Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр Өрхийн эмнэлгүүдээр дамжуулагдан олгогдож буй ковидын багцын эм болон эмнэлгийн орны хүрэлцээний талаар мэдээлэл өгөв.
Тэрээр "Өнөөдрийн байдлаар гэрээр 68,133 хүн өрхийн эмчийн хяналтад эмчлэгдэж байна. Эдгээр хүнийг эрэмблээд эмнэлэг рүү шилжүүлэх шаардлагатай хүмүүсээ шилжүүлж байгаа. Эмнэлэгт 21 мянга гаруй хүн хэвтэн эмчлүүлж байна. Нэмж ор дэлгэх, тусгаарлах байрыг нэмэх гэхээсээ илүүтэй хүний нөөц хамгийн их тулгамдсан асуудал болсон. Эмч нар маш өндөр ачаалалтай ажиллаж байгаа.
Эрүүл мэндийн яамны зүгээс өрхийн эмнэлгүүдэд сайн дурын ажилчдыг нэмэгдүүлж байна.
160 мянган төгрөг нь өрхийн эмнэлэгт тухай иргэнийг хянаж байгаа зардал гэж ойлгож болно. Тухайн өрхийн эмнэлэг нь ямар зардлаар хэдэн төгрөг шингээсэн гэдгээ танилцуулж, санхүүжилтээ авч байгаа. Харилцан адилгүй эм өгч байна гэж иргэд ярьж байна. Өрхийн эмнэлгийн урсгал зардал ямар байна, үүнээсээ үлдсэн эмээ өгч байгаа" гэлээ.
Мөн тэрээр "Эмнэлгүүдэд ор дэлгэсэн ч ажиллах эмч байхгүй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй байна. Эмч нарыг нэг өдөр бэлддэггүй. Эрүүл мэндийн салбар хэтэрсэн ачаалалтай ажиллаж байгаа. Хүсэлт ирээд орон нутагт зарим үед ор дэлгэж байна" гэв.