x

Лу.Гантөмөр: Дахин сонгогдох гэдэг шуналаас болж Монгол Улсын хөгжлийг устгаад байна

УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөртэй ярилцлаа.

-АН дахь өнөөгийн залуучуудаас Х.Тэмүүжин дарга та хоёр бол УИХ-д ч, Засгийн газарт ч гишүүнээр ажилласан туршлагатай, АН-ын тод дүр болсон залуус. Гэтэл сүүлийн үед их бүдэг байна. АН-ын генсекийн албаа хашиж байна уу?

-Намын Ерөнхий нарийн бичгийн дарга гээд АН-ын даргаар сонгогдсон О.Цогтгэрэлийг Дээд шүүхэд бүртгүүлэхээр ажилласан. Дээд шүүхээс хоёр талын хуваагдмал байдлыг арилгаж байж намын даргыг бүртгэнэ гэсэн тайлбар өгсөн. Хоёр талын хуваагдмал байдал арилах, нэг үгээр хэлбэл нэгдэх шаардлагатай. Тухайн үед намын даргаар сонгогдсон О.Цогтгэрэл цаашид ажиллахгүй гэсэн учраас би нам нэгдтэл аль нэг талд явах нь аль нэг талд зүтгэсэн юм шиг дүр зураг харагдана гэж бодсон.

-Намаа нэгтгэх ажилд оролцохгүй байгаа хэрэг үү. Таныг 70, 80 оныхныгоо өөрийн талд авчихаад гуравдагч талыг бий болгоод байна гэсэн яриа сонсогдох юм?

-Ардчилсан нам С.Эрдэнэ, Х.Баттулга гэдэг хоёр хүний асуудал биш болчихоод байна шүү дээ. С.Эрдэнэ, Х.Баттулгаас үл хамаарсан ардчиллын маш олон залуус бий. Энэ хүмүүс намыг яаж нэгтгэх вэ гэдэг асуудалд оюун ухаанаа уралдуулж байгаа. Тэдгээр хүмүүстэй уулзахаар тэр хүмүүсийг удирдаж байгаа мэтээр гадагшаа гаргадаг юм байна. Миний байр суурь бол намын нэгдэл явах ёстой. Аль болох маргалдагч дүрүүдийг оролцуулаад явмаар байна гэсэн байр суурьтай байгаа.

-Нийгэмд С.Баярцогт даргыг АН-ын аль аль талыг нь ойлголцуулж, нэгтгэж чадах хүн гэж дүгнэж байна. Та ямар бодолтой байна?

-Манай намын нөхцөл байдал ямар байна гэхээр хэн нэгэн хүнээр даргалуулах, үл даргалуулах яриа гаргах боломжгүй байгаа. Ямар суурин дээр нэгдэл явах вэ гэдэг асуулт хамгийн гол нь болчихоод байна. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт даргын тухай ярих болоогүй байна.

Хоёрдугаарт, С.Баярцогт санал санаачилга гаргаж хүмүүстэй уулзаж байгааг дэмжиж байгаа. Идэвхтэй явж намаа нэгтгэе, хоёр талд хуваагдсан хүмүүсийг ямар нэгэн байдлаар уулзуулмаар байна. Ингэхийн тулд хуваагдсан талуудаас ажлын хэсэг гаргая гэсэн. Харамсалтай нь ажлын хэсэг солигдчихлоо. Эхний ажлын хэсэг албан бус ч гэсэн тодорхой хэмжээгээр ойлголцолд хүрч байсан гэсэн мэдээллийг С.Баярцогт өгсөн. Гэтэл Х.Баттулга зургаа, С.Эрдэнэ зургаан хүн гаргаж шинээр ажлын хэсэг гарлаа. Ажлын хэсгийн суурь зарчмууд ил гарах шаардлагатай байна. Учир нь нэгдүгээрт, хүн ярих болоогүй байна. Хоёрдугаарт, суурь зарчим нь юу вэ, ямар зарчим дээр хамтрах вэ. Албан тушаалын “наймаагүйгээр намаа яаж нэгтгэх вэ.

Гуравдугаарт, манай нам хүнд байдалд орсон учир шалтгааныг хайх хэрэгтэй. Энэ бол ардчилсан нам гэхээсээ илүү Монголчуудын төлөв байдлын илрэл юм болов уу. Эрх барьж байгаа улс төрийн нам эрх мэдлийн хязгаарлалтаар намаа барьж байна. Гэтэл АН бол эрх мэдлээс холдоод удах тусам монгол хүний нэг зан төлөв гарч ирээд байна.

-Ямар зан төлөв?

-“Би” гэдэг мунхаг эго, минийх гэдэг шунал хоёр. “Би” гэх эго, минийх гэдэг шуналын нөхцөл байдлаас ямар зарчмаар салах вэ гэдэг асуудлаа бид харчихвал хүн ярилгүйгээр, албан тушаал хуваарилахгүйгээр урагшаагаа явах тухайд хуваагдчихсан хоёр тал тохирч урагш явна. Харин энд ямар хугацаа зарцуулах бол гэдэг асуудал. Миний санаа бол яарамгүй байгаа юм. Яарвал даарна гэдэг юм болох вий. Яарах тусмаа л “би”-гээ хаяж чаддаггүй, минийх гэдэг үзэл больдоггүй.

Олон хүний амнаас гарч байгаа “..миний ардчилал, миний нам, би амьдралаа зориулсан..” гэсэн үгнүүд ашиглагдахаа болих ёстой. Монгол төрийн ажил дээр “би”, Монгол төрийг минийх гэж сэтгэгэдэг сэтгэлгээнээс салсан, үүнийг давсан үйлдэл шаардлагатай. Намайг залуучуудтай уулзаад байна, тэдэнтэй ямар нэгэн алхам хийх гээд байна гэдэг хардалтын цаадах миний хүсэл мөрөөдөл бол би, минийх гэдгийг бид яаж давах ухааныг л хайгаад байгаа юм. Энд мэдээж хугацаа орох юм билээ л дээ.

-Тэр ухаан нь таныхаар юу вэ?

-АН-ынхан бид одоо стресснээсээ салах хэрэгтэй юм билээ. Зангирахаа болих хэрэгтэй юм байна лээ. Нэгнийгээ уучлах ёстой. Хардалтаа алга болгох хэрэгтэй гэх мэтээр жаахан биеэ сулламаар байгаа юм. Сулраад нөхцөл байдлыг дээрээс хараад, арай жаахан ухаан зарвал явчих болов уу. Тэрэн дунд “би, бид” гэсэн үгнүүдгүйгээр АН яаж явах вэ гэдгийг харахыг оролдож байгаа. Түүнээс биш би С.Баярцогт дээд үеийнх, би доод үеийнх гэж яримааргүй байгаа юм. Бид нэг үед улс төрийн амьдралаар амьдарч байсан хүмүүс. Нэг л үед зүтгэж байгаа хүмүүс. Тиймээс энд насны ялгаварлал бага гаргаж, мэдээж залуу үе цаашид идэвх санаачилгатай зоригтой байгаасай. Зоригтой гэдэг нь би, миний гэдэг өвчнөөсөө ангижирсан эр зоригийг хэлж байгаа юм. Ер нь “би, би” гэдэг өвчнөөс салахад эрэмгий зориг хэрэгтэй болчихоод байгаа юм.

-Тэгвэл өмчлөөд байгаа тэр эготой хүмүүст үүнийг яаж ойлгуулах юм бэ. Энэ “өвчин” өөрт нь төлөвшчихсөн байгаа шүү дээ?

-Сүүлийн арваад жил эрэмбээ зөв тавь гэж яригдлаа шүү дээ. Арван жил л ярилаа. Харамсалтай нь үйлдэл болдоггүй. Эхлээд эх орноо бод, дараа нь улс төрийн намаа бод. Түүний дараа хамт олноо бод. Эцэст нь өөрийгөө бодох эрэмбэ.

Энэ бол нийгэм дэлхий дахинаа бүрэлдэж улс орнууд өөрийн гэсэн төр засаг, удирдлага, үзэл санаа бойжих явцад бий болсон философи. Ер нь бид Монгол Улс нэг намын тогтолцоо руу шилжчихсэн гэдгийг хатуу ойлгочихмоор байгаа юм. МАН эрх барина. Урт удаан хугацаанд барих бүх үйлдэл явчихлаа гэдгийг ойлгоод ухамсарлах хэрэгтэй. Ингээд одоо бид яах вэ гэж асуудлыг хармаар байгаа юм. Түүнээс одоо сонгууль болохоор бид ялчих гээд байна гэж муйхарлаад, эргүүтээд байж болохгүй. Тийм боломжгүй болчихсон. Монгол бол Оросын, Хятадын араас явчихсан. Нэг нам эрх барьдаг дэлхийн улс орнуудын загвар руу шилжчихсэн байхгүй юу. Шилжээгүй гэж гөжүүдлээд байж болохгүй.

-2016 оноос хойш гэж та харж байна уу?

-Үгүй. Урт хугацаандаа. 2008 оноос хойших өрнөл гэж харж болно. Нэг намын тогтолцоо руу явчихсан. 2000 онд ч тийм байсан. 1996 онд ч үүн рүү тэмүүлж байсан. Олон намын тогтолцоог зөвшөөрөөд хуулиа баталсан үе нь 1992 он. 1992 оны Үндсэн хуулийн дагуу ард түмэн амьдрах юм байна гэсэн хандлага арван жил яваад буцаад эргэсэн. Уг нь хүчтэй хоёр нам байж байж л төр засаг оршино гэдэг Монгол төрийн хар хайрцаг байхгүй юу. Гэтэл үүнийг нураах ажил сүүлийн арван хэдэн жил маш хүчтэй өрнөсөн. Янз бүрийн байдлаар энэ “машин” ажилласан. Үүний үр дүнд нэг нам оршин тогтнохоор болчихсон.

Тиймээс үүнийгээ харчихвал төрд бидэнд орон зай байхгүй. Улс төрийн бүх бодлого үүн рүү явчихсан гэдгийг ойлгочихвол яаж “Монгол төрийн хар хайрцаг”-ыг амилуулах вэ гэдэг бодлого бидэнд гарч ирнэ. Ингээд эрэмбээрээ төр улс гол болж гарч ирнэ биз дээ. Монгол төрийн хар хайрцаг бол улс төрийн хоёр нам нь багана байна. Энэ хоёр нам монголчуудын эрх чөлөөг хамгаална. Ээлжилж засгийн эрхэнд гарах юм байна. Нэг нь сөрөг хүчин болж хяналтаа тавих юм байна. Ингээд бодлогын уралдаан явах нь ээ. Монголчууд жаахан “би”-гээсээ салаад арай жаахан уужуу хандаад хөгжил дэвшил рүү ойртох тусмаа бодлогын уралдаан руу шилжих ёстой байхгүй юу. 1990 оны зураг тэгж зурагдсан байна шүү дээ. 1992 оны Үндсэн хууль тэгж батлагдаж байна. Гэтэл ингэж явуулахгүй гэдэг бодлогод гадна дотны маш олон хүчин зүйл бий. Энэ бодлого нь амь орсон гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Амь орж биежчихсэн. Биежсэн бодлогод хэн нэгэн хүний хүсэл мөрөөдөл хамаагүй болчихдог. МАН-ыг ямар сайхан хүн удирдаж байх нь хамаагүй. Бодлого нь биежсэн. Монгол Улсын төрийн тэргүүнд хэн гэдэг хүн байхаас үл хамаарч бодлого нь биежсэн. Тиймээс бид биежсэн бодлогыг яаж эргүүлж олон жилийн настай Монгол төрийг бүтээх вэ гэдгийг тойрч суугаад ярих ёстой. Түүнээс бид хэнийг дарга болгох, хэн нь нүүр царай болох уу, эсвэл хэн нь хойноо гарах, хэн нь урдаа гарах асуудал биш. Энэ бол их хойно яригдах асуудал.

Улстөрчид бол нэгэнт монгол төрд өөрийнхөө оюун ухааныг зориулна гээд шийдчихсэн хүмүүс шүү дээ. Бизнесмэн хүн бол мөнгө бодож байх ёстой. Улстөрч хүн төр яавал бэхжих вэ, улс орон яавал хөгжих вэ гэдэг ч юмуу арай өөр зүйлд оюун ухаанаа чилээж, арай өөр зүйлийг найз нөхөд эргэн тойрныхонтойгоо ярилцдаг байх хэрэгтэй байхгүй юу.

Тиймээс бид яариад байгаа эрэмбийг амьдрал дээр яаж бий болгох вэ гэдэгт оюунаа уралдуулах ёстой. С.Баярцогт санаачилга гаргаад явлаа гэхэд чи хаана, би хаана байх вэ гэж ярихаас илүү Монгол төр яах вэ гэдэгт илүү ач холбогдол өгч бодлогоо боловсруулбал өнөөдөр намд үүсчихсэн асуудлыг давна. Давахгүй бол нэг намын тогтолцоо руу явж байгаа хатуу бодлогын зангилаа тайлагдахгүй байх.

-Нэгтгэх ажлыг ингэж хойшлуулах тусам л нэг намын тогтолцоо улам бөхлөгдөх биш үү. Нөгөө талаас улс төрийн намд ялалт л чухал шүү дээ?

-Сонгуулиар авч байгаа санал, УИХ-д авч байгаа суудлын тоо, дээр нь ард түмэн юу ярьж байна хүсэл зорилго нь юу байна гээд судлахаар нэг намын тогтолцоо гэдэгт хатуу шийдчихсэн. Ингэхийн тулд маш олон төрлийн порпоганда явж байгаа шүү дээ. Энэ порпогандагийн үр дүн нэлээн зузаан суурьтай болчихсон.

Бид одоо ямар нэгэн байдлаар наймаа хэлцэл хийж, хэн нэгнийгээ дарга цэрэг болгохоор тохиролцоод урагшаа явбал энэ хатуу бодлогын золиос болно. Тиймээс АН өөрийнхөө дүр зургийг харахдаа арай илүү өндрөөс харах хэрэгтэй. Хүмүүстэйгээ ч тэр түвшнээс ярих хэрэгтэй. Манай гишүүд 2024 оны сонгуульд орохдоо юуны төлөө оролцох гэж байгаагаа арай өөрөөр бодох хэрэгтэй. Түүнээс ялахын төлөө, нэг суудал авахын төлөө, албан тушаал авахын төлөө гэсэн жижиг сажиг зүйлээр хөөцөлдвөл амжилт гаргахгүй. Амжилт гаргахгүйгээс гадна бодитой нэгдэл болохгүй. Тиймээс би намын задралын шалтгааныг ярианы эхэнд хэлсэнчлэн хоёр янзаар тодорхойлж байгаа юм. Нэг нь, монгол хүний зан чанар харагдаж байна. Энэ бол энэ цаг үед илэрч байгаа өнгөрсөн зуун жилийн “бүтээл”. 100 жилийн өмнөх монгол хүнийг судлаад гаргахад хэцүү баримт нотолгоо алга. Гэхдээ монгол төр томроод жижигрээд удаа дараа улс орны мэдэлд шилжсэн процессыг харахад өнөөдөр бий болчихоод байгаа юм бага хаадын үеийн үндсэн характер нь харагдаад байгаа юм. Гэхдээ энэ үндсэн характер аль ч улс оронд адил байж магадгүй. Гэхдээ үүнийг Үндсэн хууль болон бусад хуулиар хайрцаглаж өгдөг. Хайрцаглахдаа юу руу чиглүүлэх вэ гэдэг нь чухал. Ялалт руу чиглүүлэхээр хувь хүмүүсийн тоглолт эрчимжээд байдаг. Институци рүү чиглүүлэхээр хувь хүмүүсийн тоглолт багасдаг.

Ийм байдлаар өөр өөр даалгавар гарч ирээд байгаа юм. Тиймээс бид АН-ыг яаж институци болгох вэ гэдэг нь хамгийн том даалгавар. Институци болчихвол задарсан суурь шалтгаан болох “би” гэдэг өвчнийг анагааж болно. Машин өөрөө анагаана. Түүнээс хүмүүсийг зөнд нь хаявал ийм л дүр зураг харагдаж байгаа юм.

Машиныг бүтээхэд бүгдээрээ оюун ухаанаа уралдуулах хэрэгтэй. Ингэж чадвал С.Эрдэнэ дарга нь ч, Х.Баттулга дарга нь ч машинд суугаад явна. Тэгэхгүй би би гээд байвал аль нэг нь гадаа үлдэнэ. Ингээд дахиад хэрүүл болно. Тэр хэрүүл нь Монголын төрд сайн зүйл авч ирэхгүй гэдгийг бүгдээрээ ойлгочихвол "би”-гээ дарж хойш суух гээд байгаа юм. Харин ялалтад чи гай болоод байна гэхээр чамайг ялуулж яах юм бэ гээд хэрүүл үүсээд байгаа юм.

Төр ямар байвал бидэнд учирсан шиг задрал улс төрийн хоёр том нам дээр явагдахгүй байх вэ. Тэрийг яаж хаах вэ гэдэг талаас нь бид хэлэлцүүлэг хийгээд байж баймаар байгаа юм. Энэ хэлэлцүүлэг нь бидний нэгдлийг авч ирнэ.

-Нэгтгэх уулзалтад очиж байна уу. Уулзалтууд дээр юу яригдаж байна. Таны энэ санааг хүлээж авч ярьж байна уу?

-Брюселлийн уулзалт дээр очоогүй. Хүмүүсийн уулзсныг харахаар маш хурдан ҮБХ-г хуралдуулж, Дээд шүүх рүү маш хурдан явуулах зэргээр нөгөө л хуучин зүйлээ хийчих гээд байгаа юм. Тиймээс бид арай өөр юман дээр нэгдмээр байна гэж хэлээд байгаа маань энэ. Угаасаа нэг үнэт зүйлтэй. Түүнийгээ дахиж “мөлжөөд” байх шаардлагагүй. Үзэл санаа үнэт зүйл дээр бид бүгдээрээ байгаа. “Чи байхгүй, би байгаа гэдэг бол “би”-гийн өвчин туссан хүмүүсийн яриа. Би 20 жил нэг явсан учраас миний хувьд бид үзэл санаан дээрээ нэг байгааг мэдэж байгаа. Улс орны үйл хэргийг явуулахад арга барилын зөрүү бий. Арга барилын зөрүүг хуулиар нэг болгох тухай бид бодох ёстой. Сонгуулийн мөрийн хөтөлбөр, хууль хоёроор бид нэг болгох ёстой.

“Би”-д нэрвэгдэж буруу явсны хорыг АН-ын хэдэн дарга хүртээд байгаа хэрэг биш. Монголын ард түмэн бүгдээрээ хүртээд байгаа юм. Сүүлийн 10 жилийн төсвийг хар. Бүгд дахиж сонгогдохын төлөөх төсөв. Энд хөгжлийн нэг ширхэг ч зүү байхгүй. Нэг ширхэг ч утас байхгүй. Уг нь хөгжлөө бодсон мэтгэлцээн байх ёстой. Чуулганыг сонсохоор тойргийн жижиг хөрөнгө оруулалт нэртэй хүмүүсийг хуурдаг, сэтгэл санааг нь зассан төсөв харагдаж байгаа юм. Гишүүдийн постыг л хар. Тэр тойрогт тэдэн төгрөг хуваарилагдлаа гээд постлоод байна. Монгол Улсын хөгжлийг дахин сонгогдох гэдэг шуналаас болоод устгаад байгаа юм. Энэ нь хөгжлийн садаа, Монгол орныг ядуурал руу чирэх хөдөлгүүр болчихоод байгаа юм.

Намын уулзалтууд дээр яавал хөдөлшгүй хөгжлийн орчинтой болох вэ, яавал улс төрийн намын хуульд улс төрийн нам хэсэг бүлэг хүний халаасанд орохгүй байх вэ, яаж бие даасан институци болгож хөгжүүлэх вэ гэдэг талаас нь ярих ёстой.

-Ойрмогхон Улс төрийн намын хуулийг хэлэлцэх байх. Ямар байдлаар энэ хуулийг хийвэл зүйтэй гэж харж байна вэ?

-Шударга хэлэхэд, улс төрийн хоёр том намтай байхаар харах хэрэгтэй. Ингэвэл Улс төрийн намын хууль ширээн дээр өрөгдөөд гараад ирнэ. Түүнээс 20, 30 намын тухай бодоод тэр хуулийг хийвэл Монгол Улс бүр л нэг намын тогтолцоо руу явна. Машин үүнд ажиллаж байгаа шүү дээ. Нэг биш хоёр намтай байхын тулд Улс төрийн хууль ямар байх вэ гэдэг их тодорхой, зоригтой байх хэрэгтэй. Нам байгуулаад би намтай гээд орилоод байгаа хүмүүсийн уур хилэнг бадраах нь энэ удаадаа асуудал биш.

Монгол Улс хэдэн жилийн дараа хөгжсөн орон болохыг мэдэхгүй. Уг нь бид өдийд хөгжсөн улс болгоно гэсэн зорилготой байсан. Харамсалтай нь чадаагүй. Харин ч тэмүүлж байсныхаа эсрэг туйл руу эргүүлээд авааччихсан. Буцаад тэмүүллээ бий болгохын тулд Улс төрийн намын хуулийн гэрийн даалгаврыг сая хэлсэнчлэн тавих хэрэгтэй.

Бидний хүсээд байгаа зүйл бол Улс төрийн намын хууль Монгол төрийн нэг хэсэг байх юм байна, байгаа юм байна. Сайн дурын байгууллага биш юм байна. Үүнд Монголын төр анхаарах хэрэгтэй. Монгол төрийн хүний нөөцийг Улс төрийн нам бүрдүүлж байна. Үүнээс тойрч зугтах гэж оролдсон худлаа байсан. Дүр эсгэсэн байна. Ёстой өнөөх дүр эсгэсэн ардчилал гэдэг чинь энд бий болчихоод байгаа юм. Төрийн алба улс төрд хамаагүй гэдэг шал худлаа тайлбар. Өнөөдөр их сургуулийн захирлыг улстөрчид томилж байна. Шалгаруулалт нь худлаа. Бид өөрийгөө хуурч байгаа юм. Өөрийгөө хуурах хууралтуудаа багасгаад хоёр нам өрсөлдөх юм байна. Хоёр нам Монгол төрийн бодлого, хүний нөөцийг тодорхойлох юм байна. Тиймээс улс төрийн намыг яаж хэсэг бүлэг хүмүүсийн эрхшээлд автуулахгүй байлгах вэ.

Дор хаяж л улс төрийн нам нь УИХ-ын гишүүдийнхээ атганд орохгүй байх тухай бодохгүй бол 76 нөхөр төсөв яаж баталж байна тэр хэмжээгээр Засгийн газрыг шантаажилж байна, ах дүү амраг садангаа албан тушаалд томилж байна. Найз нөхдөдөө авлига авах орчныг нь бүрдүүлж өгч байна. Бүх юм ингэж явж байна шүү дээ. Тиймээс бид байгаа идээ бээрээ харчих хэрэгтэй. Үүнийг нэг амьсгаагаар шийдэж чадахгүй. Гэхдээ хяналт тавьдаг хүчтэй сөрөг хүчин хэрэгтэй юм байна. Эрх барьж байгаа хүмүүс нь бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна. Эрх барина гэдэг бол төрийг хянаж, машиныг барьж байна гэдгээ мартаж болохгүй. Ард түмэн төрийн эрх барихдаа улс төрийн намаар дамжуулж барьж байна. Нэг бол МАН, эсвэл АН-аар дамжиж барина. Тиймээс Монгол төр энэ хоёр нам дээр оршиж байна. Зоосны хоёр талын нэгийг нь юу ч биш гэчихээд нэг талаа харуулаад байж болохгүй.

-Сонгуулийн тогтолцоо ямар байх ёстой вэ?

-Улс төрийн намын хууль намын өрсөлдөөн байх юм байна гээд гараад ирвэл холимог тогтолцоо руу шилжих ёстой. Учир нь тойргийн хамаарлаас парламентыг холдуулахын төлөө нэг алхах хэрэгтэй юм билээ. Чадвал хоёр, гурав алхах хэрэгтэй. Ер нь тойрог нэртэй дахин сонгогдох дэв, шунал, синдромоос болж Монголын хөгжил гацаад байна. Ядаж байхад газар нутаг томтой юм. Энэ том газар нутаг руу цемент тараахаар хүрэхгүй байна. Монголчуудын бүтээж байгаа баялагаар энэ том газар нутгийг цементээр бүрэх тухай яриа яваад байна шүү дээ. Тиймээс сонгуулийн тогтолцоо, сонгуулийн систем нь хоёр нам руу шахаж байх хэрэгтэй.

Нөгөө талдаа улс төрийн нам нь, УИХ-ын гишүүд нь төрийн төлөө байхуйц систем рүү шахаж орохгүй бол төрийн төлөө бус өөрийгөө дахиж сонгуулахын төлөөх систем ажиллаад байхаар хөгжихгүй байна. Монголд байгаа нэг л бэрхшээл нь ядуу байна. Баян болох ёстой. Ингэхийн тулд яах вэ гэвэл өнөөх нэг асуулт, нэг хариулт байгаа юм.

-Гишүүдийн тоог нэмэх ёстой юу?

-Төр олигархиудын атганд орчихоод байна шүү дээ. Үл үзэгдэгч гар Монгол Улсын эрэг шургийг барьчихаад байна. Гааль, татвар, мэргэжлийн хяналт, хилийн цэрэг, боомт, яам, тамгын газар. Олон жил бугширсан сүлбээ уяа байгаад байна. Нэгийг нь хайчлах гэхээр нөгөөхийг нь хайчилна гээд болж өгөхгүй байна. Хэн эрх барихаас үл хамаарч ажил нь явдаггүй. Жишээлбэл, ковидын үед бүх юм ил боллоо шүү дээ. Ковидын үед бид хөл хорионд ороод гэртээ байж байхад зарим нь гудамжаар явж байсан. Бид гэрээсээ гарахгүй байхад зарим нь энд тэнд цуглараад найр наадам хийж байсан. Энгийн иргэний бараа орж ирэхгүй байхад дарга нарын бараа орж ирсэн. Энгийн компаниуд экспорт хийж чадахгүй байхад дарга нарын компаниуд тасралтгүй экспорт хийж байсан. Ковидын үед муу муухай бүхэн нь ил гараад ирсэн. Хэний бизнес үлдэв, хэн дампуурав гээд харахаар зөвхөн дарга нарынх. Тэдний холбоо сүлбээтэй хүмүүсийнх үлдэж бусад нь дампуурсан.

Олон жил явчихсан төрийг барьж байгаа танил талын сүлжээнүүдийг алга болгохын төлөө УИХ-ын гишүүдийн тоог нэмэх гээд байгаа юм. МАН шулуухан үүнийг хэлээд байгаа юм. Одоо 62 Засгийн газраа шантаажлаад байна. Арай олон болгоод залуу хүмүүсийг оруулаад ирвэл тэд арай илүү доошоогоо хүн хаацайлах нь багасаж хайчлах хүнээ хайчлаад болгоод явах боломж байна. Шалтаг нь ерөөсөө л энэ.

Арай чадалтай, боловсролтой, нийгэм дотор орж амжаагүй, төрийн албанд олон жил байгаагүй гэдэг ч юмуу ийм хүмүүс олон орвол бугшчихаад байгаа идээ бээрийг хагалахад хэрэг болох болов уу гээд тоо яриад байх шиг байгаа юм. Тэрийгээ парламент давжаа биш гэдгээр тайлбарлаад байх шиг байгаа юм. Учир нь шулуухан хэлж чадахгүй ичээд байх шиг байна, өөрийнхөө намын тухай ярьж байгаа учраас.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 21 цаг 25 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 21 цаг 25 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 22 цаг 54 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 23 цаг 23 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 23 цаг 30 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 23 цаг 39 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top