"Ковид 19”-ийн халдварын үеийн хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгийн талаар зөвлөгөө, мэдээллийг УНТЭ-ийн Гастроэнтерологийн төвийн их эмч, АУ-ны доктор Б.Болормаа өглөө.
Тэрээр "Коронавирусийн халдварын дельта хувилбарын үед хоол боловсруулах эрхтэн тогтолцооны гэмтэл түлхүү илэрдэг. Уг хувилбар нь коронавирусийн халдварын үед хоол боловсруулах эрхтэн тогтолцооны бие даасан эмгэг үүсгэх, халдварын эмийн эмчилгээний эмгэг, халдварын шалтгаант хоол боловсруулах эрхтэн тогтолцооны архаг эмгэг сэдрэх зэрэг гурван үндсэн гэмтлийг түлхүү үүсгэж байна.
Халдварт өртсөн иргэдийн 16-48 хувьд хоолны дуршил буурах, хэвлийгээр өвдөх, бөөлжих, гүйлгэх зэрэг хоол боловсруулах эрхтэн тогтолцооны шинж тэмдэг хавсарч илэрч байна.
Коронавирусийн халдварын үед хоол боловсруулах замын салст бүрхүүлийн нэвчимхий чанар ихсэж, мэдрэл шингэний зохицуулга алдагдсаны улмаас эрхтэн тогтолцооны үрэвсэл, бичил цус эргэлтийн хямралд хүргэж байна. Иймд хэрэв та коронавирусийн халдвараар өвдөж, улмаар хоол боловсруулах эрхтэн тогтолцооны зовуурь илэрч байвал эмчид хандаарай. Мөн энэ үед зөв зохистой хооллож, эмийн зохистой хэрэглээг эрхэмлээрэй. Түүнчлэн амьсгалын дасгал хийж хэвших нь энэ өвчнийг хөнгөн хэлбэрээр давж туулах боломжийг олгох юм.
Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо коронавирусийн үед гэмтсэнтэй холбоотой гарч ирэх хамгийн ноцтой зовуурь бол гүйлгэлт суулгалт байдаг. Хэрвээ та халдварын үед өдөрт 4-6 болон түүнээс олон удаа гүйлгэж байвал нэн түрүүнд эмчид хандах хэрэгтэй.
Мөн энэ үед хамгийн энгийн авах арга хэмжээ бол антибиотик хэрэглээгүй үед шингэнээ сайн нөхөөрэй. Үүнд ургамлын цай, ногоон цай, жимсний шүүс, эрдэсжүүлсэн усаар ч нөхөж болно.
Гүйлгэлтийн үед цайр агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг 14 хоног хэрэглэх. Ганц анхаарах зүйл нь халдварын үед дур мэдэн гүйлгэлт, суулгалтын эсрэг эм бэлдмэл хэрэглэж болохгүй. Хэрэв антибиотик хэрэглэсэнтэй холбоотой гүйлгэх шинж тэмдэг илэрвэл дур мэдэн эмчилгээ хийлгэхгүй мэргэжлийн эмчид хандаарай.
Мэдээллийн дараа асуултад хариуллаа.
-Ходоодны хүчил амаар дамжин коронавирусийг устгадаг гэж үнэн үү. Тэгвэл яагаад ходоод, гэдсийг энэ вирус гэмтээгээд байна вэ?
-Хоол боловсруулах замд хамгаалах тогтолцоо бий. Амны хөндийгөөр вирус, бактери зэрэг ямар нэгэн гэмтээгч хүчин зүйл ороход үүнийг амны хөндийн шүлсэнд агуулагдах уураг устгаж байдаг. Харин ходоод руу ороход ходоодны хүчил хэр баргийн нян бактер устгах үйлчилгээ байдаг. Гэтэл уг хүн дархлаа суларсан, зохисгүй хооллодог, стресстэй, архаг суурь өвчтэй байвал ходоод гэдэсний замын хамгаалах тогтолцоо алдагдаж улмаар вирус амархан нэвтрэх боломж бүрдсэн байдаг. Иймд цоо эрүүл, ходоодны хүчил хэвийн байгаа хүнд энэ халдвар бохир гарын замаар дамжих нь бага.
-Халдварын үед зөвлөх хоол хүнсний зөвлөмжийн талаар та танилцуулна уу?
-Хоолны бүтэц зөв байх ёстой. Уураг, нүүрс ус, өөх тосыг зохистой хэмжээгээр агуулсан шим тэжээл сайтай мөн тухайн хүний өдрийн илчлэгийг хангах, хөнгөн, чанах жигнэх аргаар боловсруулсан хоолыг хэрэглэх хэрэгтэй. Үүнд жимс ногоо, бүхэл үрийн бүтээгдэхүүн, уургийн бүтээгдэхүүн, эсгэх аргаар боловсруулсан сүү сүүн бүтээгдэхүүн агуулагдаж байх ёстой. Ерөнхийдөө коронавирусийн халдварын энэ үед өдөрт хэрэглэх өөх тосны хэмжээг 30 хувиар багасгаарай гэж зөвлөсөн байдаг.
-Коронавирус эдгэсэн ч хоолойн дээр юм торж, горойгоод байх юм. Энэ юутай холбоотой вэ?
-Коронавирус халдварын дараа төрөл бүрийн зовуурь илэрч байна. Энэ доторх хоол боловсруулах эрхтэн тогтолцооны зүгээс илрэх нэг шинж тэмдэг нь хоолой горойх хам шинж. Иймд мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө авах хэрэгтэй.
-Ходоодны дээд тал болон улаан хоолой өвдөх шинж байна. Үүнээс яаж сэргийлэх вэ?
-Коронавирустай холбоотой эсэхийг мэдэх хэрэгтэй. Цээжний хөндийн хойно олон эрхтэн байна. Заавал улаан хоолой өвдөх албагүй. Өөр зүйл байж болно. Иймд дуран хийлгэн оношлуулаарай гэж зөвлөж байна.