Экспортод гаргах гэж байсан 9,800 тонн мах чанарын шаардлага хангаагүй шалтгаанаар буцаагдсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.
Тэрээр "Энэ тухай бодит мэдээлэл хараахан аваагүй байна. Тийм тохиолдол гарсан бол Засгийн газар шуурхай мэдээлэл авдаг байх ёстой. Төр, иргэн, аж ахуйн нэгжийн харилцааг зөв хэлбэрт оруулах шаардлагатайг онцлоод, Засгийн газар бүх хариуцлага хүлээдэг тогтолцоо цаашид үргэлжлэхэд хэцүү.
Иргэн, ААН-ийн үйл ажиллагаа нь хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой, онцгой болон тусгай шаардлагатай биш л бол зөвшөөрлийг чөлөөтэй олгох тогтолцоог бий болгох ёстой. Харин иргэн, аж ахуйн нэгж нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартыг хангах үүрэг хүлээнэ. Үүргээ биелүүлж чадаагүй бол төр устгал хийх, хураах, хариуцлага тооцох нь нээлттэй байж, иргэн, ААН нь хариуцлагаа үүрч чаддаг байх ёстой" гэлээ.