Өвөрхангай аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв (БОЭТ)-д Эрүүл Мэндийн Яамны хөрөнгө оруулалтаар Ангиографийн оношилгоо эмчилгээний иж бүрэн аппарат суурилуулжээ.
Уг аппаратын тогтвортой үйл ажиллагаа болон ашиглалтыг сайжруулах, тус төвийн холбогдох мэргэжлийн эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд газар дээр нь арга зүйн зөвлөгөө өгч дадлагажуулах, хамтарсан үзлэг оношилгоо, эмчилгээ хийх зорилгоор Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Ангиографийн оношилгоо эмчилгээний төвийн зөвлөх, Хүний гавьяат эмч З.Лхагвасүрэнгээр ахлуулсан Улсын Нэг, Хоёр, Гуравдугаар төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн хамтарсан судсан дотуурх мэс заслын Үндэсний баг 2022 оны тавдугаар сарын 19-21-ны өдрүүдэд анхны зорилтот үйл ажиллагаагаа амжилттай биелүүлээд ирлээ.
Үндэсний баг бүрэлдэхүүн хоёр хоногийн томилолтын хугацаанд
-
зүрхний титэм судсан дотуурх оношилгоог 14 хүнд,
-
зүрхний баруун ховдлын цочмог шигдээсийн яаралтай нэг тохиолдол болон төлөвлөгөөт журмын нийт таван хүнд титэм судсан дотуурх эмчилгээ хийжээ.
Мөн тархины судсан дотуурх оношилгоог 11 хүнд хийснээс тархины судасны цүлхэн, тархины судасны төрөлхийн гажиг болон зүүн нугалмын артери болон эгмэн доорх артерийн нэгдүгээр сегментийн бөглөрөлтэй тус бүр нэг нэг тохиолдлуудыг оношлон илрүүлж, цаашдын эмчилгээг шатлал ахиулан хийхээр шийдвэрлэв.
Түүнчлэн доод мөчний хөлийн судасны флебография гурван эмчлүүлэгчид, элэгний хавдрын тэжээгч судсыг бөглөх эмчилгээг нэг эмчлүүлэгчид, тархины судасны оношилгоо шаардлагатай 10 үйлчлүүлэгчид тархины судасны доплерграфийн шинжилгээг тус тус хийсэн байна.
Тархины харвалт, зүрхний шигдээс болон элэгний хавдартай нийт 30 гаруй эмчлүүлэгчид хамтарсан үзлэг хийж, эмчилгээний тактикийн талаар зөвлөгөө өгсний зэрэгцээ тус БОЭТ-д шинээр зохион байгуулахаар төлөвлөж буй харвалт, шигдээсийн нэгжийн зохион байгуулалт, тусламж үйлчилгээний менежмент, тархины харвалтын үеийн бүлэн хайлуулах эмчилгээний менежментийн талаар сургалт мэдээлэл зохион байгуулж, нийт 92 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг ажлын байран дээр чадавхжуулах үйл ажиллагааг хэрэгжүүллээ.
Судсан дотуурх мэс заслын Үндэсний баг бүрэлдэхүүн дараагийн удаад Хэнтий, Өмнөговь аймгуудад мөн төсвийн хөрөнгөөр суурилагдсан Ангиографийн оношилгоо эмчилгээний аппаратын тогтвортой ажиллагааг хангах чиглэлээр орон нутгийн багтай хамтран ажиллахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: ЭМЯ