NTV телевизийн сэтгүүлч, морь тайлбарлагч М.Оюунбаатартай ярилцлаа.
-Таны хувьд хэд дэх жилдээ морь тайлбарлаж байна вэ. Өнөө жилийн наадмын хурдан морины өнгө ямар байх бол?
-Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхт их ойн наадам сайхан болно. Өнгөрсөн жил дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас Монгол төр наадалгүй өнжсөн. Минийхээр өнгөрсөн жилийн төрийн их баяр наадамд заавал өнжихгүйгээр үзэгчгүй, уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдлыг ханган, наадмын хүрээг тодорхой хэмжээнд барьж, гаднаас үзэгчид нэвтрүүлэхгүй цахимаар хийхэд болохгүй зүйл байхгүй байжээ гэж харж байна. Гэвч тухайн үед “Ковид-19” цар тахал ямар хэмжээнд хор хөнөөлтэй, нөлөөтэй гэдгийг аль аль шатандаа мэдээгүй байсан учраас төр засаг гаргасан байх гэж бодож байна.
Өнгөрсөн жил тэмдэглээгүй 100, 101 жилийн ойг энэ жил хамтатган тэмдэглэж,Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад үндсэндээ тав хоног үлдлээ. Долдугаар сарын 10-ны өдөр монгол төрийн их баяр наадам хязаалан, шүдлэнгийн уралдаанаар эхлэн уралдана.Миний хувьд төрийн их баяр наадмыг 12 жилдээ тайлбарлаж байна. Морин уралдааны халуун тогоонд байдгийн хувьд энэ жил үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монголын морин спорт уяачдын холбоо, холбогдох мэргэжлийн байгууллагууд, уяачдын оролцоотойгоор хэлэлцлээ.
Энэ нь хурдан морины уралдааныг эрлийз, монголоор ялгаж уралдуулъя гэсэн шийдвэрийг эхлэн ярьдаг байсан. Үүнийг хэн ч анзаарахгүй явсаар өдийг хүрсэн. Намайг 2009 онд морь тайлбарлаж эхэлж байхад эрлийз, монгол морь холилдоод л уралдаж байсан. Үүнээс хойш цэгцрэн эрлийзийг эрлийз ангилалд, монголыг нь монгол ангилалд тусад нь уралдуулъя гэдэг байсан боловч холбоо, уяачид зэрэг оролцож буй хүмүүс тодорхой хэмжээнд шударга байдлаар аль аль нь хандаж чадаагүй. Бид бие биенээ шүүмжлэхдээ гол нь биш, цаашид хэрхэх талаар яригдаж байна. Юуны өмнө бид яаж уралдах вэ гэдэг уралдааны дүрмээ маш нарийн, чанга гарган уяачид дагаж мөрддөг, Монголын морин спорт уяачдын холбоо, Монгол Улсын төр засгаас Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хурдан морины салбар хороо хатуу хяналтыг тавьж ажилладаг байх ёстой. Цаашид төрийн их баяр наадамд уяачдын тоо багасаж магадгүй.
2009, 2010 оны үед монголоор нь уралдана гэдгийг хийж чадаагүйгээс хойш сэрвээний өндрийг нэмэхгүйгээр одоо байгаа азарга соёолон 140, их насны морь 141 гэсэн сэрвээний стандартыг яс барин ялгаж олон түмний нүдэнд нээлттэй хэмжиж уралдахад болохгүй гэх зүйл үгүй. Эхний ээлжинд бид шударга сайхан наадах хэрэгтэй. Бүх хүмүүсийн оролцоог адил тэгш, хангах хэрэгтэй.
Монгол төрийн их баяр наадмын азарганы, их насны морьдын уралдаан хамгийн анхаарал татсан уралдаан. Одоогийн байдлаар сунгаануудын цээжийг харахад хурдан байгаа азаргууд мэдрэгдэж харагдаж байна.
-Улсын их баяр наадмын өнгийг тодорхойлох уртын сунгаа болсон болов уу. Хэний азарга, морьд хурдан байна вэ?
-Бид нэгдүгээрт яаж уралдах тухайгаа ярих хэрэгтэй. Дараа нь хэний морь хурдан байна вэ гэдэг талаар ярина. Улсын их баяр наадмын өнгийг тодорхойлох хамгийн холоос сунгадаг сунгаа буюу хуучнаар гуравны сунгаа явагдаж байна. Энэ жилийн хамгийн олон уяач, хүлэг морьд, уралдаанч хүүхдүүдийн бүрэлдэхүүнтэй Монгол Улсын тод манлай уяач Т.Ихбаяраар ахлуулсан “Хүй мандал гал уяа” Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутагт бий. Энд зургаан нас, гурван ангилалд нийтдээ 500 гаруй морьд байна. Энэ сунгаанаас улсын наадмын өнгийг тодорхойлох олон хурдан морьд, азарганууд морддог. Мөн Монгол Улсын тод манлай уяач О.Батбилэг, Д.Мөнхбат, С.Эрдэнэбат тэргүүтэй уяачид Хэнтий аймгийн Дархан сумын Дархан-Уулаас хойших Бумбат гэдэг газар давхилаа хийн азарга 16, 17 км сунгасан байна лээ. Тод манлай уяач Д.Хишигжаргалын халзан азарга, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уяач Ч.Махбалын халтар азарга, Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул П.Батсайханы халзан азарга тэргүүтэй азарганууд өнгөнд байгаа дуулдсан.
-Уржнан жилийн төрийн их наадамд айрагдсан азаргануудаас энэ жил айрагдах магадлалтай ямар азарганууд байна вэ?
-Уржнан жилийн төрийн их баяр наадамд айрагдсан азаргануудаас Төв аймгийн Баян сумын харьяат манлай уяач Б.Нямжавын азарга хурдан байгаа гэж дуулдсан. Өмнөговь аймгийн уяач Д.Бат-Эрдэнэ ажнай саарал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын уяач М.Амарбаясгалангийн хээр буурал зэрэг азарганууд өнгөтэй байгаа. Энэ жилийн хувьд шударга сайхан наадаж энэ олон азаргануудаас аль нь ч түрүүлж магадгүй. Энэ жил морьд дөрөвдүгээр сарын 20-д гэхэд ногоо идэж эхэлсэн, тавдугаар сарын 20-доор адуу ногоонд дүүрэн цадсан байсан. Тэгэхээр эх орны өнцөг булан бүрт зуншлага сайхан байсан учраас энэ жил морьд тамир тэнхээ сайтай байгаа. Улсын баяр наадмын дараа Монголын морин спорт уяачдын холбооноос санаачлан гурван жил тутамд нэг удаа зохион байгуулдаг Монголын морины олимп буюу “Их хурд 9” уралдаан Хэнтий аймгийн Чингисхаан хотод долдугаар сарын 22-24-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Тус тэмцээн нь Монгол Улсын 21 аймгаас шигшигдэж ирсэн бүхий л морьдыг уралдуулдаг. Өнгөрсөн жил төрийн их баяр наадам болон бусад наадмууд зохион байгуулагдаагүй учраас эрх өгөх мандат болох уралдаан болоогүй. Тиймээс энэ жил хамгийн шилмэл хурдыг үзэн, бүгдийг нь уралдуулна гэсэн байр суурьтай байна.
-Зууны тод манлай уяач гэж яригддаг Монгол төрийн наадамд 21 түрүү, 43 айраг авсан Д.Даваахүү гуайн уяанаас энэ жил ямар азарга айрагдах вэ?
-Д.Даваахүү гуай Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугар багт морьдоо уяж буй гэсэн. Би энэ жил уяан дээр нь хараахан очиж амжаагүй байна. 2020 оны Ардын хувьсгалын 99 жилийн ойн үндэсний их баяр наадмын 12-т хурдалсан түүний хүү манлай уяач Д.Баянбатын саран хонгор азрага тэргүүтэй азарганууд уягдаж буй байх. Даваахүү тод манлай уяачтай ойролцоо улсын наадамд хязааланд түрүүлсэн, өнгөрсөн жилийн зүүн бүсийн хурд наадамд аман хүзүүнд хурдалсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уяач Д.Даяндэмдийн хонгор тэргүүтэй олон сайн азарганууд уягдаж байгаа байх. Сүүлийн үед морины уралдаанд маш олон аймаг, сумдын уяачид хамрагддаг болсон учраас тэр түрүүлнэ, энэ түрүүлнэ гэдэг зүйл байхгүй болсон. Нэг ёсондоо уяач гэдэг ажлыг морь унаж буй хүн жилийн дөрвөн улирал морьдоо тэжээн, арчлан маллаж зөвхөн уяачын эрдмээр дагнасан хүний мэргэжил болсон учраас залуус хүч түрэн орж ирж байна. Энэ жил улс хувьсгалын 100, 101 жилийн ой давхцаж байгаа. Хэнтий аймгийнхан улсын тэгш ойд азарга олон түрүүлүүлсэн. Их насны морь аймаг аймгаас түрүүлсэн ч Хэнтий, Төв зэрэг өөр өөр аймгаас түрүүлсэн байдаг. Монголын хурдан морины уралдааны түүхэнд Хэнтий аймгийн Дэлгэрхан сум гэж тодоор бичигдэх сум бий. Дэлгэрхан сумаас улсын 30 жилийн ойгоор уяач М.Лувсандорж хул азаргаа айрагдуулж, хар морио их насны уралдаанд түрүүлгэсэн. Улсын тэгш ойд азарга морь түрүүлгэж айрагдуулсан амжилтаараа Хэнтий аймгийн Дэлгэрхан сум улсдаа тэргүүлэх байх.
Эх сурвалж: Өдрийн сонин