ЭМЯ-наас баасан гариг бүр хийдэг ээлжит мэдээллээ хүргэлээ.
Энэ үеэр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан дараах мэдээллийг өглөө.
Тэрээр "Зарим хүнд Ковидоор өвчлөөд эдгэрсний дараа 4-7 сар, заримд нь нэг жил хүртэлх хугацаагаар шинж тэмдэг илэрч байгаа. Хамгийн түгээмэл илэрч буй шинж тэмдэг нь ядарч сульдах бөгөөд толгой өвдөх, үс унах, анхаарал сулрах, ялимгүй зовлонт байдал үүсэх, нойргүйдэх гэх мэт олон төрлийн шинж тэмдэг илэрч байна. Нийтдээ 50 гаруй төрлийн шинж тэмдэг илэрч байгаа юм. Тиймээс аль болох халдварт өртөхгүй байхыг зөвлөж байна.
Халдвар авч байгаа хавьтлын судалгааг хийгээд үзэхэд танихгүй хүнээс гэхээсээ илүүтэй, хамт ажилладаг хүмүүс, гэр бүлийнхэн, төрөл төрөгсдөөсөө халдвар авах тохиолдол их байгаа. Найр наадам хийхгүй, очихгүй байх нь халдвараас сэргийлэхэд чухал үр дүнтэй юм. Мөн олон хүн цугласан газарт очихгүй байх, агаар сэлгэлт сайн хийхийг зөвлөж байна.
Гурав болон зургаадугаар сард гарсан халдварын давлагааны үед бүх шатны эрүүл мэндийн байгууллага, тэдгээрийн ажилтнууд коронавиурст халдварын эсрэг ажиллаж байсан. Гэсэн ч ачааллаас давсан хоцрогдол гэдэг зүйл үүсэж байсан. Үүнийг үүсгэхгүйн тулд иргэн бүрийн хариуцлага чухал байна" гэлээ.
Мөн "Орон нутагт гарч байгаа халдварын тохиолдол нэмэгдэж байгаа нь олон тооны найр, наадмаас үүдэлтэй байгаа бөгөөд иргэд амны хаалт зүүхгүй байгаа нь нөлөөж байна" хэмээн анхаарууллаа.