Эрүүл мэндийн сайд С.Энхболд эрүүл мэндийн салбарт хийж байгаа шинэчлэлүүдийн талаар мэдээлэл өглөө.
Мэдээллийн эхэнд тэрээр "Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор 21 аймаг, есөн дүүргийн эмнэлгүүдэд PCR шинжилгээ авдаг болсон. Энэ ажилд 6.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулаад байна. Мөн бүсийн оношилгооны төвүүдэд ангиографын аппарат суурилуулж байгаа" гэлээ.
Манай улсын хөнгөлөлттэй эмийн жагсаалтад 541 төрлийн эм багтдаг. Үүнийг Эм ханган нийлүүлэх 385 байгууллага импортоор оруулж ирдэг байна.
Тэгвэл Засгийн газар олон улсын нэгдсэн худалдан авалтыг зохион байгуулж өгдөг болж байгаа аж.
Энэ талаар сайд С.Энхболд "Засгийн газар олон улсын нэгдсэн худалдан авалтыг зохион байгуулах хүрээнд тухайн улстай нь гэрээ хийнэ. Тухайлбал, Швейцараас 15 төрлийн эмийг нэг бүрийг нь 1 ам.доллароор авахаар ярилцаж байна. Ингэснээр эм ханган нийлүүлэх байгууллагууд тухайн үнээр импортоор оруулж ирж, иргэдэд чанартай эмийг хямд үнээр өгөх боломжтой болно" гэв.
Эрүүл мэндийн тухай шинэ хуулийн хүрээнд эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүжих болсноор эмч ажилтнуудынхаа цалинг 2-50 хувь нэмэх боломж бүрджээ.