БГД-ийн 14 дүгээр хороонд байрлах 85 дугаар цэцэрлэгийн дээврийн их засварын ажлыг энэ жил Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийхээр боллоо.
85 дугаар цэцэрлэгт дүүргийн 12, 14 дүгээр хорооны цэцэрлэгийн насны хүүхдүүдийг 100 хувь хамруулан сургадаг бөгөөд 20 гаруй жилийн өмнө дээврийн хэсэгчилсэн засварыг хийсэн бол их засвар хийгээгүй 43 жил болсон. Үүнээс болж дээврээс ус гоожих зэрэг хүндрэлтэй асуудал тулгардаг байсан юм. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга 2022.07.01-ний өдрийн “Эрх шилжүүлэх тухай” А/899 дугаар захирамжийг гаргаснаар тус цэцэрлэгийн дээвэрт их засвар хийхээр боллоо.
Зарим зүйлийг тодруулахад Нийслэлийн Засаг даргын 2021.09.21-ний өдрийн А/716 дугаар захирамжаар НОНХС-гийн хөрөнгө оруулалтаар БГД-ийн 4 дүгээр хороонд байрлах 157 дугаар цэцэрлэгийн дээврийн их засварын ажлыг хийхээр жагсаалтад оруулсан байсан.
Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Улаанбаатар хотын Цэвэр агаар Нэмэлт Санхүүжилтийн Төсөл” (УБЦАНСТ)-д санал тавьсны дагуу 2022.02.25-нд уулзаж улмаар 157 дугаар цэцэрлэгийн дулаан хамгаалалтын шинэчлэлтийн ажлыг хийлгэх болсноор өнөөдрийн байдлаар ажлын явц 80 хувьтай байгаа юм. Иймээс Нийслэлийн Засаг дарга А/899 дугаар “Эрх шилжүүлэх тухай” захирамж гаргаснаар 157 дугаар цэцэрлэгийн дээврийн их засварын ажлыг 85 дугаар цэцэрлэг рүү шилжүүлж улмаар ирэх наймдугаар сараас засварын ажил эхлэхээр боллоо.