ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров манай улсад албан ёсны айлчлал хийлээ. Тэрээр Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дар Г.Занданшатар нарт бараалхаж, айлчлалын хүрээнд Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэгтэй эдийн засгийн чухал ач холбогдолтой албан хэлэлцээ хийсэн юм.
Мөн энэ өдөр Ардчилсан намын гишүүд, дэмжигчид болон иргэд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавровын айлчлал, дайныг эсэргүүцэн үзэл бодлоо илэрхийлэн, тайван жагслаа.
Тэд Оросын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавровыг Монгол Улсад суугаа Элчин сайд Азизовыг эх орон луугаа аваад буцахыг шаардсан юм.
Тайван жагсаалын үеэр Монгол Улсын баатар, Нийслэлийн ардчилсан намын дарга Э.Бат-Үүл "Би Зеленскийтэй эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлж ногоон өнгийн цамц өмслөө. Бид ЗХУ-ын суганы үс байхдаа 40 мянган гэм зэмгүй монголчуудаа алдсан, төрийн зүтгэлтнүүдээ цаазлуулсан. Бид улс орныхоо эзэн байж чадаагүй, бүх хэргээ Москвад шийдүүлдэг байсан. Энэ гамшгуудыг бид үзсэн учраас 1990 онд хувьсгал хийсэн юм. Гэвч өнөөдөр Сергей Лавров айлчилж, Украин руу халдсан түрэмгийлэлдээ Монгол Улсын дэмжлэгийг авах гэж ирлээ. Үүнийг бид дэмжихгүй. Хөрш орноо түрэмгийлдэг байдал даамжирвал дараагийн ээлж нь Монголчууд болно. ОХУ Украин руу хэрхэн дайрсан яг түүнтэй адил арга Монгол дээр явж байна гэж хардаж байна. Тиймээс Монгол Улс дахин ОХУ-ын суганы үс болохгүй гэдгийг дахин хэлье. Үүнийг бид хэзээд эсэргүүцэх болно" гэлээ.
Харин дуучин, аялагч Г.Ганхүү "Үүргэвчтэй аяллын хүрээнд 10 гаруй орноор аяллаа. Энд тэнд аялж явахад ОХУ-ын иргэд их баярхуу, чанга дуутай хүмүүс байдаг. Гэтэл сая аялаад ирэхэд нүүрээ нууж, Оросоор ярихаараа эмээж байна, би Казахстаных гэж худлаа хэлж байна. Биднийг ОХУ-ын иргэдийг эсэргүүцээд байна гэж ойлгож байна. Үнэндээ ОХУ-ын дэглэмийг эсэргүүцэж байгаа юм. Монголчууд бид Үндсэн хуулиараа үгээ хэнээс ч үл хамааран чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Энэ дайныг дэмжиж байгаа эсвэл дэмжихгүй байгааг Үндсэн хуулиараа хамгаалсан. Тэр хүмүүсийг буруутгаж болохгүй юм. Харин ОХУ-ын захиалгаар мөнгө төгрөг аваад санал бодлоо илэрхийлдэг бол эрүүгийн хэрэг шүү" гэсэн юм.
Мөн Комедиан Д.Амартүвшин өөрийн цахим хуудаснаа "Хэн ч дайны ПР-аа монголчуудаар хийж болохгүй. Бид тусгаар, бие даасан байдлаа ямар ч айдасгүйгээр хэний ч өмнө илэрхийлж байх ёстой! Тусгаар тогтнол эрх чөлөө бол Монголчуудын үнэт зүйл юм шүү!" гэсэн байна.
Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монгол улсын Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан хэлэлцээ хийсний дараа мэдээлэл хийх үеэрээ "Орос, Монголын ард түмэн дэлхийн хоёрдугаар дайны он жилүүдэд фашизмыг ялан дийлэхэд байгуулсан ялалт, байлдааны нөхөрхлөлийг санаж, өнөөдрийн уулзалтаар Монгол Улсын тус ялалтад оруулсан хувь нэмрийг дахин өндрөөр үнэлсэн. Өөрийн зүгээс дэлхийн дахины хурцадмал байдлын шалтгааныг нарийвчлан тайлбарласан. Тэр дундаа АНУ болон Барууны холбоотнуудын зүгээс өөрсдийнхөө асуудлыг бусдын гараар шийдвэрлэхтэй холбоотой асуудлыг нарийн ярилцлаа. Энэ үйл ажиллагаа хамгийн эрсдэлтэй үйл явдал болсон бөгөөд олон жилийн хугацаанд Украин улсыг ОХУ-ын эсрэг чиглүүлж, шинэ нацизмын дэглэмтэй улс болгон хувиргаж, Украин улсын нутаг дэвсгэрээс ОХУ-ын нутаг дэвсгэр рүү аюул занал учруулахад оршиж байна.
Мөн бусад олон улсын хамтын ажиллагааны хувьд НҮБ, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд мөн Ази Номхон далайн байгууллагын хүрээнд харилцан уялдаатай үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон. Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Евро Азийн эдийн засгийн холбоо зэрэг байгууллагатай холбоо харилцаагаа улам өргөжүүлэх тал дээр тодорхой саналууд хэлсэн.
Монгол, Оросын нөөц бололцоог бүрэн ашиглах, хоёр талын хамтын ажиллагаа болон олон улсын хамтын ажиллагааг нягт уялдуулах тал дээр хоёр талын хүч эрмэлзлэл нэг байгаа нь өнөөдрийн уулзалтаас харагдаж байна" гэсэн юм.