 онд 93 оюутан гадаад улсад суралцан төгссөнөөс 39 нь ажилд ороогүй, 2017 онд 13 оюутан төгсөж ирснээс 12 ажилд ороогүй байна. 2017 онд тус газрын тэтгэлгээр нийт 22 хүн гадаадад суралцахаар явснаас 16 оюутны эцэг, эх нь Зам тээврийн яам, ИНЕГ, “МИАТ” ТӨХК, Улаанбаатар төмөр зам ХНН-т ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа хүмүүс, тэдгээрийн хамаарал бүхий этгээд байна” хэмээн мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, 16 хүн дээр шинээр хавтаст хэрэг нээх нь л дээ, АТГ.
Дээр нь сургууль, цэцэрлэгийн захирлууд, эмч, багш нар бүгд АТГ-ын “эрхлэх ажлын хүрээний” ёстой субект болчихоод байгаа. Эцэг эхээс, өвчтөнөөсөө “набор, цэцэг” авсан ч АТГ шалгана. Сүүлийн жилүүдэд АТГ сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч нартай л хөөцөлдөөд байснаас яг авлигын том хэргүүдээ шийдвэрлэж чадсан уу? Нөгөө Оюутолгойн гэрээнд оролцсон гурван сайд, “Эрдэнэт”-ийг барьцаанд тавьсан захирлуудын асуудал юу болсон бэ? Таг чиг. Нийгэмд шуугиан үүсээд ирэхээр л хэдэн хүнийг барьж хорьдог, хэргээ илрүүлж чадахгүй болохоороо буцаагаад тавьдаг тийм л ажил хийж байна. “Авлигатай тэмцэх” гэсэн сайхан нэртэй “шүдгүй арслан” л болоод байна.
Хэрвээ АТГ гэмт хэрэгтэй тэмцдэг байгууллага мөн юм бол гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг хэрэгжүүлдэг Засгийн газар, Хууль зүйн яамандаа харьяалах ёстой. Гэтэл дарга удирдлагыг нь УИХ-аас томилдог, чөлөөлдөг, УИХ-ын өмнө үйл ажиллагаагаа тайлагнадаг байхаар гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг хэн хэрэгжүүлээд байгаа нь тодорхойгүй. АТГ гэмт хэрэг илрүүлэх, үгүй нь сонин биш, дарга удирдлага нь хэний хүн байх вэ, хэний эрх ашгийг төлөөлөх вэ? гэдэг л тэмцэл явж байна.
Өнгөрсөн хавар тавдугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулга “АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх эрхээ ард түмэнтэйгээ хуваалцаж байна” гээд цахимаар санал асуулга явуулж, хоёр хүнийг нэр дэвшүүлэн УИХ-ын даргад хүргүүлсэн. УИХ-ын дарга хариуд нь “АТГ-ын дарга, дэд даргыг томилох чөлөөлөх эрх нь УИХ-д бий. УИХ АТГ-ын даргыг чөлөөлөх шийдвэр гаргаагүй” гэж хэлээд буцаасан. Нэг нь АТГ авлигын хэрэгтэй тэмцэж чадахгүй байна гээд, нөгөө нь тэмцэж байгаа гээд суугаад байдаг. Яг үнэндээ хууль нь ийм байхад тэнд хэн ч байгаад “Авлигатай тэмцэх” боломжгүй юм байна гэдгийг бид бүгдээрээ 10 жил харлаа, үзлээ. Харин хэн хүчтэй байна, тэрний нөмөрт хоргоддог, хий гэснийг нь хийдэг, хийсэн болж харагдахыг хичээдэг тийм л байгууллага болж.
Саяхан “мандсан” 1,3 сая ам.долларын хэрэг ч гэсэн ялгаагүй мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн зодоон гэдэг яриа үнэн байх талтай. Авлига авсан гээд байгаа цагдаагийнхнийг барьж хорисны дараа авлига өгсөн гээд байгаа хятадууд нь бүгд хилээр гараад явчихсан. Монголын хилээр ороод ирвэл бариад авах нь тодорхой учраас тэд эргэж ирэхгүй нь тодорхой. Харин уул уурхайн лиценз нь манай бас нэг “олигархийн” гарт очих биз. Манай хууль, хүчний байгууллагууд иймэрхүү “дээрмийн” ажиллагаанд оролцож байсан нь ямар анхных биш дээ.
Б.ЗАЯА