x

Б.Пүрэвдорж: Хүүхдийн мөнгийг энэ хэвээр баталбал олон л хүн Цэцэд хандах байх даа

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа

-АН-ын дотоод асуудал юу болж байна? Эмхрэх, эвлэрэх янз байх юм уу? “Бресселийн” нэртэй томоохон уулзалт хориод хоногийн өмнө болсон, намын удирдлагад ажиллаж байсан хүмүүс очсон харагдсан. Гэсэн ч үүнээс хойш ямар нэг хөдөлгөөн орохгүй л байх шиг?

-Экс намын дарга, экс Ерөнхийлөгч хоёр намаа хоёр талд хуваачихаад, өөрсдийн өмч мэт үзээд явж байгаа нь олон хүний дургүйцлийг хүргэж байгаа. Энэ нь бүр хэтийдсэн нөхцөл байдал руу очиж байна. Тийм учраас олон хүмүүс янз бүрийн л санаачилга гаргаж байна. Залуучууд ялангуяа, 1990 оны ардчилсан хувьсгалыг хийсэн, тэр үеэс хойш намд олон жил явсан хүмүүсийг ардаа сууж зөвлөгөө өгөөд, залуучуудаа урагшаа гаргах ёстой гэдэг санал санаачилгыг гаргаад явж байна. Туршлагатай улстөрчдийн зүгээс ч гэсэн намын эв нэгдлийг хангах тодорхой санаачилгууд гаргаад явж байгаа. Зөв эхлэл гэж би харж байна. Намын залуучуудаас, ахмад үеэс гаргаж байгаа энэ санаачилга эцэстээ нэг уулзвар дээр ирнэ. Тэр нь эв нэгдлийн уулзвар байгаасай л гэж бодож байна.

Би өөрөө ч гэсэн санаачилга гаргаад, Х.Тэмүүжин, З.Нарантуяа нартай хамтраад Эв нэгдлийн их хурал хуралдуулахаар 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулах ажлыг хийгээд явж байгаа. Өнгөрсөн хавар эхлүүлсэн. МАН руу гүйлдээд “миний тамгыг батлаад өгөөч ээ, намайг Дээд шүүхэд бүртгээч” гэхийн оронд өөрсдөө дотооддоо эв нэгдлээ хангах, дотроо асуудлаа шийдэх зорилгын хүрээнд энэ ажлыг хийгээд явж байна.

-Ажиглаад байхад намын ахмад үе болоод залуучууд гэгдэж байгаа танай үеийнхэн, танайхаас доош үеийнхний хооронд нэлээд том ан цав гарсан мэт. Залуучууд нь “ахмад үе зайгаа тавьж өгөөч ээ” гэдэг. Ахмадууд нь болохоор “Залуучууд өөрсдөө манлайлалгүй байна. Нийгмийнхээ дуу хоолой болж чадахгүй байна” гээд чамлаад байдаг. Тэдний хэлж байгаа ч бас ортой юм шиг?

- АН-ыг сөрөг хүчин бай, эв нэгдлээ ханга, дотроо учраа ол, асуудлаа шийд, нэг нэгнээ хүндэлдэг тийм намын төлөө бид санал өгөхөд бэлэн байна аа гээд ард түмэн хоёр удаагийн парламентад манай намыг цөөнх болголоо. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл энэ эв нэгдлээ хийхгүй яваад байгаа нь АН-ын хувь заяа, цаашлаад Монголын арчиллын хувь заяа, тусгаар тогтнолд том гамшиг авчирахуйц нөхцөл байдал руу явж байна. Энэ намд эзэн байх гэсэн амбицаа дараад, урагшаа хараад явахад бидэнд боломж байгаа.

-Намын дүрэм бол тодорхой. Үзэл баримтлалаа шинэчиллээ, тодотголоо гэсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл яагаад энэ нам эвлэлдэж, нэгдэж чадахгүй байгаа юм бэ? Яг юу дутаад байна?

-Улс төрийн тодорхойлолтоороо “Үүсгэн байгуулагчаасаа салж, урт хугацаанд үйл ажиллагаа явуулсан намыг нам гэж хэлнэ” гэж байгаа. Тийм ч учраас МАХН байгуулагдаад анхны долоогоо буудаж байсан. АН ч гэсэн АН-ыг “миний өмч” гэж үздэг үүсгэн байгуулагчаасаа салаад, урагшаа харж явж чадсан цагт бидэнд амжилт ирнэ. Бид үзэл баримтлалаа тодорхойлчихсон. Өөрсдийнхөө өнцгөөс тайлбарлаад байгаа л болохоос биш намын дүрэм тодорхой. Тийм болохоор АН-ыг өөрийн өмч гэж үзэж байгаа нөхөд хариуцлагаа хүлээгээд дараагийнхаа уирдлагыг томилоод явбал асуудал байхгүй. Харамсалтай нь, АН-ыг “миний нам”, “миний өмч” гэж үздэг хүмүүс намаас салж өгөхгүй байна.

-Эрх мэдлийг гуйж авдаггүй билүү, нэг үг байдаг. Экс Ерөнхийлөгч, экс намын дарга хоёр бол бие биедээ найр тавихгүй гээд гүрийгээд байдаг. Тэгэхээр та нар, танай үеийнхэн өөрсдөө их хурлаа зарлаад эрх мэдлийг авч яагаад болдоггүй юм?

-Хоёр талын нөхөд хоёулаа хадаг бариад МАН дээр очиж байна. Манай намыг албан ёсны АН гээд хэлээд өгөөч, энэ даргыг намын даргаар бүртгээд өгөөч гээд явж байгаа. МАН болохоор аль талыг албан ёсны гэж үзэх вэ, аль нь өөрт ашигтай вэ? гэдэг дээр анализ хийгээд суугаад байх шиг.

Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг, нийгэм асар хурдацтай доошоо унаж байна. 2024 оны УИХ-ын сонгуульд МАН ялах ямар ч боломжгүй болсон. Тийм учраас өрсөлдөгчийнхөө эв нэгдлийг хагалах, намыг нь хуваах замаар дараачийн сонгуульд амжилт олно гэсэн тооцооллоор 2024 оны сонгуульд бэлтгэж байна л даа. Үүн дээр нь манайхан давхиж очоод байгаад л асуудал байна. Дээд шүүх бол нэг л зүйл хэлж байгаа шүү дээ. Нэг албан бичгээр нэг тамгатай, нэг хүний нэр ирүүлээч ээ, тэгвэл бүртгээд өгье л гэж байгаа шүү дээ. Гэтэл экс даргын тал нь нэг хурал хийгээд бичиг явуулдаг, хоёр хоногийн дараа экс ерөнхийлөгчийн тал нь бас хурал хийгээд яг адилхан утгатай бичиг өгдөг. Тэгэхээр нь Дээд шүүх “Нэг л бичиг өг л дөө” гээд суучихдаг. Үүн дээр нь МАН тоглож байна л гэж би харж байгаа.

-АН хоёр хуваагдсанаас хойш С.Эрдэнэ дарга хоёр ч удаагийн сонгуульд орчихлоо шүү дээ. Тэгэхээр энэ нам нь албан ёсных биш юм уу?

-Экс намын дарга бол ингэж үзээд байгаа. Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын нөхөн сонгуульд манай нам оролцсон. Тийм болохоор бид албан ёсны нам нь гэж яриад байгаа. Тэгсэн мөртлөө УДШ С.Эрдэнэ гэдэг хүнийг намын даргаар буцааж бүртгэдэггүй. С.Эрдэнэ нь болохоор “Намын даргыг хэнд өгөхөө би шийднэ” гээд суугаад байгаа шүү дээ. Өөрийн хувийн өмч шиг яриад, зарлаад явдаг.

-Мэдээж “Би шийднэ” гэж байгаа нь С.Эрдэнэ даргын буруу байх л даа. Гэхдээ шүүх С.Эрдэнийн бичгийг хүлээж авахгүй байгаа нь ч гэсэн сонин? Нөгөө талд нь үйлчлээд байгаа юм биш үү?

-Ерөөсөө энэ намын асуудал хоёр талтай яваад байна. Дээд шүүх бүртгэж авахгүй байгаа нь бол 2024 оны сонгуульд АН-ын хоёр хувааж оруулах МАН-ын туйлын хүсэлтэй шууд холбоотой.

-Ингэхэд яагаад АН хоёр хуваагдаж болдоггүй юм. 2009 онд МАХН нэрээ солиод МАН болсон чинь нэг хэсэг нь эсэргүүцээд, МАХН-ыг байгуулаад тусдаа гараад явсан. Угаасаа нийлэхгүй гэж байгаа хүмүүсийг хүчээр нийлүүлэх ямар шаардлага байна?   

-АН гэдэг нэр Монголын ардчилал, Монголын ард түмэн гэрэлтэй гэгээтэй явахад хэрэгтэй хамгийн том брэнд. Дээрээс нь АН-ын үзэл санаан дор нэгдсэн тэр хүмүүсийн итгэл үнэмшил, үнэт зүйл нь. Тийм учраас АН гэдэг нэрийн төлөөх зодоон л өнөөдрийг хүртэл явж байна. АН-аас МҮАН гэдэг нам салаад явсан. Нэг ч сонгуульд амжилт гаргаж чадалгүй өнөөдөр буцаад нэгдэж байх жишээтэй. Дээр нь АН гэдэг нэрийн ард 200 мянган гишүүн өөрсдийнхөө итгэл үнэмшлийг хамгаалаад зогсч байдаг. Тэр хүмүүсийн гишүүнчлэлийн төлөө тэмцэл явж байна.

-Миний л харахаар МАН лав цаашдаа үргэлжлүүлээд эрх мэдлийг ганцаараа хэрэгжүүлэх чадамжгүй болчихсон харагдаж байна. Явуулж байгаа бодлого, УИХ, Засгийн газарт ажиллаж байгаа хүмүүсийг нь харсан ч тэр. Дээр нь нэг сайдын суудал онгорхой сар гаруйн хугацаа өнгөрлөө. АН-д өгөх гэж байгаа юм гэнэ лээ л гэж яригдаад байдаг. Энэ үнэн үү?

-Олон улсын байдал, геополитик хурцадмал байгаа ийм үед, ялангуяа хоёр хөршийн харилцаан дээр нэг намд бүх дарамтыг авах нь МАН-д хүндрэлтэй. МАН хоёр хөрштэйгээ маш сайн харилцаатай. Гэтэл Украины, Тайванийн асуудал дээр байр сууриа тодорхойлж чадахгүй байна. Чадахгүй болохоороо хуучин бол манай нам руу заачихдаг байсан. “АН болохгүй байна, зөвшөөрөхгүй байна” гэдэг байсан бол өнөөдөр тэд хэт олонхи байна. Тийм болохоор цаадуул нь “Танайд цөөнх байхгүй шүүдээ, яагаад манай бодлогыг дэмжихгүй байгаа юм” гэдэг. Тийм учраас геополитикийн энэ хурцадмал нөхцөл байдалд АН-ыг засагтаа оруулах сонирхол МАН-д байна гэж харж байгаа. Тийм учраас АН-ыг засагт уриад байгаа.

-Төсвийн хууль орж ирээд долоо хоног өнгөрчихлөө. Танай бүлэг дүгнэлтээ хараахан гаргаагүй байх шиг байна. Гэхдээ та хувьдаа бол уншчихсан л байлгүй дээ?

-Бүлгийн дүгнэлт унших арай болоогүй байна. Хоёрдугаар хэлэлцүүлэг явсны дараа бүлэг байр сууриа илэрхийлдэг.

-Таны бодлоор ямархуу төсөл орж ирсэн гэж харж байна. Өмнөх жилийнхээ төсвөөс гурван их наядаар давсан, зарлага нь нэмэгдсэн, орлогоо нэмж бичсэн, алдагдал ихтэй гээд мэрэгжилтнүүд бол шүүмжлээд л байна шүү дээ?

-Сүүлийн жилүүдэд төсвийнхээ орлого хэсгийг маш өндөр бичдэг болсон. Жил болгон 38 сая, 40 сая тонн нүүрс гаргана гэж орлого талаа өсгөж биччихээд тэрнийхээ дагуу зардлаа маш өндөр тавиад явчихдаг. Энэ жил гэхэд 38 сая тонн нүүрс гаргах ёстой байсан, одоо дөнгөж 20 сая тонн даваад явж байна шүү дээ. Орлогын дутагдал гараад ирэхээр нь гадаадаас зээл аваад л төсвийнхөө цоорхойг нөхдөг. Ийм маягаар сүүлийн зургаан жил явлаа. Энэ жилийн төсөв ч ялгаагүй.

Шинэ бүтээн байгуулалт байхгүй гэж ярьж байгаа боловч 1,7 их наяд төгрөгийг шинэ бүтээн байгуулалт дээр тавьсан байна. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах нэрээр нэлээд их хэмжээний хөрөнгө оруулалт тавьсан. Энэ хөрөнгө оруулалтаар түгжрэлийг бууруулна гэдэг эргэлзээтэй. Улаанбаатар хот хөгжөөд, хөдөө орон нутаг нь хаягдвал, орон нутгийн иргэдийн нийгмийн асуудлыг шийдэхгүй, эдийн засгийн ямар ч хөшүүрэггүй хаячихаар тэр хүмүүс наашаа шилжээд ирнэ. Түгжрэлийг бууруулахаар тодорхой ажил хийсэн ч гэсэн хүн амын суурьшил нь дахиад л түгжрэл рүү түлхэнэ. Тэгэхээр хөдөө орон нутгаа хөгжүүлж байж хот руу шилжих хөдөлгөөн багасна. Гэтэл үүнийгээ тэгш хийж чадахгүй байна. Соошилд хамгийн их асуудал болоод байгаа тэр ажил руу л хошуурч ордог, тэрийгээ ч өөдтэй хийж чаддаггүй, ийм л дүр зураг сүүлийн үед харагдаж байна.

-Хөрөнгө оруулалтыг бол хөдөөд хангалттай сайн тавьж байгаа шүү дээ. Хэнтийд гэхэд 270 гаруй тэрбумыг тавьсан байна, ганцхан аймагт. Гол нь юунд хөрөнгө оруулж байна вэ? гэдэгт асуудал нь байх шиг. Их, багадаа биш, зарцуулалт нь буруу яваад байгаа юм биш үү?

-Хөрөнгө оруулалтын тэгш бус байдал хүмүүсийн дургүйцлийг маш их хүргэж байна. Хэдийгээр Засгийн газар нэг аймаг дээр хэтийдсэн их хөрөнгө оруулалт тавьсан байлаа ч тэрийг нь засах эрх нь парламентад бий. Иргэдийн найдвар бас байгаад байна шүү дээ. Хэрвээ парламент энэ ажлаа хийхгүй, төсвийг энэ хэвээр нь баталбал хүмүүс бухимдаж, нэг, хоёроороо жагсаж эхэлнэ. Ховдоос нэг, Улаанбаатараас нэг гэж нэмэгдсээр 21 аймгийн хорь нь Улаанбаатар хоттойгоо нийлээд жагсвал аюул болно. Тийм учраас парламент төсөв баталдаг онцгой эрхийнхээ хүрээнд энэ ялгавартай хөрөнгө оруулалтыг засаг ёстой.

-Одоо харж байгаагаар гишүүд бол ил цагаан бухимдлаа илэрхийлэхгүй байна. Танай бүлгээс ч гэсэн. Тойргийн мөнгө гэдэг юманд барьцаалагдаад УИХ-ын гишүүд нь Засгийн газартаа, оруулж ирж байгаа төсөвт нь хяналт тавьж чадахаа больчихсон юм биш үү?

-УИХ-ын гишүүдийн туйлын зорилго бол дахин сонгогдох. Энэ зорилгынхоо хүрээнд тойрогтоо бас тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийх сонирхол байдаг. Өөрөөр хэлбэл, сонгогчид нь тухайн гишүүнийг “биднийг үгийг парламентад хэрхэн дамжуулж, төрийн бодлогод оруулж байна” гэж харахын зэрэгцээ “манай суманд, аймагт ямар хөрөнгө оруулалт хийж, бидний амьдралыг хэрхэн дээшлүүлэв” гэдгийг харж байдаг. Тийм учраас УИХ-ын гишүүдийн тойрогтоо хөрөнгө оруулалт хийх сонирхол бол нэг талдаа зөв. Гэхдээ макро эдийн засаг талаас нь харвал хэт их жалгын хөрөнгө оруулалт чинь буруу байна аа гэдгийг маш их ярьж байгаа. Тиймээс тойргоос сонгогдохын зэрэгцээ улсын хэмжээнд сонгодог буюу хувь тэнцүүлсэн системийг ашиглах нь зөв юмаа гэдгийг ярьж байна.

2012-2016 онд 28 гишүүнийг процорционалаар сонгогдсон учраас улс орны нийт эрх ашгийн төлөө том хөрөнгө оруулалтуудыг шийдээд явсан. Тийм учраас маш бага зээлээр (2,1 тэрбум доллар) маш олон бүтээн байгуулалтуудыг хийсэн. Өнөөдрийг хүртэл энэ амжилтыг давах боломжгүй байна. Ялангуяа улс орны чанартай том бүтээн байгуулалт, том зорилтыг хардаг эдийн засагчдын зүгээс ихээхэн дургүйцлээ илэрхийлж байгаа.

-2012-2016 онд аймгуудыг хатуу хучилттай замаар холбосон, цахилгаантай болсон. Одоо улсын төсвөөр өөр юу хийж өгөх ёстой юм бэ? Аймаг, орон нутаг өөрсдөө яагаад ажил хийж болдоггүй юм бэ?

-Өмнөговь аймаг бол хангалттай хэмжээнд хөгжиж байгаа. Уул уурхай хөгжсөн учраас хөгжил хамаагүй түрүүнд явж байна, орон нутгийн хөрөнгө оруулалтаар бүх асуудлаа шийдэж чадаж байна. Түүнтэй адилхан хариуцлагатай уул уурхайг орон нутагт бий болгосноор улс орноороо урагшаа алхах боломж нь бүрдэх юм. Харамсалтай нь энэ бодлого газар дээрээ, сум, баг дээрээ ирэхээрээ өвөлжөө хаваржааны хэрүүл тэмцлээс болоод зогсдог. Нийтлэг эрх ашгийнхаа төлөө нэг хоёр хүн бол хувийнхаа эрх ашгийг татчихмаар байгаа юм. Тэгж чадвал орон нутагтаа илүү сайн хөрөнгө оруулалт татаад хөгжих боломж байгаа.

-Хөдөө яваад ирсэн хүнээс сонслоо, өөрөө ч жаахан явлаа. Баруун аймгууд бол мал, малын шимээр цалгиж байна лээ шүү дээ. Саалиа авахаа больсон байна, ноосоо тушаахаа больсон байна. Малын арьс шир бол жалгаар нэг хаягдаж байна. Ингээд харахаар малчид мөнгөтэй, малчдын амьдрал сайн байгаа юм биш үү?

-Малчид бол өмнөхөөсөө илүү залхуу болсон нь үнэн. Орчин үеийн амьдралын хэв маяг гар утсаар нь дамжаад малчин айл өрхөд орчихсон байна. Олон хүмүүс төв суурин луу шилжиж байна. Гэтэл нөгөө талд малын тоо хэт өссөн. Социализмын үед 25 сая толгой малтай байсан бол одоо жилд 25 сая төл авч байна шүү дээ. Энэ нөхцөлд цөөхөн малчид малынхаа тоонд дарагдаад хонь, ямаагаа саахгүй байна, одоо бүр үхрээ саахаа больж байна. Малын түүхий эд, ноос, арьс, шир үнэгүй байгаа учраас судагт хаяж байна. Тэгэхээр төр засаг малаас гарч байгаа түүхий эдийг үнэтэй болгоход л анхаарах ёстой.

-Яаж? Ноосонд мөнгө өгдөг шиг үү?

-Сум болгонд түүхий эдийн анхан шатны боловсруулалт хийдэг үйлдвэртэй болгох ёстой, ойрхон хоёр сумыг холбоод хийх ёстой. Үүний эхлэлийг тавьсан л даа. Ховд аймгийн Мөст суманд жишээ нь түүхий эдийн анхан шатны боловсруулалт хийх үйлдвэр байгуулагдаж байгаа. Анхан шатны боловсруулалт хийсний дараа үйлдвэрлэлд шилжүүлэхэд түүхий эдийн үнэ арай илүү өснө. Одоо энэ жил 25 сая толгой төл авсан учраас улам их арь шир, түүхий эд зах зээл дээр борлогдоно. Энэ болгоныг үр ашигтай, үнэ цэнэтэй зарж борлуулах, системийг нь зөв болгоход төр засаг анхаарах ёстой.

Малынхаа махыг экспортлоё гэхэд жишээ нь ХААХҮЯ-наас квот тогтоочихдог. Квотын нэр дор нэг богт 20 мянга, бодод 200 мянган төгрөгийн авилга төлж байна шүү дээ. Үүнээс болоод малын үнэ унах нөхцөл байдал руу орчихож байна. Хаа сайгүй авилга, хээл хахууль хэрсэн байна. Тэрийг нь хүн болгон төлдөг байхгүй юу. Махны экспортын квотыг арван хэдхэн компанид өгдөг. Гэтэл улсын хэмжээнд 110 махны үйлдвэр байгаа. Үлдсэн 100 компани нь нөгөө 10 компанидаа “Танай компанийн квотоор махаа гаргая” гэдэг. Нөгөө компани “Тэгвэл манайд килограм тутамд 750 төгрөг төл” гэдэг, бодын маханд. 160 кг-аар бодохоор 120 мянган төгрөгийг нөгөө компаниасаа авч байна. Компанийн захирал өөрийнхөө халааснаас энэ мөнгийг төлөхгүй, малчид дээр төлбөр нь очдог. Авилгын сүлжээний төлбөрийг жирийн малчин хүртэл төлдөг. Тиймээс авилга, хээл хахууль, хүнд суртлыг арилгах нь хамгийн эхний асуудал болчихоод байна.

Та бод доо. Богийн арьс 500, бодын шир 5000 төгрөг байна. Ийм байхад хэн арьс, ширээ ачаад сумын төв орох вэ. Бензин тосны л гарлага биз дээ. Үнэгүй учраас судагт хаяж байна. Хэтэрхий уул уурхай руу хандсан эдийн засаг маань хөдөөгийн ард иргэдийг ийм л нөхцөл рүү түлхэж байна.

-Гэтэл УИХ-ын 76 гишүүний 50 шахуу нь орон нутгаас сонгогдсон гишүүд байна. Яагаад ийм том асуудал дээрээ нэгдээд, хөрөнгө оруулалтыг зөв талд нь тавьдаггүй юм. Яагаад суманд соёлын төв бариад, хөшөө дурсгал босгоод тууз хайчлаад байдаг юм бэ?

-Нэг үеэ бодвол манай төсөв үйлдвэрлэлийн чанартай нэлээд том том хөрөнгө оруулалтыг даах чадвартай болчихсон. Гангийн үйлдвэр жишээ нь 600 сая доллараар, нефтийн үйлдвэр нэг тэрбум доллараар босно. Хэд хэдэн төмөр замыг тэрбум доллараар босгодог ч юм уу. Иймэрхүү 3-4 том төслийг дөрвөн жил дамжуулаад санхүүжүүлчих хэмжээний эдийн засагтай болчихсон. Тэгэхээр бид ард иргэдийн амьдралд хэрэгтэй үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулалт хийгээд, хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжийг авчирч суурилуулаад, боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлээд, ХАА-н түүхий эдээ үнэд хүргэх боломж байна. Гэтэл үүнийгээ хийхийн оронд “суманд нэг байшин барьчихвал намайг сонгоно” гэдэг байдлаар улсын төсөвт хандаад байна. 2024 онд АН яллаа гэхэд эхний хоёр жилд суманд спорт заал, соёлын төв барих ёсгүй. Оронд нь улс орны хөгжлийг шинэ шатанд аваачих үйлдвэрлэлийн салбарыг шинээр бий болгоход хөрөнгө оруулах ёстой. Хажуугаар нь талхны цех ажиллуулаад үйлдвэрлэл явуулж байгаа жирийн иргэдийг эргэлтийн хөрөнгөтэй болгоход анхаарах ёстой. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд хамгийн чухал нь бага хүүтэй бага хэмжээний зээлийг бий болгох явдал. Тоног төхөөрөмжийг өгөх хэрэгтэй. Үүнийг бол манай улсын төсөв хийх боломжтой.

-Та жишээ нь орон нутгаас сонгогдсон гишүүн учраас цагаа тулахад “Гангийн үйлдвэрт хөрөнгө оруулья” гэж дуугарахгүй л байх. Үүнийг чинь пропорциональ буюу хувь тэнцүүлсэн системээр хийдэг. Гэтэл өнгөрсөн зун МАН Үндсэн хуульд өөрчлөлт оруулья, сонгуулийн тогтолцоогоо холимог болгоё, гишүүдийн тоог нэмэгдүүлье гээд явахад АН яагаад дэмжсэнгүй вэ?

-МАН бол сая өөрсдийнхөө хамгийн их хүссэн зүйлээ хийчихсэн шүү дээ. Эдний хүсэл бол давхар дээл, албан тушаал л байсан. Түүндээ хүрэх арга нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах байсан. Ард түмнээсээ ч асуухгүйгээр хоёрхон хоногийн дотор Үндсэн хуульд өөрчлөлт орууллаа. Өмнөх 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхийн тулд жил гаруй хэлэлцэж, бүх аймаг, сумдаар явсан. Гэтэл өөрсдийнхөө сандал ширээний төлөө бол хоёрхон өдрийн дотор хэний ч саналыг асуухгүйгээр хийж байна. Нэгэнт өөрсдийнхөө хүссэн өөрчлөлтийг хийсэн учраас одоо пропорциональ тогтолцоог оруулж ирэх тухай ярихаа ч больчихлоо.

-Гишүүдийн тоог нэмэгдүүлэх ч гэсэн 2015 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулж байхад танай намын дэвшүүлсэн бодлого би дээ? Гэтэл өнгөрсөн зун энэ асуудлыг МАН тавьж эхлэхэд танайх яагаад дэмжээгүй юм бэ? Дэмжсэн бол магадгүй, намрын чуулганаас өмнө ээлжит бус чуулган зарлаад оруулаад ирэх ч байсан юм билүү?

-Гишүүдийн тоог нэмэгдүүлэхийг АН дэмжиж байгаа. Яагаад гэхээр 1992 онд 76 гишүүнтэй парламентыг батлахад Монголын нийт сонгогчдын тоо 900 мянга байсан. Сая 2021 оны ерөнхийлөгчийн сонгуулиар 2,1 сая байсан. Бараг гурав дахин нэмэгдчихсэн байгаа. Тэр хэмжээгээр УИХ-ын гишүүн сонгогчдоо төрд төлөөлөх чадамж нь муудсан гэсэн үг. Урьд нь нэг гишүүн 13-14 мянган хүнийг төлөөлж байсан бол одоо 30 мянган орчим хүнийг төлөөлөх болчихож байна. Тиймээс гишүүдийн тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Гэхдээ тэр нь гурван оронтой тоо руу орж болохгүй гэж би хувьдаа боддог. Хамгийн дээд тал нь 99 байдаг ч юм уу.

-Сонгогчдын төлөөллөө бодох юм бол дор хаяж хоёр дахин нэмэгдүүлэх болж байна. Дээр нь парламентын ажиллах чадамж гэж юм байна. Долоо, найман байнгын хороонд хуваагдаад, нэг гишүүн хоёр байнгын хороонд харьяалагдаад явахаар хорин гишүүний 10 нь суугаад, тав нь гараа өргөхөд Байнгын хорооны шийдвэр гарч байна. Тийм болохоор гишүүдийн тоог хамгийн багадаа хоёр дахин нэмэгдүүлэх нь зарчмын шаардлага юм биш үү? Манайх шиг 3-4 сая хүнтэй улсын парламентууд 150-180 гишүүнтэй байгаа шүү дээ...

-Өнөөдөр манай парламентын нэр хүндтэй ямар байгаа билээ. УИХ-ын гишүүд нь ямархуу нэр хүндтэй байгаа билээ. Тийм учраас УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудал дээр ард түмнийхээ үгийг сонсохоос өөр арга байхгүй. Хэрвээ 150 гишүүнтэй болгочихвол энэ ард түмэн чинь босч ирээд чулуугаар шидэхээс өөр аргагүй болно. Ард түмэн тийм олон УИХ-ын гишүүнийг хүсэхгүй байгаа, ядаж л өнөөдрийн нөхцөлд. Тиймээс гишүүдийн тоог нэмж болно, гэхдээ гурван оронтой тоо руу оруулж болохгүй.

-Уг нь өнөөдрийн нөхцөл байдалдаа захирагдаж биш, ирээдүйгээ харж, хүрэх гэж байгаа зорилгодоо тааруулж хуулиа хийх ёстой юм биш үү? Дахиад л нөгөө сонгогчиддоо таалагдах юм руу яваад байна...

-Үгүй л дээ. Бид чинь бас нийгмийн тусгал шүү дээ. Нийгмийн тусгал ямар байна гэдгийг харж байж төрийн шийдвэр гардаг. Тиймээс нийгмийнхээ сэтгэлзүйг харж байж энэ өөрчлөлтийг хийх ёстой. Хэтэрхий туйлшраад 150 болгоно гэж яваад огт өөрчлөлт хийхгүй хоцорчиж болохгүй байхгүй юу. Мэдээж ахиц дэвшил гаргах ёстой. Гэхдээ хүмүүсийнхээ, нийгмийнхээ сэтгэлзүйд тааруулж өөрчлөлтийг хийх ёстой.

-Тэгвэл хууль баталж гаргаж байгаа технологидоо өөрлөлт хийх ёстой юм байна. УИХ-ын гишүүдээр хууль бичүүлэхээ больё, салбарын мэргэжилтнүүдээр, хуульч судлаачдаар бичүүлдэг болъё. Тэгэхгүй бол УИХ-ын гишүүд чинь дандаа өөрсөддөө зориулж хууль батлаад байна шүү дээ?

-Ер нь бол манай хуулиуд маш сайн гардаг, Мэдээж эрх ашиг, лобби орсон хуулиуд бас зарим тохиолдолд явж байдаг. Ерөнхийдөө бол нийгмийнхээ суурь асуудлуудыг шийдсэн хуулиуд бол маш сайн хийдэг. Харамсалтай нь, энэ хуулиудаа дагаж гарч байгаа дүрэм журмаараа гажуудуулдаг. Би жишээ нь Гадаадын харьяатын газрын дарга байсан. Манайх Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай, Харьяатын тухай гэж хоёр хуультай. Гэтэл энэ хоёр хуулийг дагуулаад 86 журам гаргачихсан, хуулиасаа давсан эрх мэдлийг авчихсан байсан. Тиймээс гадаадын хөрөнгө оруулагч нар, монголд зочилж байгаа гадаад иргэд маш хүнд давааг давж Монголд ирдэг байсан. Энэ 86 журмын 44-ийг нь хүчингүй болгоход дөрвөн тэрбум төгрөг олдог байсан газар 13 тэрбум төгрөг олдог болоод ирсэн байхгүй юу. Тиймээс Монголын хууль сайн гардаг. Харамсалтай нь тэнд очсон агентлагийн дарга, төрийн өмчит компанийн захирлууд өөрсдийнхөө эрх ашигт тааруулж хүнд суртал, авилгын сүлжээгээ бий болгосон дүрэм, журам баталдагтай л холбоотой.

-Сүүлийн асуулт. Энэ жилийн төсөв дээр хүүхдийн мөнгөнд 1,3 их наядаас илүү мөнгө тавьжээ. Хүүхдийн мөнгө бол яах ч аргагүй АН-ын санаачилга байсан, эсэргүүцэхэд хэцүү байх. Гэтэл сая ковидын үеэр МАН 100 мянга болгоод хоёр удаагийн сонгуульд орсон, одоо үүнээсээ буцаж чадахгүй дараачийн сонгуульд орох юм шиг байна. Гэтэл энэ нь төсөвт дарамт болж байна, эсрэгээрээ ажилгүйдлийг дэмжсэн бодлого болоод явчихлаа. Хүүхдийн мөнгөний хамгийн их хувь малчид дээр байгаа гэж би бодож байна? Хэдий АН-ын санаачилга ч гэлээ эдийн засаг хүнд байгаа тохиолдолд нэг удаа хүүхдийн мөнгөнөөс буцаж болдоггүй юм уу?

-Хүүхдийн мөнгөн дээр бол би шүүмжлэл хэлж чадахгүй. Энэ бол хүн амаа өсгөх бодлогын хүрээнд хийгдэж байгаа хөрөнгө оруулалт. Анхнаасаа тийм байсан, халамж биш шүү дээ. МонголУлс маш өргөн уудам нутагтай. Ийм өргөн уудам нутагт аль болох олон хүн суурьшин амьдарч байж бид илүү сайхан амьдарна. Тийм учраас би хүүхдийн мөнгийг буцааж буулгах, эсвэл зорилтот бүлэгт өгөх асуудлыг дэмжиж чадахгүй.

-Тэгвэл МАН зорилтот бүлэгт нь өгнө гээд нийт өрхийн 91 хувьд өгөхөөр боллоо. Үлдсэн 9,1 хувь нь заргалдвал яана?

-Сая төгрөгийн цалин авч байгаа аавын хүүхэд, компанийн захирлын хүүхэд хоёр яг л адилхан л хувцас өмсч байгаа. Айхтар том ялгарал байхгүй. Хүүхэд учраас адилхан л форм өмсч, адилхан хоол иднэ. Тийм болохоор Монголын төр хүүхдүүдээ алагчлах ёс байхгүй. Төрөөс хүүхдэд өгч байгаа мөнгийг эцэг эхийнх нь хэр амьдарсан, хэр орлоготойгоос шалтгаалж хасна гэдэг бол маш том ялгаварлал. Цэцийн авч хэлэлцэх ёстой асуудал. Тийм болохоор хүүхдийн мөнгө энэ хэвээрээ батлагдвал маш олон хүн Цэцэд хандах байх даа.

-Гишүүдийн тойргийн дөрвөн тэрбумыг хассан гэж үнэн үү?

-Ерөөсөө шинэ хөрөнгө оруулалт байхгүй.

-Тэгвэл хаанаас 1,7 их наядын шинэ хөрөнгө оруулалт гараад ирэв?

-Улаанаатар хотын түгжрэлийг бууруулах 400-500 автобус, дээр нь шинэ сэргэлтийн бодлого гээд ерөнхий дүн тавьчихсан байгаа. Шинэ сэргэлтийн бодлого дотроо юу тависныг нь нарийн сайн хараагүй байна.

-Ярилцсанд баярлалаа.   

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 21 цаг 50 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 21 цаг 50 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 23 цаг 20 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 23 цаг 48 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 23 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top