Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг 7791 хүнд хийлээ. Шинээр 349 хүнээс халдвар илэрлээ. Игээд нийт халдварын тоо улсын хэмжээнд 49,524 болж байгаа. Шинээр бүртгэгдэсэн 349 тохиолдлын зургаа нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол бусад нь дотоодын халдвар байна. Улаанбаатар хотод 318, орон нутагт 25 бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 877 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 42,721 болоод байна. Халдварын улмаас 3870 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас маш хүнд 104 хүн байна.
Өнгөрсөн хоногт 51-94 насны долоон иргэн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан" гэлээ.
Мөн хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 2690 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна гэлээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 232 хүн коронавирусийн халдварын улмаас нас бараад байна. Үүнээс 221 хүн коронавируст халдварын хүндрэлээр эндсэн бол 11 нь хавсарсан өвчний хүндрэлийн улмаас нас барсан гэж үзэж байна.
Эрүүл мэндийн яамнаас цар тахлын улмаас нас барсан иргэдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийллээ.