Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 11,748 шинжилгээ хийхэд 2362 хүнээс халдвар илэрлээ.
Нийт халдварын тоо улсын хэмжээнд 107,262 болж байна.
Шинээр илэрсэн 2362 тохиолдлын нэг нь эрүүл мэндийн ажилтан байна. Ингэснээр эрүүл мэндийн салбарын 208 хүн халдвар авлаа.
Улаанбаатар хотод 1227, орон нутагт 1134 тохиолдол бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт эмнэлгээс 1172 хүн эдгэрч, нийт эдгэрэлтийн тоо 68,751 боллоо.
Хүүхдүүдийн хувьд гэртээ байж байгаад халдварт өртөж байна. Халдварт хамгийн их өртөж буй 25-44 насныхан гэртээ халдвар авч ирж, хүүхэд, настангуудад халдаах тохиолдол их байна. Иймд халдвар хамгааллын дэглэмээ сайтар барихыг зөвлөж байна. Харин хүүхдүүдийн цөөн тохиолдол нь гадаа тоглож байгаад халдварт өртжээ.
Өнгөрсөн хоногт халдварын улмаас 34-93 насны 12 хүн нас барсан. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Монгол улсад нийт нас баралтын тоо 505 болоод байна.
Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.