Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвд энэ онд хийгдсэн засварын ажлуудыг өнөөдөр танилцууллаа.
2021-2022 оны хооронд тус төвд их засвар, тоног төхөөрөмж, автомашины парк шинэчлэл зэрэгт зориулж нийт 7.7 тэрбумын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн хэмээн ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг онцолсон юм.
Тэрээр "КОВИД-19 цар тахлын үед ХӨСҮТ халдвартай иргэдийг хүлээн авч, гол ачааг үүрч байсан. Энэ үед иргэд эмнэлгийн барилга тохижилт, засвар үйлчилгээний талаар нэлээд шүүмжлэлтэй хандаж байв.
Иймд цар тахлын эмчилгээ үйлчилгээний зэрэгцээ хөрөнгө оруулалтад ихээхэн анхаарсны үр дүнг өнөөдөр харж байгаадаа баяртай байна. 2021 онд ХӨСҮТ-д 5.5 тэрбум төгрөгийн барилгын их засвар, хөрөнгө оруулалтыг шийдсэн. ХӨСҮТ нь 28 барилгаас бүрдсэн том цогцолбор эмнэлэг. Дээврийн засвар, Эрчимт эмчилгээ, Яаралтай тусламжийн тасаг зэргийг засварлаж, нийтдээ 27 ажлыг гүйцэтгэлээ.
2022 онд улсын төсвөөс ХӨСҮТ-ийн их засварт нэг тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Энэ хүрээнд хүүхдийн уушгины тасаг, уушгины хоёрдугаар тасаг, насанд хүрэгчдийн цочмог гепатитын тавдугаар тасгийн их засварын ажил наймдугаар сарын 1-нд бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа. 2021-2022 онд ХӨСҮТ дангаараа 7.7 тэрбум төгрөгийн их засвар, тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалт, автомашины парк шинэчлэлтийг шийдвэрлэсэн" гэлээ.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан "Засварын хүрээнд Яаралтай тусламжийн болон Эрчимт эмчилгээний тасгийг бүрэн засварлалаа. Сүрьеэгийн эрчимт эмчилгээнд гурван ортойгоор тусламж үйлчилгээг үзүүлж байсан бол 13 болголоо.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сүрьеэгийн дарамт өндөртэй 30 орны нэгээр манай улсыг нэрлэсэн. Эмчилгээ нь удаан хугацаанд хяналттайгаар хийгддэг тул өвчтөнүүдийн хувьд хоёр дахь гэр нь эмнэлэг. Харин ая тухтай орчинд эмчлүүлж, сувилуулан хяналтад байх нь эмчилгээний үр дүнд шууд нөлөөлдөг" гэсэн юм.
Түүнчлэн ХӨСҮТ-ийн зургаан тасгийг иж бүрэн шинэчлэн, мэс заслын бүрэн вакум өрөөнүүдтэй болж байгаа аж.