Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Эрүүл мэндийн сайд С.Энхболд коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын тохиолдлын тоо сүүлийн нэг сарын хугацаанд тогтвортой буюу нэг түвшинд байсан. Сүүлийн 14 хоногийн хугацаанд 1,500-аас доош тохиолдол өдөрт бүртгэгдэж эхэлсэн. Гэсэн хэдий ч манай улсад коронавирусийн дельта хувилбар бүртгэгдлээ.
Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт батлагдсан 14 сорьцод шинжилгээ хийхэд нэг тохиолдлоос коронавирусийн дельта хувилбар бүртгэгдсэн. Мөн гаднын улсуудад илгээсэн сорьцуудад ч дельта хувилбарын вирус бүртгэгдсэн байна.
Манай эрдэмтдийн баг сорьцуудад судалгаа шинжилгээг тогтмол хийж буй. Зургаадугаар сарын дундуур хийсэн 1,500 сорьцын шинжилгээний дүнг өмнө нь танилцуулж байсан. Харин одоо Зургаадугаар сарын сүүл болон Долдугаар сарын эхэнд бүртгэгдсэн сорьцуудын шинжилгээний үр дүн гарч эхнээсээ гарч байна.
Өөрөөр хэлбэл, Зургаадугаар сарын 15-ноос өмнө сорьцуудад дельта хувилбарын зөвхөн зөөвөрлөгдсөн таван тохиолдол бүртгэгдэж байсан бол өнөөдрийн байдлаар гурван дельта хувилбар бүртгэгдээд байна.
Мөн зарим сорьцуудын шинжилгээ баталгаажаагүй байгаа бөгөөд энэ долоо хоногийн сүүлээр дүгнэлт гарна. Бид Япон улс руу 200 сорьц илгээсэн, мөн АНУ руу сорьцуудыг илгээсэн нь хараахан баталгаажиж дуусаагүй байна.
Дельта вирусийн тархалт өнөөдрийн байдлаар 114 улсад бүртгэгдээд байна. Иймд иргэд халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, вакцинд хамрагдах хэрэгтэй хэлье" гэлээ.