Сүүлд явуулсан судалгаагаар Pfizer/BioNTech компанийн бүтээсэн вакцин нь коронавирусийн Дельта хувилбараас муу хамгаалдгийг тогтоосноо Израйлийн засгийн газар өчигдөр зарлажээ.
Тодруулбал Дельта хувилбараас 64 хувийн үр дүнтэй хамгаалж буйг тогтоосон байна.
Өнгөрсөн тавдугаар сард коронавирусийн Альфа хувилбар Израйльд давамгайлж байх үед Pfizer вакцины хамгаалах чадвар 95.3 хувьтай байсан юм.
Израйлийн засгийн газар судалгааны үр дүнгийн талаар товч мэдээлсэн бол Хебрью Их сургуулийн эрдэмтдийн баг хийсэн судалгааныхаа дэлгэрэнгүй үр дүнг удахгүй нийтэд танилцуулахаар болжээ.
Израйль улс 12-оос дээш насны бүх иргэдээ Pfizer вакцинаар дархлаажуулж, коронавирусийн тархалтыг амжилттай хязгаарлаад байгаа. Сүүлийн байдлаар тус улсын хүн амын 60 гаруй хувь вакцинжуулалтад бүрэн хамрагдсан байна.
Коронавирусийн Дельта хувилбар нь энэ оны эхээр Энэтхэг улсад анх илэрч, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага B.1.617.2 нэрээр бүртгэж авсан юм.
Pfizer компани Израйлийн судлаачдын гаргасан дүгнэлтэд одоогоор тайлбар өгөх боломжгүй байгаагаа мэдэгдсэн байна. Техасын Их Сургуулийн эрдэмтэдтэй хамтран явуулсан сүүлийн судалгаагаар вакцин нь Дельта болон бусад бүх хувилбараас өндөр үр дүнтэй хамгаалдгийг тогтоогоод байгаагаа тус компани мэдэгджээ.
Коронавирусийн Дельта хувилбар дэлхийн олон оронд тархаж эхэлсэн нь эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн санааг зовоож байна. Уг хувилбараас одоо дархлаажуулалтад ашиглагдаж буй вакцинууд хэр найдвартай хамгаалдгийг эцэслэн тогтоогоогүй байгаа юм.
Саяхан Английн Нийтийн Эрүүл Мэндийн газраас гаргасан тайланд Дельта хувилбарын хүндрэлээс Pfizer вакцин 96 хувь, AstraZeneca вакцин 92 хувийн үр дүнтэй хамгаалдаг тухай мэдээлж байв.
Шотландын судлаачид өнгөрсөн сард The Lancet сэтгүүлд нийтлүүлсэн тайландаа Pfizer вакцин Дельта хувилбараас 79 хувийн , Альфа хувилбараас 92 хувийн үр дүнтэй хамгаалдгийг зарлаж байжээ.
Эх сурвалж: CNN