Хуульч Ч.Өнөрбаяртай ярилцлаа.
-Манай улс сонгуулийн тогтолцоогоо хэрхэн яаж өөрчлөх хэрэгтэй вэ?
-Монгол Улс шиг хоёр том гүрний дунд оршдог улсын хувьд парламентын засаглалаа бэхжүүлэх нь туйлын чухал. Парламентын засаглалаас хэзээ ч буцаж, ухарч болохгүй. Гэхдээ парламентын засаглал юун дээр тогтдог, тулгуурладгийг бодох ёстой. Парламентын засаглалын хамгийн гол тулгуур нь парламентад суудалтай улс төрийн намууд байдаг. Гэтэл манай Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль дампуурчихсан байгаагаас болоод асуудлууд бугширч парламентад суудалтай улс төрийн намуудын нэр хүнд шалан дээр уначихсан. Үүнээс үүдэн парламентад итгэх иргэдийн итгэл үгүй болж, УИХ-ын 76 гишүүнээ 76 хулгайч, дээрэмчин гэж хардаг болсон. Нөгөө талдаа дарга шүтдэг сэтгэлгээ манайд олон жил явсаар ирсэн. УИХ-ын 76 гишүүн гэдэг бол ард түмний төлөөлөл, мандат авсан иргэн. Жирийн иргэдээс ялгаатай нь тодорхой тооны иргэдийг төлөөлж, Монгол Улсын нийтлэг эрх ашгийн өмнөөс дуугардаг, байр сууриа илэрхийлдэг, хууль батлан гаргадаг л хүмүүс. Гэтэл өөрсдийгөө 76 дарга хэмээн ойлгочихсон. Үүний урхагаар Засгийн газрын сайд нартайгаа эрх мэдэл булаацалддаг болсон. Энэ нь парламентын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Ийм учраас тогтолцооны шинэчлэлийг хийх ёстой хэмээн харж байна.
-Яагаад Ерөнхийлөгчийн засаглалтай байж болохгүй гэж?
-Хүн хийж үзээгүй, хүрч, авч үзээгүй зүйлээ хүсдэг л дээ. Гэхдээ бидэнд өөрсдөө туулж үзээгүй ч хүн төрөлхтний туулчихсан гашуун туршлага байна. Ялангуяа том гүрнүүдийн дунд оршиж байгаа манайх шиг улс орнууд ихэвчлэн парламентын засаглалыг сонгодог. Үүгээрээ би Ерөнхийлөгчийн засаглалыг муу гэж хэлэх гээд байгаа юм биш. Хөрш орнууд нь нэг хүнд, нэг намд төвлөрсөн тогтолцоотой байгаа тохиолдолд ардчиллын дархлаагаа бий болгохын тулд үүнээс зөрсөн тогтолцоог сонгодог. Тухайлбал, хамгийн сүүлд Казахстан улс Ерөнхийлөгчийн засаглалаас парламентын засаглал руу шилжих нь зүйтэй гэдгийг ярьж байна. Манай улсын тухайд авторитар дэглэмтэй буюу нэг улс төрийн нам, нэг хүнээс хэт хамаардаг орнуудын дунд оршиж байгаа учраас олноороо асуудлаа ярилцаж шийдэж байх нь зүйтэй хэмээн үздэг. Хэрэв Ерөнхийлөгчийн засаглалтай болж нэг хүнд хэт их эрх мэдэл төвлөрвөл тухайн хүн ямар нэгэн байдлаар гадны нөлөөнд автах, худалдагдах гэх мэт эрсдэл өндөр. Тийм учраас түүхэн туршлагаар нотлогдсон парламентын засаглалтай байх эсэх асуудалд эргэлзэх шаардлагагүй. Ерөнхийлөгчийн засаглал зохих орондоо зохидог. Гэхдээ Монголд хэзээ ч зохихгүй.
-Тэгвэл нэн тэргүүнд сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх нь зүйтэй гэж ойлгож болох уу?
-Яг тийм. Сонгуулийн тогтолцоог нэн яаралтай өөрчлөх ёстой. Үгүй бол өнөөдрийн мажоратор тогтолцоотой байснаас үүдэн Сангийн сайд хэн болно, тэр нь аль тойргоос сонгогдсоноос шалтгаалаад тойрогтоо л их мөнгө зарцуулдаг. Тухайлбал, Увс аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Сангийн сайд болвол Увс аймгийн, Хэнтий аймгаас сонгогдвол Хэнтий аймагт зарцуулах хөрөнгө оруулалт, төсвийн мөнгөний хэмжээ нэмэгдсээр байдаг. Тэнд байгаа 2000-5000 иргэний л асуудлыг шийддэг. Гэтэл гурван сая монголчуудын өмнө тулгамдаад байгаа асуудлын шийдэл бодлого нь гардаггүй. Ийм байж болохгүй шүү дээ. Мөн жижиг мажоратор тогтолцоогоор сонгууль явуулснаар сонгогчдын саналыг худалдаж авахын тулд иргэдийг бүлэглэж мөнгө, гурил будаа, элдэв бэлэг сэлт тараадаг. Энэ сонгуулийн тогтолцоог өөрчлөхгүйгээр 2023 онд ээлжит бус сонгууль зарлаад ч энэ байдал өөрчлөгдөхгүй. Одоогийн 76 гишүүний нэрийг өөрчилж болох ч тогтолцоо нь хэвээр л байна. Тогтолцоогоо өөрчлөөгүй цагт иргэд, сонгогчдын саналыг мөнгөөр худалдаж авсан дараагийн ээлжнийхэн гарч ирэх л болно. Өнөөдөр МАН-тай өрсөлдөх мөнгөтэй хэн ч байхгүй. МАНнайман жил дараалан олонх болж, засгийн эрхийг авсан. Дээр нь ЖДҮ, концесс, нүүрс, Хөгжлийн банк гэх мэт олон хулгай гарлаа. Үүнийг дагаад эрх баригч намыг дагасан хэсэг үндсэндээ хамгийн баян байна. МАН-д үйлчилсэн бизнес эрхлэгчдийн бизнес хамгийн их томорсон, цэцэглэсэн. Бусад нь хаалгаа барьсан. Тиймээс мөнгөнөөс хамаарсан сонгуулийн тогтолцоог халах хэрэгтэй. Яагаад урлаг соёлын бүх одууд МАН-ын улстөрчдийг уухайлан дэмжсэн юм. Мөнгөний хэмжээндээ л байгаа ш дээ. Бусад нэр дэвшигчид МАН-ынхны нэр дэвшигчдийн өгч байгаа мөнгийг өгч чадахгүйд л учир нь байгаа юм. Тогтолцоогоо өөрчлөхгүйгээр 2024 онд болох ээлжит сонгуулийг наашлуулаад, УИХ, Засгийн газрыг тараагаад ямар ч өөрчлөлт гарахгүй.
-Мажоратор тогтолцоогоор сонгууль явуулах боломжгүй юм бол холимог болон пропорциональ тогтолцооны алийг нь ашиглах нь манайд илүү тохиромжтой гэж?
-Үндсэн хуулийн Цэцээс холимог системийг ашиглах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Гэхдээ холимог системийн листийг намууд эрэмбэлдэг байж болохгүй. Иргэд эрэмбэлдэг байж болно. Түүнчлэн тойргуудыг томосгох ёстой. Өөрөөр хэлбэл, 3-5 сумыг нийлүүлээд нэг тойрог болгож байгаа нь мөнгөөр сонгогдох боломжийг олгоод байна. Ингэж сонгогдсон гишүүдийг иргэд мэддэггүй, таньдаггүй. Бүр “Ийм гишүүн байдаг юм уу” гээд байдаг. Жалганаас сонгогдсон гишүүн байгаа учраас иргэд мэддэггүй. Тиймээс тойргоо томосгож аймгуудыг нэг тойрог болгочихвол мөнгөтэй хүн мөнгө цацаад ч бүх сонгогчдыг худалдаж авч чадахгүй. Тиймээс энэ ситем рүү л явах ёстой. Мөн парламентын гишүүдийг дарга гэдэг ойлголтоос нь гаргачихвал, парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэхэд болохгүй зүйлгүй. Харин данхар төрийг бий болгоод байгаа яамдуудынхаа тоог цөөлөх хэрэгтэй. Монголд 21 сайд байгаад яах юм бэ. Түгжрэлийг шийддэг сайдтай улс манайхаас өөр байхгүй. Монгол Улс шиг оны шилдэг яам шалгаруулдаг улс дэлхийд байхгүй. Ийм ичгэвтэр, онигоотой зүйлээ өөрчил. Ийм жүжиг тавьдгаа болих хэрэгтэй.
-Гишүүдийн тоог нэмэгдүүлэхээр бол хэд болгох нь зохимжтой вэ?
-Дэлхий нийтэд байдаг сонгогчийн тооноос парламентын гишүүний тоог хувилаад үзэхээр манай улсын хувьд парламентын гишүүдийн тоо 120-140 байх нь зохимжтой. Дахин хэлэхэд, УИХ-ын гишүүдийн дарга гэдэг ойлголтыг хаа хаанаа бүр алга болгох хэрэгтэй. Дээрээс нь улс төрийн намууд хоорондоо том том байраараа өрсөлддөгөө болих хэрэгтэй. Монгол шиг улс төрийн намууд нь дороо кофе шоп ажиллуулаад, түрээслээд, компани аятай бизнес хийж ашиг олдог намтай орон дэлхийд байхгүй. Харин парламентад байгаа суудлын тооноос нь хамаарч төрийн байранд байлгаж өрөөг нь хуваарилдаг. Түүнчлэн намууд шилэн байж бие биедээ хяналт тавих боломжийг нь олгочих. Мөн улс төрийн намууд бүгд өөр өөр дүрэмтэй байгаа. Үүнийг нэг дүрэмтэй болгоё. Харин үзэл баримтлалаараа ялгардаг, өрсөлддөг байж болно. Парламентад суудалтай намуудын нэр хүнд энэ байдлаараа унасаар байвал Монгол төрийн дархлаа байхгүй болох нь. Хэрэв сонгуулийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр буюу суурь өөрчлөлтүүдээ хийхгүйгээр 2023 онд ээлжилт бус сонгууль явуулж, МАНмөнгөөрөө далайлгаж ялалт байгуулбал иргэд итгэхгүй. Иргэдийн амьдралыг туйлд нь хүргэчихээд гурав дахь удаагаа ялалт байгуулбал иргэд сонгуулийн үр дүнд итгэхгүй. Дахин долдугаар сарын 1-ний үйл явдал давтагдах эрсдэлтэй. Энэ бол аюултай. Том зургаараа манайд ардчилал, парламентын засаглал, УИХ, Засгийн газар хэрэггүй юм байна гэх ойлголт руу орно. Төр үнэгүйднэ. Монгол төрийн бодлого, алсын хараа өвлөгдөөд явах учиртай. Даанч эрх баригчидын байж байгаа царайг харахад юу хийхээ мэдрэхгүй, ойлгохгүй байгаа нь харагдаж байна.
-Таны хэлж байгаа өөрчлөлтүүдийг хийхийн тулд Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг нэн яаралтай өөрчлөх хэрэгтэй юм байна. Эдгээр хуулиуд хаана очоод гацчихсан байна вэ?
-Миний хувьд Үндсэн хуулиа ойрхон ойрхон өөрчлөхийг огтоос дэмждэггүй. Өнөөдөр Үндсэн хуулийн Цэц сонгуулийн холимог тогтолцоогоор сонгууль явуулж болно гэх шийдвэрийг гаргачихсан. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр бол эцсийн шийдвэр байдаг. Тиймээс Сонгуулийн хуулиа өөрчлөх эрх УИХ-д байгаа. Нөгөө талдаа Улс төрийн намын тухай хуулийг Ерөнхийлөгч санаачлаад явж байгаа юм билээ. Үнэхээр улс төрийн намууд болохоо больчихлоо гэж бодож, санаа нь зовж байгаа бол Ерөнхийлөгч уг хуулийг УИХ-д нэн даруй өргөн барих ёстой. Уг хууль батлагдвал, ээдрээтэй асуудлын зангилааг тайлах том реформ болно. Манайхан Улс төрийн намын тухай хуулийг урагшлуулдаггүй. Яг хэлэлцээд ирэхээр улс төрийн намууд өөр өөрсдийн явцуу эрх ашигтаа хүлэгдээд, лобби хийгээд асуудлыг унагадаг. Яаж ийм итгэлтэйгээр хэлж байна гэхээр өмнө нь миний бие энэ хуулийг өргөн бариад дэмжигдээгүй. Дээрээс нь төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэдэг хуультай болох ёстой. Тэнгэр оройноосоо цэлмэдэг гэдэг дээ. Монголд доод түвшиндээ хариуцлага хүлээлгэж байгаа боловч Ерөнхий сайд, сайд, УИХ-ын гишүүн, УИХ-ын даргад хариуцлага тооцдоггүй. Тэдэнд хариуцлага тооцдог хүнгүй болчихлоо. Тийм учраас энэ хуулийг нэн даруй батлуулах ёстой гэж харж байна.
-УИХ,Засгийн газрын гишүүд өөрөө өөрсдөдөө хариуцлага тооцуулдаг байх хууль өргөн барина гэдэгт нэг л итгэж өгөхгүй байна?
-Намаас түдгэлзсэн байдгийнхаа хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан, өргөн барих ёстой. Ерөнхийлөгч МАН-ын ч дарга биш, АН-ын ч дарга биш. Ерөнхийлөгч ард түмнээс сонгогдсон тэдний төлөөлөл. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МАН-ын дарга байсан үеэ бүр мартах хэрэгтэй. Ерөнхийлөгч, Монгол Улсын нийтлэг эрх ашгийн үүднээс Улс төрийн намын тухай хууль болон Төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх хуулийн тухай хуулийг нэн даруй УИХ-д өргөн барих ёстой. Ингээд иргэдтэйгээ нийлж УИХ-д шахалт үзүүлж нэн даруй батлуулах учиртай. Үүнийг хийхгүйгээр Монголын ардчилал бэржихгүй.
Эх сурвалж: Өдрийн сонин