Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.
Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд нийт хүн амын 69 хувь нь хамрагдсан бол хоёрдугаар тунд 65 хувь нь хамрагдаад байна.
Мөн 12-17 насны 258,277 хүүхэд вакцины нэгдүгээр тунд хамрагдсан бол хоёрдугаар тунд эдгээр хүүхдүүдийн 78 хувь нь хийлгэжээ. Эрүүл мэндийн яамны зүгээс хүүхдийн вакцинжуулалтыг хангалттай хэмжээнд хүрсэн гэж үзэж байгаа аж.
Мөн ирэх даваа гаригаас 18-аас дээш насны иргэдэд коронавирусийн вакцины гурав дахь тунг сайн дурын үндсэн дээр хийж эхлэхээр болсон байна.
Энэ талаар Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Баярболд "Одоогоор коронавируст халдварын эсрэг дархлаа сэргээх нэмэлт тунг зорилтот бүлгийн иргэдэд сайн дураар хийж байгаа. Есдүгээр сарын 13-наас эхлэн 18-аас дээш насны иргэдэд сайн дурын үндсэн дээр Синофарм эсвэл Pfizer вакцины нэмэлт тунг хийж эхлэх шийдвэрийг гаргаад байна" гэлээ.