Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Г.Золжаргал "Улсын хэмжээнд эхний зургаан сарын байдлаар хүүхэд хохирсон гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 1,459 дуудлага бүртгэгдсэн. Мориноос унаж бэртсэний улмаас нас барсан 23 тохиолдол байна.
Түүнчлэн гол мөрөн болон тогтоол усанд живж нас барсан 11, өндрөөс унасан 10, буу сум алдсан, халуун тогоонд түлэгдсэн тус бүр 2, тог цахилгаанд цохиулж амиа алдсан 4 тохиолдол бүртгэгдсэн байна.
Баяр наадам, амралт зугаалгын үеэр эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулдаг. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас хүүхдийг төөрч алга болох, гэмтэж бэртэхээс урьдчилан сэргийлэх чиглэлд ажиллана.
Ялангуяа, Төв цэнгэлдэх хүрээлэнд иргэдийн нягтаршил маш их байдаг. Тиймээс хүүхэд эцэг эхээсээ төөрөхөөс сэргийлэх зорилготой цаасан бугуйвчийг гаргасан. Энэхүү бугуйвч дээр асран хамгаалагчийнх нь утасны дугаарыг бичиж, гарт нь зүүлгэснээр хүүхдийг аливаа эрсдэлд өртөхөөс сэргийлж, түргэн шуурхай хүлээлгэн өгөх боломжтой.
Хүй долоон худагт иргэдийн хөдөлгөөн харьцангуй сийрэг байдаг. Гэхдээ бага насны хүүхэд хараа хяналтгүй явснаар хурдан морь, автомашинд дайруулах эрсдэлтэй. Тиймээс хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулах хэрэгтэй" гэв.