Иргэд эрүүл мэндийн даатгалд жилд 50400 төгрөг төлснөөр ямар ач холбогдолтой талаарх мэдээлэл, зөвлөгөөг ЭМДЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Ш.Сэлэнгэ мэдээллээ.
Иргэд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлсөн тохиолдолд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломж бүрэн нээгдэх юм.
Манай улсын нийт хүн амын 92.2 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байдаг бөгөөд үүнээс хоёр сая гаруй иргэдийн ЭМД-ыг төрөөс хариуцдаг байна. Үүнд, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй, 0-3 насны хүүхдээ харж байгаа эцэг, эх, 0-18 насны хүүхэд, ялтан, нийгмийн халамж шаардлагатай иргэд багтана.
ЭМДЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Ш.Сэлэнгэ яагаад ЭМД-д албан журмаар даатгуулах хэрэгтэй талаар ийн ярилаа.
Тэрээр "Манай улсын ЭМД нь албан журмын болон сайн дурын гэсэн хоёр төрөлтэй. Иргэн бүр албан журмын даатгалд заавал даатгуулна гэж хуульчилж өгсөн байдаг. Сард 4200 төгрөгийн шимтгэл төлж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг 70-100 хувь хөнгөлүүлэх боломжтой. Хувийн даатгалын системтэй улсуудтай харьцуулахад манай улсын даатгалын хэмжээ бага түвшинд байдаг. Жилд 50400 төгрөгийг төлж байгаа. Төр хариуцсан төлж байгаа иргэд хамтын төлбөр төлөхгүйгээр, тусламж үйлчилгээгээ авах боломжтой. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орж байгаа хүн 113 сая хүртэлх төгрөгийг ЭМДСангаас даана.
Нэг ёсондоо жилд 50400 төгрөг төлөөд 113 сая төгрөг хүртэлх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжтой. Мөн хүүхдээ асарч байгаад ажилдаа орох, өөр ажилд шилжих хооронд 1-4 сар тасарсан тохиолдолд E-mongolia аппликейшнаас тасарсан саруудаа харан, нөхөн төлөх боломжтой юм" гэлээ.