Улаанбаатарын түгжрэлийг шийдэх хүрээнд нийслэлд ажиллаж буй бүх төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулах шийдвэр гарчээ.
Ажлын зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд төрийн албан хаагч болон ажилтныг долоо хоногийн ажлын нэг өдөр зайнаас ажиллуулах боломж бий болжээ. Энэ шийдвэр нь төрийн бүх ажилтан, албан хаагчдад хамаарахгүй бөгөөд зөвхөн цахимаар ажиллах боломжтой ажил, албан тушаал эрхлэгчдэд л хамаарах аж. Уг шийдвэрээр хэн хэнийг ямар өдөр цахимаар ажиллуулах нь тухайн байгууллагын дотоод асуудал байх юм байна.
Мөн цахимаар ажиллах боломжтой ажилтнуудын хувьд долоо хоногийн нэг өдрөөр хязгаарлахгүй. Хөдөлмөрийн хуулийн шинэ өөрчлөлтөөр ажилтантай цахимаар ажиллах хөдөлмөрийн гэрээ хийж болох хууль эрх зүйн орчинг бий болгосон байна.
Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамнаас хийсэн судалгаагаар долоо хоногийн ажлын нэгээс дээш өдөр гэрээс ажиллах нь ажилтны хөдөлмөрийн бүтээмжийг өсгөх, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, авто замын зорчих хөдөлгөөний ачааллыг 10-аас дээш хувиар бууруулах зэрэг үр нөлөө үзүүлдэг нь тогтоогдсон байна.
Энэ шийдвэрийг 20 минутын хот Үндэсний хорооноос Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны хуралдаанд санал оруулж шийдвэрлүүлжээ. Засгийн газрын энэ тогтоол гарснаар түгжрэлийн улмаас бий болдог алдагдсан боломжийн нэг хүнд ногдох өртөг 10 хувиар буурна хэмээн үзжээ.