Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд шинээр 3680 хүнээс коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Ингэснээр нийт тохиолдлын тоо 247,399 болов.
Мөн халдварын улмаас өнгөрсөн хоногт 80 хүртэлх насны арван хүн нас барж, нийтдээ 992 хүн эндээд байна.
Манай улсад коронавируст халдварын дельта хувилбарын дэгдэлт ихтэй байна.
Үүнтэй холбоотойгоор Жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөл ба дархлаажуулалтын талаар мэдээлэл өгөв.
Жирэмсэн эмэгтэйчүүдийг халдвараас хамгаалах хамгийн гол арга нь дархлаажуулалт болохыг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөөд байгаа. Дархлаажуулалтад хамрагдсанаар дельта хувилбараас тодорхой хэмжээнд хамгаалж болно. Манай улсад жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсан тохиолдолд хүндрэл, эндэгдлээс сэргийлэхээр сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад хамруулж байна.
Монгол Улсад жилд дунджаар 80 мянган эмэгтэй төрдөг бөгөөд одоогийн байдлаар 43 мянган хүн төрөөд байна. Гэтэл 6 мянга орчим жирэмсэн эмэгтэй, 5 мянга орчим шинэ төрсөн эх дархлаажуулалтад хамрагдаад байгаа аж.
Жирэмсэн эхчүүдийн дархлаажуулалтад хамрагдсан хувь бага байгаа нь эрсдлийг улам нэмэгдүүлж байна. Халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор эхийн эндэгдэл нэмэгдсэнээр 100 мянган амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл нэмэгдэх хандлагатай болсон.
Иймээс нийт жирэмсэн эмэгтэйчүүд, шинэ төрсөн ээжүүдээ дархлаажуулалтад хамрагдахыг Эрүүл мэндийн яамнаас уриалж байна.
Сэтгэгдэл (1)