Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 940 хүнээс халдвар илэрлээ. Ингээд нийт халдварын тоо улсын хэмжээнд 42,464 болж байгаа. Шинээр бүртгэгдсэн 940 тохиолдлын найм нь эмнэлгээс шалтгаалах халдвар бөгөөд орон нутагт ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд халдвар авах эрсдэл нэмэгдэж байна. Улаанбаатар хотод 828, орон нутагт 104 тохиолдол бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 1308 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 27,242 боллоо. Халдварын улмаас 4878 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас маш хүнд 124 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа хүмүүст Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.
Өнгөрсөн хоногт 40-95 насны 12 иргэн нас барлаа. Нас барсан иргэд бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан" гэлээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 153 хүн коронавирусийн халдвар аваад нас бараад байна. Үүнээс 142 хүн коронавируст халдварын хүндрэлээр эндсэн бол 11 нь хавсарсан өвчний хүндрэлийн улмаас нас барсан гэж үзэж байна.
Цар тахлын улмаас нас барсан иргэдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.