Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Өнгөрсөн хоногт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 9023 шинжилгээ хийхэд 575 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 50,099 болоод байна. Шинээр илэрсэн 575 тохиолдлын тав нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол бусад нь дотоодын халдвар байна. Улаанбаатар хотод 492, орон нутагт 78 бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 865 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 43,586 боллоо. Халдварын улмаас 3,845 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас маш хүнд 99 хүн байна.
Өнгөрсөн хоногт 37-70 насны зургаан иргэн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан" гэлээ.
Мөн хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 2411 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна гэлээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 238 хүн коронавирусийн халдварын улмаас нас бараад байна. Үүнээс 227 хүн коронавируст халдварын хүндрэлээр эндсэн бол 11 нь хавсарсан өвчний хүндрэлийн улмаас нас барсан гэж үзэж байна.
Эрүүл мэндийн яамнаас цар тахлын улмаас нас барсан иргэдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийллээ.