Бизнесийн удирдлагын доктор, эрх зүйч Б.Лхагважавтай ярилцлаа.
-Манай улсад инфляцийн түвшин өндөр байна. Инфляцийн түвшин өссөн асуудлыг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор дэлхийн улс орнуудын эдийн засгийн бүх систем өөрчлөгдсөн. Манай улсын толгойны өвчин болоод байгаа инфляци бусад улс оронд ч бий болсон. Бүх л улс орон мөнгө хэвлэсэн. Тухайлбал 2020 оны дөрөвдүгээр сард АНУ анх хоёр их наяд ам.доллар хэвлэж хөдөлмөрийн зах зээл рүүгээ нийлүүлсэн. Европын холбоо 700 тэрбум евро хэвлэсэн. Манайх ч бас хэвлэж тараасан. Гэхдээ улс орнууд өөрийн эдийн засгийнхаа 10 хувиар л тоглолтууд хийсэн. Харин бид улсынхаа эдийн засагтай харьцуулахад том хэмжээний мөнгөөр тоглолт хийсэн.
Тийм учраас өнөөдөр инфляци өсч 100 жилийн өмнө Европт болсон үйл явц манайд давтагдаж байна. Хоёрдугаарт, ковидын үеийн 2020-2021 онд буюу хоёр жилийн төсөвт нийтдээ 8.1 их наядын алдагдал гарсан. Нэг ёсондоо найман их наядаар төгрөг үнэгүйдсэн. Мөнгөний ханш өнөөдөр 20 хувь уначихаад байгаа нь үүнтэй холбоотой. Мөн Засгийн газраас хэрэгжүүлсэн 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд дөрвөн их наяд төгрөг хэвлэсэн. Үүний цохилт ч бас нөлөө үзүүлсэн. Нөгөө талаас Монголбанкны мэдээллээс харж байхад зарим нэг бүтээгдэхүүний үнийг барихын тулд 2013 онд хэрэгжүүлж байсан алдаатай бодлогыг давтсан. Хэсэгхэн компаниудад мөнгө өгөх замаар хэдэн зуун сая доллар гаргасан нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлсэн. Аль ч улс орон ковидын үед болон түүний дараа авч хэрэгжүүлсэн бодлогынхоо үр дүнг одоо амсаж байна. Харин сайн, эсвэл муу үр дүнг хэр хэмжээгээр амсах нь тухайн үед хэрэгжүүлсэн бодлого шийдвэрийн үр дүн. Уг нь манай улс мэргэжлийн эдийн засагчид, судлаачдын судалгаан дээр үндэслэж улс төрийн шийдвэр гаргах ёстой байсан. Гэтэл тухайн үед улстөрчид эдийн засаг, санхүүгийн шийдвэрийг “мунхаг” зоригтой гаргасан. Ковидын өмнө болон дараа Засгийн газрыг удирдсан Ерөнхий сайдууд эдийн засгийн ямар ч мэдлэг, ойлголтгүй хүмүүс. Үйлийн үрээр үүнийхээ горыг улс даяараа одоо амсч байна.
-Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед нүүрсний хулгайн асуудал олны анхаарлын төвд орчихоод байна.Та энэ асуудлыг хэрхэн дүгнэж байна?
-Үндсэндээ 2013 оноос хойших аль ч Засгийн газар татвар, даатгалаа цуглуулж түүгээрээ улсын өмчийн газрыг сайн ажиллуулж, нийтийн санг бүрдүүлж, түүнийгээ хэрхэн зөв зохистой захиран зарцуулах талаар анхаарч ажиллахаас илүүтэйгээр гадаадаас их хэмжээний зээл авдаг, газрын хэвлийн баялгаа барьцаалж өр тавьдаг болсон. Бүр энэ ажлаа хоорондоо уралдаж хийдэг. Үүндээ одоо ороогдож уначих гээд байна. Бид улс төрийн эрх мэдэлтнүүдийг нийтийн санхүү дээр тоглох тоглолтыг, тэнд оролцох оролцоог Үндсэн хуулиар хааж өгч чадаагүй. Энэ бол 1992 оноос хойших алдаа. Өнөөдрийн дуулиан болж байгаа нүүрсний хулгайн асуудал ч үүнтэй холбоотой. Үнэнийг хэлэхэд, 2008 оноос хойших Засгийн эрх барьж байсан, тэр дундаа төрийн гурван өндөрлөгөөр ажиллаж байсан хүмүүсийн л хийсэн ажил шүү дээ.
-Таны хэлж байгаагаар 2008 оноос хойш УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс нүүрсний хулгайтай холбоотой гэж ойлгох нь зөв үү?
-Ганцхан нүүрсний хулгайгаар зогсохгүй. Газрын хэвлийн баялагтай холбоотой бүх үйл явц тэдэнтэй холбоотой. Үндсэн хуулинд “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж 6.1 дүгээр зүйлд заасан. Мөн 5.2-т “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” хэмээн заасан боловч энэхүү төрийн өмчөө 1992 оноос хойш хуулиар хамгаалж чадаагүй. Төрийн өмчийг хамгаалсан заалт Иргэний хуульд ч байхгүй, Эрүүгийн хуульд ч байхгүй. Төр ба орон нутгийн өмчийн тухай хууль 1996 онд батлагдсан. Уг хуулийг одоо өөрчлөх талаар ярьж байгаа. Тус хуульд төрийн өмчийг хоёр хувааж, төрийн өөрийн өмч, төрийн нийтийн хамааралтай өмч хэмээн заасан. Ингэхдээ төрийн нийтийн хамааралтай өмчид ордог газрын хэвлийн баялгийг хамгаалах заалт огт тусгаагүй. Дахин хэлэхэд, төрийн өмчөө бид өнгөрсөн 30 жил ямар ч хуулиар хамгаалаагүй. Тиймээс энэ өмч түр хугацаанд хамгийн дээд эрх барьж байгаа төрийн гурван өндөрлөгийн эзэмшилд очдог. Ингээд нэг эзнээс нөгөө эзэнд шилжих байдлаар явж ирсэн. Энэ процессын эхэн үед эрх мэдэлтнүүд бага боловч ёс суртахуунтай байсан байх. Харин сүүлдээ энэ эрх мэдэлтэйгээ зууралддаг болсон. Аль ч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд төрийн нийтийн өмч рүү нэгэнт гараа дүрсэн бол өөрийн гар хөл, төрийн институтийг ашиглаж зууралдсаар байх сонирхолтой байдаг. Үүний тод илэрэл бол нүүрсний хулгай. Тухайлбал, 2019 оны арваннэгдүгээр сард Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа зургадугаар зүйлд төрийн нийтийн хамааралтай өмч хэмээх нэмэлт, өөрчлөлт оруулсан. Уг хуулийн дагуу дээр дурдсан Төр ба орон нутгийн өмчийн тухай хуулийг тэр дор нь шинэчлэх ёстой байсан. Гэтэл одоог хүртэл шинэчилж, найруулж чадаагүй. Хэрэв уг хуулийг шинэчилж, найруулаад баталсан бол төрийн нийтийн хамааралтай өмчийн асуудлыг шинээр шийдэх эрх зүйн орчин бүрдэх байсан. Энэ бол 30 жил үргэлжилсэн алдааг Үндсэн хуульд өөрчлөлт оруулчихаад байхад одоо болтол засаагүй байна гэсэн үг. Гэтэл энэ өөрчлөлттэй хамт хийгдсэн УИХ-ын гишүүн Засгийн газарт орж ажиллахтай, гишүүдийн тоотой холбоотой өөрчлөлт тэр цагаас эхлэн хэрэгжиж, бүр хүчингүй болчихсон байна. Одоогийн УИХ тэр чигээрээ Засгийн газар болчихоод сууж байна.
-Нүүрсний хулгайтай холбоотойгоор яригдаж байгаа үнийн дүнгийн тухайд зөрүүтэй мэдээлэл нийгэмд тарсан. Та хулгайлсан нүүрсний үнийн дүнг хэд байх боломжтой гэж үзэж байна?
-Улс орныг удирдаж байгаа улстөрчид нь өөрсдөө нүүрсний хулгайтай холбоотой нийгэмд гаргаж тавьж байгаа тоогоо буруу хэлээд байна. Тухайлбал, дөрвөн их наяд, 400 их наяд, зургаан их наяд гэх тоонууд хэлж байгаа. Үнэндээ зарим нь их наяд гэх тооныхоо ч утгыг ойлгохгүй байна. Угтаа асуудлыг бодитойгоор харж, үнэлэлт дүгнэлт хийх ёстой. Тухайлбал, миний бие МҮХАҮТ-ын ерөнхийлөгч байхдаа, 2018 онд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байх үед БНХАУ-ын Бээжин хотод хамт очиж байсан. Тэр үед хилээр өдөрт 100 автомашин гаргахын тулд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бээжингээс Эрээнд очиж Сангийн сайдтайгаа нийлж гуйж байсан юм шүү. Ингээд бодохоор асуудлыг баримжаатай яримаар байна. Гэтэл 2020 онд гарсан ковидын хүндрэл одоо хүртэл БНХАУ-д үргэлжилж, манай улсын хил гааль, боомттой холбоотой асуудлууд хүндрэлтэй байхад 400 их наяд байтугай 40 их наяд гэдэг байх боломжгүй тоо хэмээн харж байна. Саяхныг хүртэл 100 машин нүүрс гаргаж чадахгүй байсан гэж бодохоор өнгөрсөн хугацаанд нийт гаргасан нүүрсний хэмжээгээ тооцож, хулгайг илрүүлэхэд мэргэжлийн байгууллагууд нь оролцох учиртай.
-Бид 1992 онд анхны Үндсэн хуулиа баталсан. Тэр цагаас хойш хэд хэдэн удаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Гэтэл нийтийн өмч байгалийн баялгаа хамгаалахтай холбоотой хамгийн чухал зүйл заалтаа өөрчилж чадаагүй байхад бүлэг хулгайчидтай тэмцэх асуудал хий хоосон хийрхэл юм биш үү?
-Үнэндээ 1992 онд батлагдсан Үндсэн хууль өнөөдрийн нийгмийн харилцааг зохицуулж чадахааргүй байна. Өөрөөр хэлбэл, 1992 оны Үндсэн хууль бол коммунист нийгмээс ардчилсан тогтолцоо руу шилжих үеийн завсрын хууль. Европын улс орнууд завсрын Үндсэн хуулиа 2-3 жилийн дараа шинэчилсэн байдаг. Тухайлбал, Польш улс 1992 онд яг манайхтай адил Үндсэн хуулиа баталсан бол 1997 онд Үндсэн хуулиа шинэчлэн баталсан. Хуулиа шинэчлэх болсон гол шалтгаан нь хуучин хуулиа дагавал улс төр, нийгэм эдийн засаг нь бүхэлдээ мухардалд орно хэмээн харсан учир тэд өөр замаар алхаж чадсан. Харин бид 1992 оныхоороо л байна. Эргээд харахад тэр үед нийтийн өмчөөс хулгайлах талаар бодох ёс суртахуунтай ч хүн байгаагүй. Тэдний сэтгэхүйд тийм зүйл багтаагүй байх. Гэтэл нийтийн санхүүг улс төрийн эрхийг авсан нам эвсэл, улстөрчид, эрх мэдэлтнүүдээс хамгаалаагүй учраас тэд боломж л гарвал нийтийн өмч рүү, санхүү рүү дайрч хумсалж, хулгайлж байна. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, УИХ-ын нэр бүхий гишүүд ЖДҮХС-гаас иргэдийн боломжийг хулгайлж зээл авч байсан. Энэ бол эхний асуудал. Дараа нь манай намынхан хуулийг нь өөрчилж байгаад Хөгжлийн банкны зээлийг тэр чигт нь авсан. Өнөөдөр нүүрсний хулгайн асуудал хөндөгдөж байна. Нүүрсний хулгай жирийн бизнес эрхлэгчдэд огт хамаагүй асуудал. Улс төрийн намаар дамжуулж нийтийн санхүү рүү дайрч аливаа нэг байдлаар хулгай хийдэг явдал хавтгайрсан байна. Газрын хэвлийн баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь зөвхөн төрийн гурван өндөрлөгт байгаа тохиолдолд эдгээр хүмүүсийг байнга хянаж байх ёстой. Нарийн ярих юм бол 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, төрийн нийтийн хамааралтай өмч бий болсны дараа Төр орон нутгийн өмчийн хуулийг өөрчлөх байсан. Тус хуулийг өөрчлөх үйл явцад тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар онцгойлон оролцож, уул уурхайн хайгуулын ба ашиглалтын лицензийг өөрсдөөрөө дахин хуваарилахад бэлэн болчихсон байсан. Тухайн үед уул уурхайн лиценз эзэмшиж байсан бүх хүн, бизнес эрхэлэгч ААН-үүд айж байсан. Тиймээс тухайн үеийн Ерөнхийлөгчид МАК, Ачит Ихт компани спортын ордон барьж өгсөн шүү дээ. Бизнес эрхлэгчдэд Спортын ордон барих Ерөнхийлөгчид бэлэглэх илүүдээ гарсан мөнгө байхгүй шүү дээ.
-Спортын ордон барьж өгөх шалтгаан юу байсан гэж?
-Нэгэнт уул уурхай руу их хэмжээний хөрөнгө оруулчихсан байхад гэнэт лицензийн хөдөлгөөн, өмчийн асуудал гараад ирвэл юу болох вэ. Бүх зүйл замхарна. Тийм учраас бизнесээ хамгаалж, авч үлдэхийн тулд эрх мэдэлтнүүдэд хадаг барьсан үйл явц. Гэтэл 2020 оны нэгдүгээр сарын 20-нд ковид гарсан. Түүнээс хойш 2020, 2021 онд ковидтойгоо тэмцсэн. Ингээд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа уг тоглоомонд Х.Баттулгын хэрэг байхгүй болсон. Тиймээс өнөөдөр У.Хүрэлсүх ганцаараа бүгдийг мэдэх болсон. Яагаад гэвэл өмнө нь У.Хүрэлсүх ганцаараа бүх лицензийн хөдөлгөөнийг мэдэх орчинг бий болгочихсон учраас хааны хэлбэрт орчихсон. Нүүрсний хулгайтай холбоотойгоор хэд хэдэн хүмүүсийн нэрийг зарлаж байна. Нарийндаа МАН-ын бага хурал дээр У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нарыг хамгаалдаг байсан залуус бүгд шоронд явах гэж байна. Бодит шүүмжлэлээс тэднийг хамгаалсныхаа шанд шоронд орох болчихлоо. Тэдний ард эрх мэдэлтнүүд сул үлдэж байна. Цаашид Үндсэн хуульдаа томоохон системийн өөрчлөлт хийхгүй бол энэ зовлон үе үеийн Засгийн газрын тэргүүн, Ерөнхийлөгчийн үед байсан зовлон. Цаашид ч байх зовлон. Нийтийн баялгийн өмчийг эрх мэдэлтнүүдээс хамгаалахгүй бол бүгд байхгүй болдог. Ингээд харахаар газрын хэвлийн баялгийн дахин хуваарилтыг өмнө нь хуваарилж байсан, одоо хуваарилж байгаа, цаашид хуваарилах хүмүүсийн дунд зодоон болж байна. Үүнд жирийн иргэд ямар ч хамаагүй. Би МҮХАҮТ-ын ерөнхийлөгч байхдаа мөхөөлдөс зардаг, ТҮЦ ажиллуулдаг хүнээс НӨАТ-аа хүн бүр авч болох зохицуулалтыг хийсэн боловч газрын хэвлийн баялгийг хэдэн арван сая ам.доллараар нь бүртгэлгүй гаргах үйл явцыг өөрчилж чадаагүйдээ харамсдаг. НӨАТ-ын системээр бүртгэдэг болчихвол хилээр гарч байгаа тонн нүүрс, грамм алтны мэдээлэл ил болно. Гэтэл байгалийн баялагтай холбоотой бүртгэлийн асуудал дээрх эрх мэдэлтнүүд хөдөлж өгөхгүй байгаа юм. Тийм учраас шударга бус асуудлууд үүсч байна.
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар тогтолцооны өөрчлөлтийг хийх талаараа мэдэгдсэн. Энэ удаагийн парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломжтой болов уу?
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг одоогийн УИХ хийж чадахгүй. Одоогийн парламентын гишүүдэд тийм ёс зүй, чадамж байхгүй. Учир нь 2019 оны арваннэгдүгээр сард бидний хэсэг нөхөд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар иргэдийн саналыг авч долоон зүйлд өөрчлөлт оруулсан. Гэтэл УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй нөхдүүд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтүүдээсээ хоёрхон жилийн дотор ухарлаа. Өнгөрсөн 30 жилд байгаагүй маш их хүчтэй Засгийн газрыг Л.Оюун-Эрдэнэд байгуулж өгсөн. Хэрэв Л.Оюун-Эрдэнэ хэн нэгний утсан хүүхэлдэй биш бол Үндсэн хуулиар асар их эрх мэдэлтэй болсон. Ард түмнээ төлөөлнө хэмээн 2020 онд МАН-аас сонгогдсон гишүүд дотроос одоогийн Засгийн газарт орж ажиллаж байгаа гишүүд анхнаасаа өөр зорилготой байсан. Тэд сайд болох, нийтийн мөнгөнд хуваарилалт хийх, төсвийн зарцуулалтад эзэн болох зорилготой байсан. Хоёрхон жилийн өмнө ҮХНӨ-өөр баталсан үзэл баримтлалаас буцсан этгээдүүдэд дахин Үндсэн хуульд дорвитой өөрчлөлт хийх ёс зүй, мэдлэг байхгүй. Тийм учраас болдог бол ард түмний хурлаа хийж одоогийн парламентыг тарааж, дахин сонгууль явуулмаар байна. Ингэхдээ мөнгөний сонгууль явуулахгүйгээр мэдлэг, чадвартай хүмүүсийг төрд оруулж ирж, шунал нь дийлддэггүй хүмүүсийг намаас нь цэвэрлэх хэрэгтэй.Гэхдээ улс төрийн намууд доторх сонгууль, санхүүжилтийг ил болгоогүй тохиолдолд түүгээр дамжин улс төрийн эрх мэдэлд очиж байгаа хүмүүс ялзарсан тогтолцоо, гажуудсан системийнхээ хүүхэлдэй л болно. Тиймээс эрх барьж байгаа МАН-аасаа эхлэх хэрэгтэй. МАН доторх сонгуулийн системийг, санхүүгийн системтэй нь ил болгосны дараа цаашаа цэвэршинэ. Бүгд жижиг том хулгайтай их бага хэмжээгээр холбоотой. Манай намын 2012, 2016, 2020 оны сонгуульд зарцуусан тэр их мөнгө хаанаас гарсан талаар нэг ч удаа тайлагнахгүй байгаа. Асар их мөнгөн дүн яригдана. Гэхдээ энэ мөнгөний хэмжээ дахин хуваарилагдаж байгаа газрын баялагтай холбоотой үнийн дүнгийн хажууд өчүүхэн зүйл. Манай улсын нийт ДНБ-ийг дөрвөн жилээр тооцоход 40 тэрбум ам.долларын дахин зарцуулалт дээр суух эрхийг сонгуулиар олж авч Сонгуулийн үр дүнд зөвхөн нийтийн баялгийг дахин хуваарилалт, төсвийн дахин хуваарилалт дээр очихын тулд 400-500 сая ам.долларыг аль ч нам бүлэглэл хаядаг болчихсон. Байдал энэ чигээрээ байвал 2024 оны сонгуулиар ч энэхүү байдал үргэлжилнэ. Тиймээс Төр нийтийн хамааралтай өмчийг дахин гаргаж, эзэмшиж, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхой болгох хэрэгтэй.
-Нийгэмд дуулиан болсон олон хэргүүд ил болдог. Харамсалтай нь хууль, хяналтын холбогдох байгууллагууд нь шалгаж байгаа гэх нэрийн дор замхруулдаг. Үүний нэг жишээ нь С.Зоригийн хэрэг. Тэгвэл нүүрсний гэх тодотголтой хулгайн асуудал богино хугацаанд шийдэгдэх болов уу. Эсвэл жинхэнэ хулгайчийг зарлахгүйгээр жижиг загас жараахайгаар туг тахиад өнгөрөх болов уу?
-Л.Оюун-Эрдэнэ үнэхээр шударга ёс тогтоохыг хүсч байвал өөрийнхөө хажууд байгаа хулгайчдаа, нам доторх хулгайчдаа, хулгай хийж байсан хүмүүсийг зайлуулчихвал түүнийг үнэхээр дэмжинэ. Гэхдээ үүнд хөндлөнгийн хяналт тавих хүмүүсийг оролцуулах сонирхол байдаггүй. Тийм учраас өөрсдөө үүнд холбоотой юм болов уу гэж боддог.
Хамгийн наад зах нь МАН дотор эргэлдэж байгаа хэдэн тэрбум төгрөгийн санхүүжилтийг ил болгохгүй байгаа. Хоёрдугаарт, улс төрийн өндөр албан тушаалтнууд нийтийн санхүүгээс нэг төгрөг ч болов хумсалсан бол зайлуулдаг процессыг хуульд яаралтай суулгаж өгөх хэрэгтэй. Ингээд бодохоор ЖДҮХС-гаас зээл авсан Д.Амарбаясгалан, Хөгжлийн банкны зээлийг цөлмөсөн УИХ-ын гишүүд, газрын хэвлийн баялгийг зөөхөд оролцсон, тэднийг хамгаалж шоронд ороход бэлэн залуус Л.Оюун-Эрдэнийн хажууд, гол дүрд тоглоод явж байна. Ийм тохиолдолд эд нар шударга ёсыг тогтоож чадахгүй болов уу. Хэрэв үнэхээр системийн, тогтолцооны өөрчлөлтийг зоригтой хийе гэвэл би өөрийн чадах хэмжээгээр туслахад бэлэн байна.
-Манай улсад Оюу толгойгоос өөр гадаадын хөрөнгө оруулалттай үйл ажиллагаа явуулж байгаа томоохон төсөл хөтөлбөр одоогоор алга. Тиймээс гадаадын хөрөнгө оруулагчдыг Монгол Улсад хөрөнгө оруулахыг урьж байгаа. Энэ хэр бодитой үр дүнтэй ажил болох бол?
-Яг үнэндээ Монголын улстөрчдөд итгэх хүн байхгүй болчихлоо. Ялангуяа нүүрсний хулгайн асуудалтай холбоотойгоор дэлхий дахинд бид хулгайч гэдгээ зарлачихлаа. Энэ жагсаал цуглаан эсэргүүцлийг хараад гадаадын хөрөнгө орхуулагчид “Таны оруулсан хөрөнгийг бид хулгайлна” гэсэн мессэж өгч байгаа учраас бүгд айдастай байна. Дээр нь шүүх тогтолцооны гажуудлаас айж байна. Хамгийн ойрын жишээ хэлэхэд, Япон улсын иргэний оруулсан газрыг сайд дарга нар, УИХ-ын гишүүд гэх мэт өндөр албан тушаалтнууд хуваагаад идчихсэн. Одоо болтол гэм буруутай этгээдийг нь олж илрүүлж чадаагүй. Японд очиход айлчлал бүрээр энэ талаар асуудаг. Одоог болтол бид энэ асуудлыг шийдэж чадаагүй л байгаа. Харин ч бүр тэр газар дээр нь манай эрх мэдэлтнүүд байшин барьж байгаа. Нөхцөл байдал ийм байхад яаж манайх руу гадаадын хөрөнгө оруулагч орж ирэх юм бэ. Түүнчлэн манайд төрийн бодлогын залгамж халаа гэж байдаггүй. Залгамж халаагаа бэлдэхээс илүү хулгайч нараа бэлдсэн учраас үүн дээр гадныхан хөрөнгө оруулагчид манайхаас болгоомжилж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс гадны хөрөнгө оруулагчдад айдсын орон болчихсон байна. Энэ асуудлыг шийдэх ёстой. Өнөөдөр гадны хөрөнгө оруулагч бүү хэл дотоодын бизнес эрхлэгчид татвар, АТГ, МХЕГ гэх мэт төрийн институтийг ашиглаж өөрсдөд рүү нь дайрдаг байдлаас үнэхээр айж байгаа. Бид буцаад Монголын номер нэг даргаас том жижиггүй зөвшөөрөл авдаг тогтолцоо руу шилжлээ. Ийм байхад хүчтэй сөрөг хүчний байр суурь үнэхээр үгүйлэгдэж байна. Тийм учраас ирэд хэдэн арван мянгаараа талбай дээрээ гарч жагсаж байна.
-Нүүрсний хулгайг шалгах ажлын хэсэгт эрдэмтэн судлаачдын төлөөллийг оруулах нь зүйтэй гэдэг байр суурйиг илэрхийлсээр байна. Харин хэрхэн зохион байгуулах нь зүйд нийцэх бол?
-Энэ асуудалд нарийн мэргэжлийн эрдэмтэн, судлаачдын байр суурийг нэгтгэж оруулах нь зүйтэй. Гэхдээ нөгөө талаар улс төрөөс ангид эрдмийн ажлаа хийж байгаа хүмүүсийг ядаж төрийн ордонд болдог элдэв хэлэлцүүлэгтээ оруулдаг баймаар байна. УИХ-ын дарга Г.Занданшатар “Нээлттэй сонсгол нэртэй манай намыг дагасан эрдэмтэн, судлаач нэртэй нөхдийг суулгаад хэлэлцсэн дүр эсгэдэг. Үнэн хэрэгтээ салбараа мэддэг, ажлаа мэддэг хүмүүсийн орж ажиллах хэвийн үйл явцыг бүхэлд нь хааж боодог. Үүнийхээ хариуд эрх мэдэлтний 100 хувь буруу байсан ч “Таны зөв, дэмжиж байна” хэмээн магтан дуулдаг болсон нь нууц биш. Тиймээс хамгийн эхлээд Их сургуулиудыг автономит эрхтэй болгох ёстой. Шинжлэх ухааны байгууллагыг автономит эрхтэй болгох ёстой. Өөрөөр хэлбэл, ямар ч Засгийн газар байгуулагдсан түүнээс үл хамаарч бие даасан бүтэцтэй болгох тухай асуудал юм. Бусад орны Үндсэн хуульд уг асуудлыг албан ёсоор тусгаж өгсөн байдаг. Манай улсын их сургуулиуд автономит эрхээ эдлээд сургуулиасаа олон ургалч үзлийг сурч байх ёстой. Тэр дотор олон үзлийг заах ёстой. Ингээд оюун ухаан нь задгай хөгжиж байх ёстой. Гэтэл манай их, дээд сургуулийн удирдлагууд бүгд төрийн хараанд байгаа. Хамгийн наад зах нь МУИС автономит эрхгүй байхад хаанаасаа ямар бие даасан эрдэмтэн судлаачид гарч ирэх вэ дээ. Эрх барьж байгаа Засгийн газрын эсрэг асуудлыг шүүмжилмээр байвч зоригтойгоор, эрүүлээр шүүмжлэх хүнгүй болчихсон. Ийм арчаагүй эрдэмтдээр манайх дүүрчихсэн. Наад зах нь Шинжлэх ухааны академи бие даасан бодлого явуулж чадахгүй төсвөөс авдаг хэдэн төгрөгтөө барьцаалагдчихсан. Үүнийг дагаад 43 хүрээлэн бий. Цалин багатай, үхээнц эрдэмтдээр дүүрэн байгаа. Академич, эрдэмтэн, судлаачид, их сургуулиуд нь төрийн 100 хувийн санхүүгийн дарамтад байгаа тохиолдол хэн ч дуугарахгүй. Мэргэжилдээ үнэнчээр эрүүл шүүмжлэл, сэтггэгдэл хэлдэг мэргэжлийн хүмүүс улам цөөрсөөр байна.
-Өнөөдрийн нийгмийг эрүүлжүүлэхийн тулд хамгийн түрүүнд ямар алхам хийх ёстой вэ?
-Товчхондоо, өнөөдрийн нийгмийг эрүүлжүүлэхийн тулд МАН-ын санхүү, сонгуулийн системийг эрүүлжүүлэх ёстой. Хэрэв энэ системээр дамжиж орсон хүмүүс мафын систем үүсгэж, төрийг бузарладаг тогтолцоо байсаар байвал ямар ч өөрчлөлт шинэчлэл хийгдэхгүй. Бид улс төрийн намаар дамжуулж, төрийн эрх мэдлийг авах ганцхан заалттай.Тийм учраас улс төрийн намын бүтцийг дахин харах шаардлагатай. Түүнээс хэдэн мянган хүн цуглуулахдаа гол биш. Гэхдээ бидний эвлэлдэн нэгдэх гэдэг бол хамгийн онцгой эрх. Өөрсдийн сайн дураар эвлэлдэн нэгдсэн хүмүүсийн нэгдлийг хүчээр тарааж болохгүй. Тиймээс институтээ эрүүл байлгах процессыг байнга хийж байх ёстой. Товчхондоо МАН-ын цагаан байшин болох Тусгаар тогтнолын ордоныг чөлөөл. Жинхнээсээ улс орны тусгаар тогтнолын багана болсон хүмүүсээ бүрдүүл. Нийтийн санхүүгээс жижиг томгүй хулгай хийсэн хүмүүсийг зайлуулах хэрэгтэй. Ингэж чадахгүй бол төр засаг бузарлагдана. Эргээд Монгол Улс бузарлагдана. Өнөөдөр олон улсын нөхцөл байдлаас харахад нэг хүний дарангуйлал руу орох процесс хурдтай явагдаж байна. Тиймээс нэг нам, нэг хүний дарангуйлалд орох эрсдэл, гажигаа засахын тулд ойрын үед Шинэ Үндсэн хууль бичиж, парламентыг тарааж, дахин сонгууль явуулахаас өөр аргагүй. Гэхдээ нийтийн санхүү, өмчөөс хумсалсан этгээдүүдийг өршөөхгүйгээр, бүгдэд нь ял өгөх хэрэгтэй. Шинэ Үндсэн хуулийг баталж чадна. Манайд эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын асуудлыг мэргэжлийн талаас нь хараад шийдчих хүн алга. Наад зах нь шүүгчид дотор эдийн засгийн мэдлэгтэй хүн алга. Тайлан уншиж чаддаг хүн Захиргааны хэргийн шүүх дотор цөөхөн байна. Тэр ч бүү хэл цагдаа, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн түвшинд эдийн засгаар мэргэшсэн хүн бүр ч алга. АТГ-т энэ чиглэлийн мэдлэгтэй хүн ховор байна. Ийм байхад бид зөвхөн эрх зүйч гэх хуулийн нэр томьёо цээжилсэн, 3-4 жил сурсан нөхдүүдээр эдийн засаг, санхүүгийн зөрчлүүдийг шийдүүлнэ гэдэг бол тогтолцооны алдаа. Тиймээс хууль шүүхийнхнийг шат шатанд нь эдийн засагжуулах хэрэгтэй байна. Тухайлбал, нүүрсний хулгайг жирийн нэг хүн хийчихгүй. Санхүү эдийн засгийн өндөр мэдлэгтэй хүн л хийж чадна.
-БНХАУ-ын талаас нүүрсний хулгайн асуудлыг илрүүлэхэд туслахад бэлэн гэх мэдээлэл цацагдсан. Ер нь хулгайн асуудалд хоёр орон хамтарч ажиллах боломжтой болов уу?
-Монгол Улс БНХАУ-тай харьцахад Өмнөд Монголоос цааш хэтрэхээ больчихсон. Үүнийг би БНХАУ-ын төрийн бодлого гэж хэлэхгүй. Гэхдээ Ар Монголыг Өмнөд Монголд нь даатгачихсан байна. Бид Хөх хотын хойд талын 70 хар уулнаас хэтэрч чадахаа больсон. БНХАУ-ын бусад хотууд манайхаас уул уурхайн түүхий эд авах хүсэлтэй байсан ч эцсийн бүлэгтээ Өмнөд Монголоос цааш энэ эрх олгогддоггүй. Манай улсын газрын хэвлийн баялаг Өмнөд Монголын 70 хар уулын наана очоод шингэдэг. Өмнөд Монголд манай баялаг дээр тулгуурлаж тэрбумтнууд төрсөн. БНХАУ-аас цаазаар авахыг нь аваад, шоронд хийхийг нь хийсэн. Тэднийг манай улстөрчид тэтгэсэн. Ямар сайндаа БНХАУ-д Өмнөд Монголынхоо идээ бээр болсон улстөрчдөөс салахын тулд Ар Монгол ажиллаад өгөөч гээд байхав. Үнэндээ бид Өмнөд Монголын хилийн мужийн хэмжээнд оччихсон жижиг улс шүү дээ. Бидэнд нэг их томроод цээжээ дэлдээд байх хэрэг байхгүй. Хойшоо ОХУ-д ч ялгаагүй. Буриад, Улаан-Үдээс хэтрэхгүй. Гэтэл биднээс хоцорч барианаас гарсан Узбекистан, Киргизистан биднээс өмнө нь явж байна. Энэ намагнаасаа хурдан гарахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой. Дахин хэлэхэд, энэ удаагийн парламент Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах чадамжгүй. Тийм учраас болдог бол УИХ-аа тарааж, дараагийн УИХ-ыг дахин бүрдүүлмээр байна.
Эх сурвалж: Өдрийн сонин