Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Өнгөрсөн хоногт нийт 16158 сорьцонд шинжилгээ хийжээ. Үүний 7846 нь PCR шинжилгээ, 8312 нь түргэвчилсэн шинжилгээ байна. Нийт 2009 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 15 хүн нас баржээ.
Есдүгээр сарын 13-наас томуугийн халдвараас сэргийлэх дархлаажуулалтын 10 хоног эхэлнэ.
Энэ талаар Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Б.Баярболд "ЭМЯ-наас дархлаажуулалтын 10 хоногийг жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд томуугаас сэргийлэх хүрээнд Есдүгээр сарын 13-22-ны хооронд зохион байгуулна. Манай улс жилд дунджаар 100 мянган хүн тун томуугийн вакцин хүлээн авч, иргэдээ дархлаажуулдаг байсан бол энэ жил тоог нь хоёр дахин нэмэгдүүлж татан аваад байна.
Мөн өмнөх жилүүдэд томуугийн вакцинжуулалт аравдугаар сарын сүүл үеэс эхэлдэг байсан бол энэ жил есдүгээр сарын дундаас эхлүүлж байна. Томуугийн эсрэг вакциныг коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын цэгээс тусад нь зохион байгуулах үүрэг, чиглэлийг ЭМЯ-наас хүргүүлэн ажиллаж байна" гэв.