Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Мэдээллийн эхэнд "Ковид-19" тусаад эдгэрсэн хүмүүс хэрхэн вакцинд хамрагдах Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр дараах мэдээллийг өглөө.
Тэрээр "Вакцин хийлгэхээсээ өмнө коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрсэн иргэд батлагдсан өдрөөс хойш 21 хоногийн дараа нэгдүгээр тундаа хамрагдаж болно. Харин хоёрдугаар тундаа тухайн вакцины зааврын дагуу хамрагдах зохион байгуулалтад орж байна.
Мөн вакцины эхний тунг хийлгээд коронавирусийн халдвар авсан бол батлагдсан өдрөөс хойш 21 хоногийн дараа хоёрдугаар тундаа хамрагдах боломжтой.
Харин вакцины хоёр тундаа хамрагдсаны дараа халдвар авсан тохиолдолд вакцинд нэмж хамрагдахгүй. Мөн халдвар аваад хоёроос дээш сар болсон болон 14 хоносон иргэд дээрх зааврын дагуу вакциндаа хамрагдах боломжтой" гэлээ
Үргэлжлүүлэн хоногийн мэдээллийг хүргэлээ.
Тэрээр "Сүүлийн 24 цагт 804 хүнээс хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр нийт халдварын тоо улсын хэмжээнд 44,820 болоод байна.
Шинээр бүртгэгдсэн 804 тохиолдлын долоо нь эмнэлгээс шалтгаалах халдвар бөгөөд орон нутагт ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд халдвар авах эрсдэл нэмэгдэж байна.
Дорноговь аймагт тусгаарлагдаж байгаа гадаадын иргэдээс 4 /гаднаас зөөвөрлөгдсөн/, Улаанбаатар хотод 737, орон нутагт 56 бүртгэгдлээ.
Хэдийгээр Улаанбаатар хотод халдварын тохиолдол буурч байгаа үзүүлэлттэй байгаа ч иргэдийн хөл хөдөлгөөн их байвал эргээд нэмэгдэх хандлагатай юм. Иймээс иргэд та бүхэн аль болох олон хүн цугласан газраар явахгүй байх, халдвар хамгааллын дэглэмээ сахихыг зөвлөж байна.
Сүүлийн 24 цагт 1,324 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 31,373 боллоо.
Халдварын улмаас 4968 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас маш хүнд 113 хүн байна.
Өнгөрсөн хоногт 69, 89 насны хоёр хүн халдварын хүнд хэлбэрээр нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан" гэлээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 173 хүн коронавирусийн халдварын улмаас нас бараад байна. Үүнээс 162 хүн коронавируст халдварын хүндрэлээр эндсэн бол 11 нь хавсарсан өвчний хүндрэлийн улмаас нас барсан гэж үзэж байна.
Эрүүл мэндийн яамнаас цар тахлын улмаас нас барсан иргэдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийллээ.