Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 815 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 44,016 боллоо. Шинээр илэрсэн 815 тохиолдлын тав нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол Улаанбаатар хотод 711, орон нутагт 99 бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 1451 хүн эдгэрч, эмнэлэг болон гэрийн ажиглалтаас гарсан байна. Нийт эдгэрсэн хүний тоо 29,984 боллоо.
Харамсалтай нь өнгөрсөн хоногт 7 хүн коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан байна" гэлээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 171 хүн коронавирусийн халдварын улмаас нас бараад байна. Үүнээс 160 хүн коронавируст халдварын хүндрэлээр эндсэн бол 11 нь хавсарсан өвчний хүндрэлийн улмаас нас барсан гэж үзэж байна.
Эрүүл мэндийн яамнаас цар тахлын улмаас нас барсан иргэдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийллээ.