Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Монгол, Японы эмнэлгийг өнөөдөр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяанд албан ёсоор шилжүүлэн өглөө.
Энэ үеэр АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар "Монгол, Японы эмнэлгийг байгуулсан анхны зорилго болох Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгох түүхэн үйл явдал нэг алхмаар ахилаа. Ингэснээр олон улсын жишигт нийцсэн их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх боломж нөхцөл хангагдаж байгаа юм.
Их сургуулийн эмнэлэгт сургалтын үйл ажиллагаанаас гадна эрдэм шинжилгээ, судалгааны ажил, эмнэлгийн тусламж зэрэгцэн цогцоороо явах боломжтой. Тухайлбал, тэнхим болон тасгийг нэг зохион байгуулалттай болгоно.
Их сургуулийн багш болон эмч, ажиллагсдын цалингийн зөрүү 60 хувь байгаа. Үүнийг үе шаттайгаар нэмнэ. Тооцооллын дагуу тус эмнэлгийн ажилтнуудынхаа цалинг аравдугаар сард 15 хувиар нэмэхээр төлөвлөсөн. Монгол, Японы эмнэлэг АШУҮИС-ийн харьяанд ирснээр сургуульд ихээхэн үүрэг хариуцлага нэмэгдэж байна" гэлээ.
Монгол Улсад Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх эхлэл болж, анагаахын сургуулийн эмнэлзүйн судалгаа, сургалтад мэдэгдэхүйц дэвшил гарч, эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэх, эх орондоо эмчилж чадахгүй байгаа өвчний тоог бууруулна гэж тооцож байна.
-
Монгол Японы эмнэлэг АШУҮИС-ийн харьяанд байснаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, сургалт, эрдэм шинжилгээ судалгааг цогцоор нь хөгжүүлэх боломж бүрдэнэ.
-
Монголчууд эх орондоо Японы стандарт, менежмент, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах боломжтой болно.
-
Төгсөлтийн дараах резиденсийн сургалтын чанарт дэвшил гарна.
-
Сургууль эмнэлэг хоёр үйл ажиллагаа болон хүний нөөцөө нэгтгэснээр санхүүгийн хэмнэлт гарч, эмч, эмнэлгийн ажилтны цалинг сургуулийн түвшинд хүргэх боломжтой.