Яармаг дахь Хотын захиргааны шинэ байранд коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийг хүлээн авах зорилгоор 145 ор дэлгэжээ.
Тус байранд анхан шатны тусламж үзүүлэх хүчилтөрөгчийн аппаратуудыг хүргээд байна.
Бэлтгэл ажлыг өнөөдөртөө багтаж дуусгах талаар Хотын дарга Д.Сумъяабазар өөрийн цахим хуудастаа мэдээлжээ.
Тэрээр "Өнөөдөр Хан-Уул дүүрэг, Яармаг дахь Нийслэлийн төр захиргааны шинэ байранд ажиллаж байна.
Нийслэл Улаанбаатар хотод цар тахлын нөхцөл байдал хүндэрч, эмнэлгийн орны хүрэлцээ муу байгаа энэ цаг үед нийслэлийн төр захиргааны шинэ байрыг ковидын халдвар авсан иргэдэд үйлчлэх, анхан шатны тусламж үзүүлэх хүчилтөрөгчийн аппараттай нийт 148 ор дэлгээд байна.
Өнөөдөр гэхэд бэлтгэл ажлыг хийж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Шаардлагатай бол цаашид нэмж ор дэлгэх боломжтой. Маргааш өглөөнөөс өвчтөн авч эхэлнэ" гэсэн байна.