Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг 5383 хийжээ. Үүнээс 533 хүнээс халдвар илэрсэн байна. Ингэснээр нийт халдварын тоо улсын хэмжээнд 49,175 болоод байна. Шинээр илэрсэн 533 тохиолдлын зургаа нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол бусад нь дотоодын халдвар бөгөөд Улаанбаатар хотод 490, орон нутагт 37 бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 1065 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 41,844 боллоо. Халдварын улмаас 4087 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас маш хүнд 115 хүн байна.
Өнгөрсөн хоногт 51-78 насны долоон иргэн нас барлаа. Эдгээр иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан" гэлээ.
Мөн хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 3009 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байгааг онцлов.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 225 хүн коронавирусийн халдварын улмаас нас бараад байна. Үүнээс 214 хүн коронавируст халдварын хүндрэлээр эндсэн бол 11 нь хавсарсан өвчний хүндрэлийн улмаас нас барсан гэж үзэж байна.
Эрүүл мэндийн яамнаас цар тахлын улмаас нас барсан иргэдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийллээ.