Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101, Ардчилсан хувьсгалын 30, 31 жилийн ой тохиож байна.
Мөн энэ жил ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиож буй.
Монгол Улс 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулиа дөрвөн удаа хэлэлцэн баталсан түүхтэй билээ.
Энэхүү тэгш ойг тохиолдуулан Монгол Улсын олон иргэн төрийн дээд одон медалиар шагнуулах ажээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын Гавьяат хуульч” цол, тэмдгээр шагнахаар болжээ.
Тэрээр 1982 онд Завхан аймгийн Алдархаан сумын дунд сургууль, 1984 онд Завхан аймгийн Улиастай хотын Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн 1-р сургуулийг төгсч, 1991 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийн хуулийн факультет, эрх зүйч мэргэжлийг эзэмшсэн. Мөн 1999 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, эдийн засагч-санхүүч мэргэжлээр төгсч, 2005 онд АНУ-ын Нью-Йорк, Колумбын их сургуулийн Олон улсын харилцааны сургууль, төрийн удирдлагын магистрийн зэрэг хамгаалсан юм.
1991 оны тавдугаар сард Банкны тухай хууль батлагдаад Монгол Улс Төв банк, арилжааны банк хэмээх хоёр тогтолцоо руу шилжсэн. Тэр үед ОХУ-ын Эрхүү хот дахь Улсын их сургуулийн хуулийн вакультетийг дөнгөж эрх зүйчээр төгссөн З.Нарантуяа Төв банкны Хяналт шалгалтын газарт хуульчаар оржээ. Монгол Улсын инфляци 300 гаруй хувьд хүрч, гадаад худалдаа зогссон шилжилтийн хүнд үе. Шалгарлыг оройлон давах, оролцоогоороо манлайлах шаардлага Төв банк, түүний мэргэжилтнүүдэд тулгарсан. Иймээс Төв банкны мэргэжилтнүүд бусдаас түрүүлж гадаад ертөнцтэй холбогдож, сайн бэлтгэгдсэн. Төрөөс бодлогоор бэлтгэсэн хүмүүсийн нэг нь З.Нарантуяа байлаа.
Монголбанкинд Загдхүүгийн Нарантуяа ажиллаж байхдаа Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны зөвлөхүүдийн хамтаар хувийн банкнаас зээл олгох, хувийн секторуудыг босгох зохицуулалтыг хийлцжээ. Банк эрх бүхий хуулийн этгээдээс мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Валютын зохицуулалтын тухай, Векселийн тухай, Хадгаламж зээлийн хоршооны тухай, Төв банкны шинэ хуулиудад тэрээр ажиллажээ. Иргэний хууль, Эрүүгийн хуулиудад банк, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой зохицуулалтуудыг тусгаж байсан.
Энэ бол өмч хувьчлалын дараа хувийн аж ахуйн нэгжүүд хөл дээрээ босох торгон ирэн дээр түүний амьдралын иртэй, хаттай зүтгэсэн он жилүүд байсан юм.