Улсын Онцгой комиссоос өчигдөр иргэдтэй шууд холбогдон мэдээлэл өглөө.
Энэ үеэр Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболд коронавирусийн эсрэг вакцины дөрөв дэх тунг хийлгэж болох эсэх талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Коронавирусийн эсрэг хоёр тун буюу Pfizer вакцин шаардсан Европын Холбооны Улс болон АНУ-д зорчих иргэд дөрөв дэх тунд хамрагдаж болно. Монгол Улсын хувьд 4-5 төрлийн вакцин иргэддээ хийсэн.
Тухайлбал Спутник V вакцины хоёр тун хийлгэсэн хүн дахин Pfizer вакцины хоёр тунг хийлгэж байж олон улсад хүлээн зөвшөөрөгдөнө. Иргэд сайн дураараа коронавирусийн эсрэг вакцины дөрөв дэх тунд хамрагдаж болно" гэв.
Мөн гадаадаас ирээд гэрийн ажиглалтад буй иргэд дөрвөн хоногийн хугацаанд аль болох гадуур явахгүй байхыг зөвлөлөө.
Дашрамд, энэ сарын 25-наас гадаадаас ирж буй иргэдийг гурав хоног тусгаарлах шийдвэр гарсан байгаа. Ингэхдээ иргэд өөрсдөө тусгаарлалтын байрны зардлыг төлөх юм.