Монголын дархлаа, бичил амь судлалын нийгэмлэгээс коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт тунтай холбоотой тайлбар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Анагаах ухааны доктор, дэд профессор С.Чимидцэрэн "Коронавирусийн анхаарал татсан шинэ хувилбарууд гарч, халдварын тархалт нэмэгдэж, вакцины дараах дархлаа тогтцын үр дүн аажмаар буурч байгаа зэрэгтэй холбоотойгоор хэд хэдэн улс дархлаа сэргээх нэмэлт тун хийж байна.
Вакцинд агуулагдах өвөрмөц антигенийн өдөөлтөөр удаан амьдрах чадвартай санамжийн В лимфоцит, Т лимфоцит эсийн цөөн тооны цомог үүсэж, бие махбодыг халдвараас тодорхой хугацаагаар хамгаалдаг.
Вакцины нэг ба хоёр дахь тунгийн дараа өвөрмөцөөр идэвхэжсэн дархлааны эсээс эсрэг бие болон бусад дархлааны молекул ялгарах нь аажимдаа буурдаг. Тухайлбал, вакцин тариулснаас хойш зургаан сарын дараа эсрэг биеийн титр бүх вакцин дээр буурч байгааг Британийн их сургуулийн эрдэмтэд тогтоосон. Харин манай улсын эрдэмтэн судлаачдын хийсэн судалгаагаар хоёр сарын дараагаас дархлаа тогтоц буурч байгаа нь тогтоосон.
Гурав дахь тунг хийлгэхэд эсрэг биеийн үүсэлт эрс нэмэгдсэн. Халдварын тархалт хэдий чинээ их байна тэр хэмжээгээр вирус мутацад орж, хувиран өөрчлөгдөн халдварлах чадвар нь нэмэгдсээр байна. Иймд нэмэлт тунг хийх шаардлага тулгараад байгаа. Хоёр тунг хийлгэсний дараа дархлаа тогтсон, дахиж вакцин хийлгэх шаардлагагүй гэж үзэх хүмүүс бий.
Гэвч байгалийн жамаараа үүссэн эсрэг бие нь богино хугацаанд биед эргэлдэж байгаа тул дахин халдварт өртөх эрсдэл бий. Нэмэлт тун нь хоёр дахь тунгийн дараах үүссэн дархлааны урвалаас илүү сайн үр дүн үзүүлж байгаа" гэв.