"Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал, зүрхний мэс заслын их эмч Б.Болдсайхан коронавирусийн нөхцөл байдал болон хүүхдүүдийг вакцинжуулахтай холбогдуулан өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрээр "Маш олон судалгааны төвүүд олон хүнд вакцин хийгээд гарсан үр дүнгээ л ярьж байгаа. Тэр тусмаа Ковид-19 бол дэлхий нийтэд анхны зүйл. Бид анх удаа амьдарч байгаа учраас алдах эрхтэй гэж ярьдаг. Монголчууд ч алдаж байгаа. Сүхбаатарын талбай дээр хэдэн мянгаараа үнсэлцээд л байж байна. Засгийн газар ч алдаж байгаа. АНУ ч алдсан. АНУ-д ямар байсныг санаж байна уу. Өдийд Нью Йоркт хэцүү байсан.
Дэлхийн хоёрдугаар дайн шиг хүнээ тавих газаргүй массаар нь оршуулж байсан. Бүгд алдаж байгаа ч хамгийн бага алдах ёстой, яагаад гэвэл энэ алдааны цаана хүний амь байгаа. Бусад орныхтой харьцуулаад өвчлөлийн хувьд тэдэн хувь, вакцинжуулалтын хувь тэдэн хувь байна гээд байгаа нь ингэж л тэдний алдаанаас сурах хэрэгтэй.
Вакцин тариулаад л маргааш нь ид шидтэй болоод, гадуураа хуяг хийчихсэн мэт болж байгаа юм биш. Мөн огт өвдөхгүй гэсэн үг биш. Вакцин тариулсан, тариулаагүй бүх хүн халдвар авч байгаа. Халдвар бие рүү ороод өвдөж эхлэх, огт өвдөхгүй байх гээд тодорхой зүйл бий. Дэлхий даяар вакцины нэг, хоёрдугаар тунгаа хийлгэсэн хүмүүсийн дөрөв, таван хувь нь халдвар авч байна. Зарим орнуудад үүнээс өндөр байгаа.
Монголд энэ тохиолдол харьцангуй бага. Гэвч хүмүүс вакцин хийлгэсэн ч өөрийнх нь бие сул, дархлаа муу байгаа тул тийм амар биш. Нэгдүгээр тунгаа хийлгээгүй хүмүүс хийлгээрэй. Хоёрдугаар тунгаа хийлгэж амжаагүй бол хийлгэхийг уриалж байна. Бүх хүмүүс вакцинаа хийлгэсэн ч өвдөлт бүрэн алга болохгүй. Тэр байтугай энэ зун, намар ч арилахгүй. Тав, арваар өвддөг, долоо хоногт нэг, хоёроор нас барах тохиолдол байсаар байх болно.
Халдвар авч байгаа хүмүүсийн 50-60 хувь нь хүүхдээр дамжиж байгаа. 18 хүртэлх насны хүүхэд хүн амын 30 хувь байгаа. Эдгээр хүүхдэд огт вакцин хийгээгүй учраас тэднээр дамжиж, зарим нь өвдөж байна.
Харамсалтай нь сүүлийн үед таргалалттай, чихрийн шижинтэй, суурь өвчтэй, хоолой өвддөг хүүхэд их боллоо. Тэд илүү их өвдөж байна. Энэ намар хичээл эхэлнэ. Үүнээс өмнө бүх хүүхдээ вакцинжуулъя гээд дэлхийн хамгийн үнэтэй, хүндрэл бага Рfizer вакцины 2.5 сая тунг Засгийн газар гэрээ хийгээд, эхнээсээ оруулж ирсэн. 1.3 сая хүүхдээ өвтгөхгүй, хүндрүүлэхгүй, үхүүлэхгүй гэж бодож байвал вакцин хийлгэхээс өөр аргагүй. Дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудын судалгааны төвд өчнөөн удаан судалгаа хийгээд батлагдсан вакцин хийлгэх нь чухал. Энэ дотроос хамгийн аюулгүй нь Pfizer юм.
Би хамгийн түрүүнд 15 настай хүүдээ Pfizer вакцин хийлгэнэ. Яагаад гэвэл би хүүгээ битгий өвдөөсэй, хүндрэхгүй байгаасай гэж бодож байна. Хоёр сая том хүн өөрсдөө вакцин хийлгэчихээд, талбай дээр тоглож байгаа жаахан хүүхдүүдийг яагаад вакцин хийж хамгаалдаггүй юм бэ? Хүүхдүүд эхнээсээ өвдөөд, үхээд эхэллээ" гэлээ.