Эрүүл мэндийн яамны баасан гариг бүр хийдэг ээлжит хэвлэлийн хурлын үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр шинээр тархаад буй омикрон хувилбар болон коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Тэрээр "Өнөөдрийн байдлаар дэлхийн 86 улсад Омикрон хувилбарын өвчлөл бүртгэгдээд байна. Омикрон хувилбарын тархалт өмнөх хувилбаруудтай харьцуулахад хамгийн өндөр байгаа. ДЭМБ-ын зүгээс вакцины дархлаа сэргээх нэмэлт тунг хориглохгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.
Манай улсын хувьд Омикрон хувилбарын халдвар тархах хурд, эмчилгээний өөрчлөлт, давтан өвчлөх байдал гэх мэтийг анхааралтай ажиглан бэлтгэлээ базааж байна.
Их Британи улсад Омикрон хувилбарын анхны нас баралт бүртгэгдсэн бөгөөд тохиолдлын тоо өдөрт хоёр дахин нэмэгдэж байгааг мэдээлсэн. Тус улсын эрүүл мэндийн салбар энэ ачааллыг даахгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд салбарын маш олон хүн өвчилсөн байгаа юм байна.
Ирэх саруудад дэлхийн олон орон Дельта болон Омикроны зэрэгцсэн давлагаанд өртөх эрсдэлтэй байгаа. Мөн хоёр хувилбараар зэрэг халдварлаж өвдөх тохиолдлууд бүртгэгдэж байна.
Омикрон хувилбар уушгины эд эсэд нэвтрэхээс өмнө амьсгалын дээд замын салстын эсэд нэвтэрч, олшрон үрэвсэл үүсгэж байгаа талаар судалгаа гарсан бөгөөд шинж тэмдэг нь амьсгалын дээд замтай холбоотойгоор илэрч байгаа. Тодруулбал, нус гоожих, найтаалгах, ханиах, хоолой өвдөх, цагаан мөгөөрсөн хоолой үрэвсэх, ядрах, толгой өвдөх шинж тэмдэг давамгайлж байна.
Танд томуу төстэй дээрх шинж тэмдэг илэрч байвал томуу гэхээс илүүтэй Омикрон хувилбар байж болзошгүй гэдэг сэрэмжлүүлгийг Омикрон хувилбар дэгдсэн улс орнууд иргэддээ мэдээлж байгаа. Омикрон хувилбарын нууц хугацаа богиноссон тул зул сарын хүлээн авалтыг гэр бүлээс өргөн хүрээнд тэмдэглэхийг хориглож эхэлжээ.
Омикроны шинж тэмдгийг хөнгөн гэж үзэхгүй. ӨАБНУ-ын хувьд одоо зуны улирал тохиож байгаа бол манай улсын хувьд хахир хүйтэн өвөл ирсэн, иргэд энэ улиралд томуугаар хүнд өвддөг. Тиймээс өвчлөл хөнгөн байна гэж таамаглал дэвшүүлэх боломжгүй юм.
Улс орнууд Омикроноос хамгаалах гол арга хэмжээг дархлаа сэргээх нэмэлт тун гэж үзэж байгаа. Их Британи энэ оны сүүл гэхэд бүх иргэдээ нэмэлт тунд хамруулахыг зорьж байгаа юм байна.
Манай улсын хувьд Омикрон хувилбарын хүчтэй давлагаанд өртөхгүй байхын тулд хил дээрх хяналтыг сайжруулахад голлон анхаарч байгаа. Одоохондоо дотоодод халдвар бүртгэгдээгүй байгаа бөгөөд үргэлжлүүлэн хилийн хяналтаа сайн тавина. Тиймээс иргэдээ аль болох гадаад улс руу явахгүй байхыг уриалж байна. Онцын шаардлагагүй бол гэр бүл, улс орноо эрсдэлд оруулахаас сэргийлээрэй" гэлээ.