Эрүүл мэндин яамнаас коронавируст халдварыг нөхцөл байдлын талаар мэдээллээ.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 629 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 51,247 болж байна. Шинээр илэрсэн 629 тохиолдлын хоёр нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол бусад нь дотоодын халдвар байна. Улаанбаатар хотод 603, орон нутагт 24 бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 754 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 45,145 боллоо. Халдварын улмаас 4011 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас маш хүнд 105 хүн байна.
Өнгөрсөн хоногт 33-89 насны таван хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Мөн нэг иргэн коронавирусийн халдвар авсан хэдий ч тархины хүнд гэмтлийн улмаас нас барлаа" гэлээ.
Мөн хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 1829 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байгаа гэв.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 252 хүн коронавирусийн халдварын улмаас нас бараад байна. Үүнээс 240 хүн коронавируст халдварын хүндрэлээр эндсэн бол 12 нь хавсарсан өвчний хүндрэлийн улмаас нас барсан гэж үзэж байна.
Эрүүл мэндийн яамнаас цар тахлын улмаас нас барсан иргэдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийллээ.