Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэл хийлээ.
Энэ үеэр НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү "Энэ жил наадмын үеэр үйлчилгээний зөвшөөрлийг зөвхөн аж ахуйн нэгжид өгч байгаа. Хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудал гардаг учраас иргэнд зөвшөөрөл өгөхгүй гэж шийдсэн. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны хүнс үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс наадмын үйлчилгээний үйл ажиллагааг хариуцна.
Төв цэнгэлдэхэд бие засах газар шинээр, харин Хүй долоон худагт зөөврийнхийг байрлуулахаар шийдэж, тохижилтын бэлтгэл ажил төлөвлөсөн хуваарийн дагуу явагдаж байна. Мөн Төв цэнгэлдэх орчмыг зүлэгжүүлж байгаа. Цэнгэлдэхийн сандлыг байрлуулснаас хойш есөн жил болсон байна. Өвлийн хүйтэн, зуны халуунд гандсаар бутарч унасан. Наадамчин олонд тав тухгүй байдал бий болсон учраас сандлын 80 орчим хувийг нь сольсон.
Түүнчлэн жуулчдад зориулсан билетийг Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас дамжуулан оператор компаниудад нь олгож байгаа" гэлээ.
Мөн тэрээр "Наадмын тасалбарыг 400,000 төгрөгөөр худалдана гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа" гэдгийг онцлов.