Өдрийн сонины архиваас Хурандаа Д.Базаргүртэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.
Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга асан, хурандаа Д.Базаргүртэй ярилцлаа. Түүнийг Монголын цагдаагийн байгууллагын шилдэг мөрдөгчдийн нэг гэдгээр нь олон хүн мэдэх биз ээ. Бид хоёрын яриа ийн өрнөлөө.
-Тантай уулзах гэхээр завгүй яваад байна гэх юм. Ямар ажил амжуулаад завгүй байна вэ?
-Амжуулах ажил мундахгүй байна шүү. Ач, зээ нараа сургуульд нь хүргэж өгч, авахаас эхлээд завгүй их ажилтай. Харин энэ долоо хоногоос хүүхдүүдийн амралт эхлээд байна. Монголын сагсан бөмбөгийн холбооны хэдэн залуус хууль, журамдаа өөрчлөлт оруулах гээд түүнд нь заавар, зөвлөгөө өгөөд л явж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ахмадуудын дунд жил бүр болдог сагсан бөмбөгийн тэмцээнд оролцлоо. Манай баг анх удаа мөнгөн медаль хүртлээ. Жил бүр алтыг нь авдаг байсан юм. Ирэх жил хүрэл медалийг нь авах юм байна гэж манай багийнхан хошигноцгоож байна лээ. Уг нь олон жил алт авсан юм. Эрийг нас гэдэг нь болж байх шиг байна даа. Хүүхэд байхаасаа л сагс, гар бөмбөг тоглох дуртай байлаа. Одоо ч сонирхол буураагүй л байна шүү.
-Та Дорнод аймгаас ажлын гараагаа эхэлж байсан гэдэг байх аа?
-Тиймээ. Би Дорнод аймгийн Баян-Уул суманд төрж, өссөн хүүхэд. Сумандаа бага сургууль төгсөөд аймгийн төвд сургуулиа төгсөж байлаа. Манай аав төрийн хариуцлагатай ажил хийж явсан хүн. Аавыгаа дагаад Архангай, Говь-Алтай, нийслэлийн Дөчин мянгатад амьдарч явлаа. Аав маань атар эзэмших намын илгээлтээр Хэрлэнгийн сангийн аж ахуйн анхны шанг татаж явсан хүн. Харин миний хувьд 1971 онд дунд сургуулиа төгсөөд, Цэргийн ерөнхий сургуульд элсэн суралцсан. Сургуулиа төгсөөд, Дорнод аймагт Өмчийн төлөөлөгчөөр ажлын гараагаа эхэлж байсан. Аймгийн үйлдвэрүүдийг хариуцсан өмчийн төлөөлөгч байсан. Тэр үед эрүүгийн гэмт хэрэг мөрдөх чиглэлд илүү сонирхолтой байсан шиг байгаа юм. Тэгээд Халхгол сумын цагдаагийн группын даргаар томилогдсон. Халхгол сум шинээр байгуулагдсан болохоор болж бүтэхгүй хүмүүс олон байсан. Гэмт хэрэг гарахгүй байна гэж байхгүй. Увс аймгаас таван айл шилжиж ирлээ гэхэд гэрийн эзэд нь бүгд малын хулгайгаар шийтгүүлж байсан байх жишээний. Халхгол суманд дөрвөн жил ажиллаад эргээд аймагтаа Гүйцэтгэх албаны тасгийн даргаар томилогдсон.
-Тэр үед 80 гаруй үйлдэлтэй хэрэг илрүүлсэн гэгддэг?
-Миний цагдаа болоод хамгийн анх илрүүлсэн хэрэг пивоны хэрэг. Тэр үед пиво их ховор байсан юм. Наадам болох гэж байсан үе. Таван поошиг пиво байснаас хоёр нь алга болчихдог юм байна. Аймгийн Мах бэлтгэлийн газрын хөргөлтөд байсан юм. Хэргийн араас яваад дор нь илрүүлсэн. Дараа нь "Онгорхой" хочит Чулуунбаатараар ахлуулсан 80 гаруй үйлдэлтэй хэргийг илрүүлсэн. Орос айлын гэрт хулгай дээрэм хийдэг, олон тооны мал хулгайлсан, бусдыг зодож танхайрсан, охид, эмэгтэйчүүдийг хүчиндсэн гээд Дорнод аймгийг тухайн үед донсолгож байсан хүмүүс. Мөн хүн амины нэг хэрэг санаанд тод байна. 60 гаруй настай хүн үхэртээ яваад, ор сураггүй алга болчихсон. Намайг хотод ажлаар яваад ирэх үед гарсан байсан. Өвөл гарсан хэрэг. Манайхан нөгөө хүний цогцсыг хайгаад байгаа. Огт олдохгүй байсан. Тэгэхээр нь би алга болсон үхрийнх нь араас явсаар нэг айлд очлоо. Гэрийн эзэн манайд энэ үхэр ирээд олон хонож байна гэхээс өөр зүйл ярихгүй байсан. Сэжиглэх зүйл огт байхгүй. Тэгээд нөгөө айлаасаа хөдлөх гэж байх үед нуруулдсан их өвс цасгүй байхыг ажиглаад ухаж үзлээ. Тэгсэн их өвс байгаа газар огт хөлддөггүй юм билээ. Тэнд нөгөө хүнийг хөнөөгөөд булчихсан байсан. Халхгол сум болон Дорнод аймагт ажиллаж байхдаа миний суурь их сайн тавигдсан гэж одоо боддог шүү.
Б.ПҮРЭВ ГЕНЕРАЛААР УДИРДУУЛСАН НЬ ЦАГДААГИЙН ХУВЬ ЗАЯА
-Хот руу хэдэн онд томилогдов. Орон нутагт гайгүй сайн ажиллаж байгаа цагдаагийнхан хот руу шилжихийг л боддог гэх юм билээ. Та ч бас тэгж байв уу?
-Би хотод ажиллах хүсэлтэй байсан. Гэвч томилогдож чадахгүй л яваад байсан. Тэгсэн Цагдаагийн ерөнхий газрын дарга байсан Жамъянсүрэн генерал Дорнод аймагт хэд хоног ажилласан. Буцахдаа "Чамайг хот руу татаж авна" гэж хэлчихээд явсан. Удалгүй 1988 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын Эрүүгийн хэргийн ахлах төлөөлөгчөөр томилогдож ирсэн. Жамъянсүрэн генерал ажлаа өгөхийн өмнөхөн хамгийн сүүлчийн томилгоогоо надаар хийсэн юм билээ. Тэгээд намайг өрөөндөө дуудаж оруулж ирээд "Би ажлынхаа хамгийн сүүлчийн томилгоог чамаар хийсэн шүү. Илтгэл алдахгүй сайн ажиллаарай" гэсэн. Би тэр хүний итгэлийг алдаагүй л гэж боддог.
-Таныг ирэх үед жагсаал, цуглаан эхэлж байсан байх. Цагдаагийн ерөнхий газрын даргыг та нар дотроосоо томилж байсан гэдэг юм билээ?
-Нийгэм бужигнаад, Нийгмийг аюулаас хамгаалах яам задрах нь тодорхой болоод байгаа нь бидэнд мэдрэгдээд байсан. Цагдаагийн ерөнхий газрын даргаар нийгмийн аюулаас хамгаалах мэргэжлийн хүн ирнэ гэх мэдээлэл ирээд байв. Тэгэхээр нь гуравдугаар тасгийн дарга Ц.Уугангэрэл бид нар хурал зохион байгуулж, Б.Пүрэв генералыг даргаар томилох санал гаргасан. Тэгж л Цагдаагийн ерөнхий газрын даргыг дундаасаа тавьж байсан түүхтэй юм. Цагдааг Б.Пүрэв генерал удирдаж байж л тэр эгзэгтэй хүнд хэцүү үеийг даван туулсан юм шүү дээ. 1990 оноос хойш нийгэм задрах үед ганц ажлаа хийж байсан газар бол цагдаагийн байгууллага шүү дээ. Хийлгэдэг хүн нь Б.Пүрэв генерал. Тэр үед цагдааг юм болгонд дууддаг байлаа. Бүр "Та нараас өөр ажил хийж байгаа газар байхгүй байхад дуудахгүй яах юм бэ" гэдэг байсан. 1990 онд цагдаа ард түмний нөхөр нь байсан. Тэр хүнд хэцүү үед сайн хүнээр удирдуулна гэдэг тэр үеийн цагдаагийн хувь тавилан байсан гэж боддог.
ЖАГСАЖ БАЙГАА ХҮМҮҮС ДУНД ГАРАВСҮРЭН, ГАРАМЖИЛ ХУРАНДАА НАР ЗОГСОЖ БАЙДАГ БАЙСАН
-Жагсаал болох үед цагдаагийнхан хэрхэн ажиллаж байсан бэ?
-Манай улсад жагсаал, цуглаан гарахаас өмнө урд хөршид болон өөр орнуудад жагсаал гарч эхэлсэн. Үүнээс үүдэн манайд жагсаал, цуглаан гарвал яах вэ гэж ярьдаг болсон. Намайг хойд хөршид туршлага судлуулахаар явуулж байлаа. Маш олон ном байсан. Тэр болгоныг уншиж, жагсаалын үед цагдаа хэрхэн ажиллах талаар мэдлэгтэй болсон гэхэд болно. Эрүүгийн алба хэрхэн ажиллах, жагсагчид ямар үйлдэл хийхийг хүртэл мэдэж байх хэрэгтэй. Эмх замбараагүй байдал гарлаа гэхэд хэнээр таслан зогсоох, жагсаал удирдаж байгаа хүмүүсийн хэн нь хань болж чадах вэ гээд олон зүйл судалсан. Удалгүй жагсаал ч гарсан. Монголд анх удаа жагсаал болж байгаа юм. Бидэнд жагсаал удирдаж байгаа хүмүүс хаана байгааг мэдэх үүрэг өгсөн. Бид ч С.Зориг, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, Д.Сосорбарам нарыг хаана байгааг мэддэг байсан. Хэд хэдэн удаа Төрийн ордон руу дайрсан. Байдал эвгүй болоод ирэх үед С.Зориг, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, Д.Сосорбарам нарыг дуудаж олон удаа зогсоож байлаа. Тэр үед жагсаж байсан залуусын сэтгэл эвдрээгүй байж. Жагсаал дунд Гаравсүрэн, Гарамжил хурандаа нар зогсож байна. Тэр хоёр жагсагчид дундаас их содон харагдана. Өндөр болохоор тэднийг хаанаас л бол хаанаас харж болдог байлаа. Байдал эвгүйдээд эхлэхээр нөгөө хоёр зохицуулалт хийнэ. "Та нар ингэж болохгүй наадах чинь хэтэрч байна" гэж эвгүй үйлдлүүдийг дотроос нь зогсооно. Иймэрхүү маягаар жагсаалыг давж гарсан даа. Жагсаал удирдаж байсан хүмүүстэй бид ойр ажилласан юм.
БИДНИЙ БЭЛТГЭСЭН ХҮҮХДҮҮД ОДОО ЦАГДААГ УДИРДАЖ ЯВНА
-Цагдаагийн тусгай тасаг, онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийг байгуулснаар хэргүүдийг сайн илрүүлж байсан гэдэг юм билээ. Энэ талаар ярихгүй юу?
-Б.Пүрэв генерал цагдаагийн байгууллагад тулгамдаад байгаа асуудлыг судалж үзсэн юм билээ. Тэгсэн дуулиант онц ноцтой хэргүүд илрэхгүй байгаад байсан. Мөн цагдаа нар танхай нөхдүүдээс айж зугтаадаг. Хэн нэгэн танхайраад, дийлдэхгүй үед нь зогсоож чадахгүй байх тохиолдол гардаг л байсан. Тэгээд хоёр тасаг байгуулсан. Тусгай тасаг байгуулагдаж, даргаар нь одоо Гаалийн ерөнхий газрын дэд даргын албыг хашиж байгаа Уугангэрэл томилогдсон. Харин би онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга болсон юм. Бид хоёрт Б.Пүрэв дарга давуу эрх өгч байсан. Уугангэрэлд бие хаа сайтай, надаас өндөр залуусыг сонгож ав. Надад болохоор хэрэг илрүүлж чаддаг л бол ямар ч хамаагүй хүний ажилд ав. Тэгээд л багаа бүрдүүл гэсэн. Бид ч багаа бүрдүүлсэн. Цагдаагийн ерөнхий газрын дарга асан Д.Мөрөн, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга асан, бригадын генерал А.Дулаанжаргал, Б.Болдбаатар, С.Эзэннайрамдах нарыг олж ирсэн. Миний дарга байсан З.Төрмандах чиглэлийн ахлахаар ажиллаж байлаа. Ёстой л гар нийлсэн залуус мөн ч олон хэргийн араас орж илрүүлж байлаа. Онгирсон болох байхдаа миний татаж авчирсан залуус Монголын цагдаагийн шилдгүүд болж чадсан. Өөр нэг зүйл хэлэхэд Цагдаагийн академийн сурлага сайтай сонсогч нарыг сонгож аваад дараагийнхаа үеийг бэлтгэсэн. Бидний бэлтгэсэн хүүхдүүд өнөөдөр цагдаагийн дарга нар болчихсон байна. Бүгд л сайн мөрдөгч болжээ.
-Гар нийлсэн шижигнэсэн залуус олон хэрэг илрүүлж байсан байх. Онц ноцтой хэргүүдээс дурдвал?
-Тэр үед нийгэм бужигнаантай байсан үе. Ядуурлаас болж ноцтой хэрэг олон гарч байлаа. Дээрэм хийхийн тулд хүний аминд хүрдэг байв. Зүүнхараагийн банк дээрэмдсэн хэрэг байна. Тэр хэрэг гараад манайхан очсон. Би ахалж очлоо. Хэрэг гарсан газар руу ороод л банк хамгаалж байсан цагдааг цагдаа хөнөөсөн гэдгийг мэдэж байгаа юм. Тэгээд л Зүүнхараагийн бүх цагдааг жагсааж байгаад шууд хэлсэн. Алуурчин та нарын дунд байна гэж. Тэгсэн дарга нь цагдаа нараа өмөөрч уурлаад бөөн маргаан үүсэж байлаа. Бид сарын дотор энэ хэргийг илрүүлсэн. Банк хамгаалж байгаа цагдаа дээр энгийн иргэн орж чадахгүй. Цагдаа хамгаалж байгаа газарт цагдаа л орж чадна гэсэн өнцөг гаргаад илэрсэн хэрэг. Бас урд хөршөөс бараа дарж ирдэг хятадуудыг дээрэмдсэн хэрэг олон гарсан. Хэргийн араас судалж үзтэл бүлэглэл бүхий залуус өдөр нь вокзал дээр хэн их бараатай ирж байгааг судалж, араас нь дагаад гэрийн хаягийг нь мэдээд, шөнө нь дээрэмдэг байсан. Мөн гал гаргадаг Өнөрмаа, Ромбу гаригтай холбоо барьсан тухай, Алтан цөгцний зэрэг хэргүүдийг шалгаж үзээд, худал болохыг нь тогтоож байлаа. Мөн Авдрантын хорих ангид гардаг аймшигтай хэрэг байна. Дорнодын онгорхой хочит Ч.Чулуунбаатар нар хорих ангийн хянагч нараас эхлээд олон хүнийг онц хэрцгийгээр хөнөөгөөд оргодог гээд олон хэрэг бий. Яриад байвал дуусахгүй.
-Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн хэрэг дээр танай баг яагаад ажиллаагүй юм бэ. Таныг ажлын хэсгээс хасч байсан шүү дээ. Энэ талаар ярихгүй юу?
-Миний бие С.Зоригийн хэрэг дээр мөчидхөн хоёр удаа л орсон. Дорнодод явж байтал дуудаад С.Зоригийн хэрэг дээр ажиллуулахаар боллоо гэсэн. Жамъянсэнгээ хурандаа бид хоёр ажиллаж эхэлсэн. Долоо хоног ажиллаад хэд хэдэн зүйл гаргаж ирээд байсан. Гэтэл болиулах шийдвэр гаргасан. Бүр ажлаас чөлөөлж эхэлсэн. Тухайн үед уур хүрсэн. Бид нарыг ажлаас халсанд эсэргүүцэж байсан. "Би эргээд ирнэ шүү" гэж хэлээд гарч байсан. Ажлын хэсгээс хасах шийдвэр гаргасан хүнтэй дараа нь уулзахад "Тэр миний алдаа байна лээ" гэж байсан. С.Зоригийн хэрэг дээр миний бэлтгэсэн мөрдөгчдийн цөөхөн нь л ажилласан байдаг.
-Хэргийг илрүүлэх чадал, туршлага, мэдлэгтэй шилдэг мөрдөгчдийн багийг хэргийг шалгах ажиллагаанд оруулаагүйд гайхах хүн олон байгаа байх. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?
-Бидний хэдэн залуус тэр хэрэг дээр орсон бол яах байсан бол гэж боддог л юм. Ямар ч байсан манай хамт олныг тараагаагүй бол будилаантай зүйлс лав үүсэхгүй байсан. Тухайн үед нам нь солигдож, дарга, цэрэг болох сонирхолтой зарим хүмүүст бид саад болж байсан байх. Тэгээд л бүгдийг ажлаас нь чөлөөлсөн гэж боддог юм. Цагдаагийн дарга болох гэсэн хүмүүсийн хийсэн ажил байх. Сүүлд Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байхдаа хэргийг бага зэрэг цэгцэлж өгсөн. Үдэгдээгүй олон баримтыг нэмж, үдэж өгсөн. Тэр үед Э.Бат-Үүлийг хорьсон байдаг. Бидэнд Э.Бат-Үүлийг хорино гэсэн төлөвлөгөө байгаагүй. Гэхдээ хоригдсон нь Э.Бат-Үүлд ашигтай байсан. Э.Бат-Үүлийн талаарх зүйлс нэг мөр болсон шүү дээ.
-Танаас хоёр зүйлийг асуумаар санагдаад байх юм. Олон жилийн хугацаа өнгөрсөн болохоор нуугаад байх зүйлгүй байх. "Центрпойнт"-ын гэх хэрэг, 17 чингэлэг спиртний хэрэгт таны нэр холбогдож байсан. Энэ талаараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байгаагүй. Хүмүүсээс сонсоод байхад та дээрх хоёр хэрэгтэй холбоогүй юм биш үү?
-Үнэн юм үнэнээрээ сайхан байдаг. Энэ талаар ярилгүй олон жил чимээгүй явлаа. Ямар учраас "Центрпойнт"-ын болон спиртний хэрэгт нэр холбогдох болсон талаараа ярьж болж байна. Үнэндээ бол огт холбоогүй юм шүү дээ. Зарим нэр бүхий хүмүүсийн миний нэр хүндэд халдсан явуулга байсан. Спиртний хэргийн талаар эхлээд ярих хэрэгтэй байх. Тухайн үед тийм хэрэг мандсан. Манай албаныхан хэрэг мөрдөж яваад айлын хашаанаас цэнхэр поошигтой спирт машины тэвшин дээр ачаатай байгааг илрүүлсэн юм билээ. Тэгээд нөгөө машины жолоочийг саатуулаад хэргийг шалгах ажил эхэлдэг юм байгаа биз дээ. Тэгсэн Ховд аймгийн хоёр цагдаа манайхантай ирж уулзсан байдаг. Хамаг зовлонгоо яриад, банкнаас зээл авчихсан чинь төлөх хугацаа нь болоод, төлж чадахгүй байна. Тавиад явуулчих гээд гуйсан байдаг. Тэр үед үнэхээр л цагдаа нарын амьдрал хүнд байсан үе. Цагдаа цагдаадаа амьдралаа яриад ороод ирсэн юм билээ. Тэгээд л тавиад явуулчихсан. Хүн чанараасаа болоод л явуулсан. Үүнийг хүмүүс мушгиад надтай холбож ярьсан байдаг. Нөгөө спирт авч явсан хоёр цагдаа сайхан л явж байна. Хоёулаа хурандаа цолтой болчихсон байна лээ. Хэрэв тэр үед манайхан хүн чанартай зан гаргаагүй байсан бол нөгөө хоёр яах байсан бол. Тасгийнхаа залууст тухайн үед та нар тэр хоёр нөхрийг яагаад тавьж явуулж байгаа юм гэж загнахгүй. Бас хүн чанартай зан гаргалаа гэж магтахгүй гэж л хэлсэн. Өөр зүйл хэлээгүй ээ. "Центрпойнт"-ын гэх хэрэгт намайг холбогдсон гэж өдөр тутмын нэг сонин дээр гарсан байдаг. Тэр хэрэг гарах үед би гэртээ л байсан байхгүй юу. Намайг гүтгэж бичсэн сонин удалгүй "Д.Базаргүр хурандаа "Центрпойнт"-ын хэрэгт холбоогүй юм байна" гэсэн залруулга гаргасан.Тухайн үед дээрх хэрэгтэй намайг холбож бичүүлэх болсон шалтгаан нь том эрх ашиг байсан юм билээ. Чи асуусан болохоор нууж хаалгүй ярилаа шүү.
-Б.Пүрэв генерал танай тасгийн залуусыг дэмждэг байсан гэдэг. Тэр ч утгаараа хийж байгаа ажилдаа хоёргүй сэтгэлээр ханддаг байсан байх?
-Доороо бат суурьтай дээрээ түшигтэй байхаар ажилд ахиц гарч ирдэг юм билээ. Б.Пүрэв генерал манайхантай уулзаад "Та нар бол цагдаагийн ассууд буюу шилдгүүд юм шүү. Монголын цагдаагийн нүүр царай" гэж хэлж байсан. Мөн "Хэрэг мөрдөөд хөдөө, орон нутагт байнга явна. Мэдэхгүй газрынхаа өвс ургамал, рашаан усыг хамаагүй идэж, ууж болохгүй шүү" гэж захидаг байсан. Генерал бидэнд үнэн үг хэлж байсныг удалгүй мэдсэн. Манай нэг ажилтан Завхан аймагт явж байгаад рашаан ууснаас болж амиа алдаж байсан. З.Төрмандахыг Эрүүгийн цагдаагийн даргаар томилох болсон шалтгааныг хүн бүр гайхдаг байсан. 24-хөн настай мөрдөгчийг шууд томилж байгаа юм. Б.Пүрэв генерал цаг үеэ мэдэрч байсан байгаа биз. Тэр үед "Морин жилтэй залуус улс орныг удирдахаар гарч ирж байна. Тиймээс эдгээр залуустай хөл нийлэх залуу хүн хэрэгтэй. Цагдааг удирдах хүнийг одооноос бэлтгэх хэрэгтэй" гээд томилж байсан. Энэ юуг хэлж байна гэхээр маш алсыг харж байсан байгаа юм. Одоо Монголын цагдаагийн байгууллагад Б.Пүрэв генерал шиг алсын бодолтой хүн хэрэгтэй байна. 1990 оны жагсаалын үед Монголын цагдаа жагсагч нарын өөдөөс ямар нэгэн эсэргүүцэл үзүүлж байгаагүй. Хэрэв байдал эвгүйдсэн бол цагдаа нарыг хөдөлгөх боломж байсан. Б.Пүрэв генерал ардчиллыг дэмжиж байсан хүн байгаа юм. Намайг анх Дорнодоос хот руу шилжүүлж байсан Цагдаагийн ерөнхий газрын дарга Дамдинсүрэн генералын итгэлийг алдаагүй ажилласан.
-Цагдаа нар хэргийн үнэнийг олохын тулд л мөрддөг. Хэргийн нарийн учгийг тайлж чадаагүйгээс болж гэм буруугүй хүн хохирох тохиолдол гардаг. Завханд гарсан хүн амины хэргийг та үнэн зөв илрүүлж олон жилийн ял авах гэж байсан залууг суллаж байсан гэдэг?
-Завханд нэг залуу амиа алдсан хэрэг гардаг юм. Дамбий гэх өвгөн хоёр хүүтэй. Хэрэг гардаг өглөө эрт том хүү нь зүүн тийшээ адуундаа мордсон байгаа юм. Харин нөгөө хүү нь баруун тийшээ үхэртээ явсан байдаг. Гэтэл үхэрт явсан хүү нь хутгалуулсан байдалтай амиа алдсан байдаг. Дамбий гэх айлын ойролцоо хоёр айл байдаг. Нэг хөгшин охинтойгоо амьдардаг. Хажууханд нь бас нэг айл. Тэр айлд хэрэг гардаг өглөө идшээ авах гээд Эрдэнэ-Очир гэх залуу ирсэн. Тэгсэн гэрийн эзэн танай хоёр хонь эргүүтсэн байгаа. Энүүхэнд бий, Чи мордоод олоод ир. Тэрийг идшиндээ хэрэглэ гээд явуулсан байгаа юм. Эрдэнэ-Очир ч малаа тавьсан айлаасаа мордож яваад дурандаж байгаад нэг хүн хээр хэвтэж байхыг харсан. Тэгээд яваад очтол талийгаач амиа алдсан байдаг. Ингээд гэрийнхэнд нь дуулгасан юм. Талийгаачийн ар гэрийнхэн Эрдэнэ-Очирыг буруутгаад байгаа. Жил гаруйн өмнө гутлынхаа түрийнд тонгорго хутгатай явсан. Тэр хутгаараа хүүг минь хутгалсан гэж аав нь мэдүүлээд байгаа. Ингээд Эрдэнэ-Очир хүн амины хэрэгт шалгагдаж эхэллээ. Миний олж тогтоосноор Дамбийгийн ойролцоо байсан айлын охин нь урд энгэр рүү адуугаа тууж явсан хоёр хүнийг харсан байдаг юм. Тэд жалга руу орсноос хойш удалгүй цулбуураа чирсэн морь үргээд гараад ирсэн гэдэг. Араас нь явган хүн гарч ирсэн. Тэгээд нутгийнхан цулбуураа чирсэн морийг барьж авах үед жолоогоо эмээлийнхээ бүүргэнд сойчихсон байсан байдаг юм. Явган гарч ирсэн хүн талийгаач залуугийн ах нь. Морио үргээгээд алдчихлаа гэж хэлсэн юм билээ. Улмаар ах нь энэ хэргийг үйлдсэн болох нь цаг хугацааны хувьд таардаг. Тэр үед Эрдэнэ-Очир хутгаа айлд үлдээгээд явсан байсан. Энэ мэт зүйлээс Эрдэнэ-Очир гэх залуу хэрэгт хамааралгүй гэдгийг тогтоосон. Улсын дээд шүүхийн дарга Ганбат, шүүгч Батсайхан нар зөв хүлээж авсан. Тэгээд хуралдаад Эрдэнэ-Очирыг хэргээс чөлөөлж байсан.
-Таны илрүүлж чадаагүй хэрэг гэж бий юү?
-Байлгүй яахав. Илрүүлж чадахгүй хэрэг байна шүү дээ. Би хөдөө, малтай ойр өсөөгүй болохоор тэгдэг юм уу малын хулгайн хэргийг тааруу илрүүлдэг байсан. Малын зүс, тамга надаас хол санагддаг байсан. Халаасны хулгайн хэрэг дээр ч гэсэн сайн ажиллаж чадахгүй байдаг байсан. Илрүүлэх тал дээрээ тааруу гэж хэлж болно.
-Авдрантад гарсан аймшигт хэргийн талаар асуух зүйл байна. Хоригдлууд болон хорих ангийн хянагч нарыг амийг хөнөөсөн Ч.Чулуунбаатар нарыг тусгайгийнхан болон цагдаа нар эсэргүүцэл үзүүлэлгүй буудсан гэдэг. Энэ талаар ярихгүй юу?
-Онгорхой хочит Ч.Чулуунбаатар, Н.Төртогтох гэх хоригдлууд олон хүнийг онц хэрцгийгээр хөнөөгөөд оргосон. Нийгмийг айдаст автуулсан хэрэг юм. Бид хэрэгтнүүдийн араас нэхэн хөөж Хүүлэйхан уулын энгэрт байгааг тогтоосон. Тэгээд баривчлах ажиллагаа эхлэх гэж байхад тэд гал нээсэн. Унаж явсан машиныг хэд хэдэн удаа оносон байсан. Тэгээд л буудалцаан гарсан. Гэхдээ Ч.Чулуунбаатар нар амьд байсан. Замдаа шархаа даалгүй амиа алдсан. Үнэхээр тэд яахаас ч буцахгүй байдалтай байсан.
-Цагдаагийн байгууллагад шинэчлэл хийгдэж байна. Энэ талаар юу гэж бодож байна вэ?
-Энэ тогтолцоо руу орох ёстой гэж бодож байна. Бид 1990 оны дундаас 2000 онд миний бие Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байх үед энэ талаар яригдаж байсан. Тэр үед энэ тогтолцоо руу орчихвол яах бол гэж ярьдаг, судалдаг байсан. Бүр ийм тогтолцоо руу орно гэж байсан. Хэрэг илрүүлэх алба тусдаа байх хэрэгтэй юм байна гэдгийг судалсан. Гэвч шинэчлэлийг хараахан хийж чадаагүй юм. Тухайлбал, сумдад нэмж ажилтан тавих гэхээр боловсон хүчний хувьд дутмаг байсан. Улс, орны эдийн засгийн чадавхи сул байсан. Тиймээс одоогийн яригдаж байгаа тогтолцоог тэр үед хийж чадаагүй юм. Харин энэ талаар хэлчихмээр зүйл ганц нэг харагдаад байгаа. Шинэ тогтолцоонд орно гэдэг шинэ горимоор ажиллана гэсэн үг. Тиймээс албан хаагч нараа сургалтад хамруулах хэрэгтэй. Бүсчилсэн байдлаар сургалтыг зохион байгуулах хэрэгтэй юм. Цагдаа нарын дунд яригдаж байгаа гол зүйл нь цолны асуудал. Одоогийн яригдаж байгаа хуулиар хурандаа цолтой хүн дэд хурандаа болж буух. Хошууч байсан хүн хурандаа болж дэвших болж байх шиг байна. Би Эрүүгийн албаны хүн. Гэмт хэрэг илрүүлэх албанд байсан. Бага цолтой албан тушаал дээр олон жил ажиллаж байсан мөртлөө өндөр цол авч байсан. Хурандааг тасгийн даргаар ажиллуулах гэхээр дэд хурандаа болоод буучихна. Тиймээс хурандаа нарыг өөр газар дарга болох ажилд явуулах хэрэгтэй болно. Ингээд ирэхээр мөрдөх алба чинь сулраад ирнэ шүү дээ. Миний удирдаж байсан тасгийн мундаг залуусыг тогтоохын тулд бид чиглэлийн ахлах гэх албан тушаалыг гаргаж байсан. Тэгсний хүчинд З.Төрмандах, Д.Мөрөн, А.Дулаанжаргал, Б.Болдбаатар, С.Эзэннайрамдах гэсэн ааг нь багтаж ядсан мундаг залуусыг найман жил тогтоосон байхгүй юу. Ингэж л гэмт хэрэг илрүүлэх алба тогтвортой ажиллаж байсан. Харин одоо ахлах ажилтан гэсэн хамгаалалт байхгүй болчихлоо. Дарга бол олдоно. Гэмт хэрэг илрүүлэх ажлыг хүссэн хүн бүхэн хийдэггүй юм. Гэмт хэрэгтнээс илүү ухаан гаргаж, давж бодож байж л гэмт хэргийг илрүүлнэ шүү дээ. Өөр нэг зүйл нь цагдаагийн томилгоонд нөлөөлж болохуйц улстөрчид өөрсдөө нуруутай байх хэрэгтэй. Нэг улстөрч гарч ирээд цагдаагийн удирдлага бүрэлдэхүүнд дураараа өөрчлөлт хийдэг. Тэгээд ирэхээр замбараагаа алдана. Тиймээс шинэчлэл, тогтолцоонд орж байгаа энэ үед улс төрчид шинэ ухамсар, төлөвшил хэрэгтэй байна. Ингээд хэлээд байвал олон зүйл бий. Гэхдээ гол санаа нь энэ.
-Мөрдөх албаны тухай таны бодол?
-Мөрдөх алба гэдэг маань ерөөсөө глобалчилсон хэргүүд буюу гадаадын улс, орнуудтай харилцах, хамтарч ажиллахаас өөр арга замгүй хэргүүдийг илрүүлэх алба шүү дээ. Монгол Улсад мансууруулах бодис, хүний наймаа, эд эрхтний наймаа, улс дамнасан мөнгө угаах, зэвсгийн наймааны хэргүүд харанга дэлдэж байна. Саяхан гарсан "Цахлай нисэх гэж төрдөг" гэсэн кинон дээр яг харагдаж байна лээ. Хар тамхины хувьд манай улс бүүр идэвхтэй тээвэрлэгч хэмжээнд хүрсэн байгаа юм. Монгол Улс энэ төрлийн гэмт хэрэгтэй дорвитойхон тэмцэхээс өөр арга замгүй. "Ингээд байгаад байж болохгүй ээ" гэж гарч буй хэргүүд хэлээд байна. Уг нь энэ хэргүүдийг хуулиар тагнуулын байгууллага илрүүлэх ёстой. Харамсалтай нь тагнуул одоохондоо энэ үүргээ биелүүлж чадахгүй байна. Эрүүгийн шинжтэй хэргүүдийг илрүүлэх чадамж муу байна. Үүнээс болж хэргүүдийг гараасаа алдчихаад байна. Нөхцөл байдал ийм байхад Мөрдөх алба байгуулах ёстой. Харин байгуулахаасаа өмнө одооноос боловсон хүчнээ бэлтгэж эхлэх хэрэгтэй байна. Хэд хэдэн хэлтэй, хэрэг илрүүлэх чадвартай, сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглах мэдлэгтэй, техник тоног төхөөрөмжөө бүрэн ашиглах хэмжээний бүх чиглэлийн боловсон хүчнийг бэлтгэх хэрэгтэй. Одоо байгаа техник, технологио бүрэн шинэчлэх хэрэгтэй. Тагнуулын газар тааралдсан болгоноо авах юм бол мөрдөх алба ажиллаж чадахгүй. Өндөр шаардлага бол цагдаагийн байгууллагын гол зарчим байх ёстой.
-Өөр нэг зүйл нь гаднын орнуудын тагнуул болон холбогдох байгууллагатай шинэ түвшинд нягт ажиллах хэрэгтэй байх?
-Ер нь гаднын орнуудын тагнуулын байгууллага бусад улсын тагнуултай харилцах сонирхол өндөр биш байдаг. Аль ч орны тагнуулын байгууллага нягт ажилладаггүй гэхэд болно. Харин Олон улсын цагдаа буюу интерполын салбаруудтай хамтарч, нягт ажиллах боломж бүрэн бий. Юуны төлөө вэ гэхээр мэдээлэлтэй байхын тулд. Ялангуяа Зүүн өмнөд Азийн орнуудад хар тамхи, хүний наймаа, мөнгө угаах зэрэг гэмт хэрэг ихээр гарч байна. Иймээс тус бүсийн Олон улсын цагдаатай хамтын ажиллагааг даруй идэвхжүүлж, хамтрах хэрэгтэй. Бидэнд мэдээлэл л хамгийн чухал. Жишээ нь, Монгол Улсын нэг иргэн хар тамхины хэргээр баривчлагдах эсвэл хэн нэг бүсгүй хүний наймааны золиос боллоо гэхэд бидэнд тэр талаарх мэдээлэл байх хэрэгтэй. Тухайлбал, тус бүс нутагт хар тамхи, хүний наймаатай холбоотой ямар ямар гэмт бүлэглэлүүд байдаг. Тэдний алинтай нь манай улсын хэн гэгч холбоотой байдаг вэ гэдэг талаарх мэдээллийг бид мэдэж байх ёстой. Одоогоор манайд тийм мэдээлэл хомс байна. Бид одоогоор хэнтэй ч нягт холбоотой ажиллаж чадахгүй байгаа. Энэ мэтээр л сургалтад бэлтгэж, харилцаа холбоог шинэ түвшинд гаргах замаар өөрчлөлт, шинэчлэл хийх ёстой.
-Энэ бүхний эхлэл тавигдаж байна гэж ойлгож болох уу?
-Хаврын чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцэхээр болж байх шиг байна. Гэхдээ хамгийн гол нь энэ хуулийг батлуулахгүй байх лобби гадуур явагдаад байна. Лоббиг зөв ашиглавал улс, оронд хэрэгтэй, буруу ашиглавал хохиролтой. Тиймээс бид маш зөв, цэгцтэйгээр алхмаа эхлүүлэх хэрэгтэй.
Сэтгэгдэл (1)