Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Өнгөрсөн хоногт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 8016 хүнд шинжилгээ хийхэд 634 хүнээс халдвар илэрлээ. Ингээд нийт халдварын тоо улсын хэмжээнд 53,734 болж байна.
Шинээр илэрсэн 634 тохиолдол бүгд дотоодын халдвар бөгөөд Улаанбаатар хотод 589, орон нутагт 45 тохиолдол бүртгэгдлээ.
Мөн сүүлийн 24 цагт 608 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 47,356 боллоо.
Халдварын улмаас 4243 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас маш хүнд 120 хүн байна.
Өнгөрсөн хоногт 72 болон 62 настай хоёр иргэн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан" гэлээ.
Мөн хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 1858 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байгаа гэв.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 267 хүн коронавирусийн халдварын улмаас нас бараад байна. Үүнээс 255 хүн коронавируст халдварын хүндрэлээр эндсэн бол 12 нь хавсарсан өвчний хүндрэлийн улмаас нас барсан гэж үзэж байна.
Эрүүл мэндийн яамнаас цар тахлын улмаас нас барсан иргэдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийллээ.