Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Эрүүл мэндийн яамны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 1128 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 41,524 болж байгаа. Шинээр илэрсэн 1128 тохиолдлын дөрөв нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол Улаанбаатар хотод 1042, орон нутагт 82 бүртгэгдлээ.
Улаанбаатар хотод халдварын тохиолдол тогтворжиж байгаа бол орон нутагт багассан үзүүлэлттэй байна.
Сүүлийн 24 цагт 1308 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 25,641 боллоо. Халдварын улмаас 4961 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас маш хүнд 123 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 7968 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.
Өнгөрсөн хоногт дөрвөн хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Мөн нэг иргэн халдвар авсан хэдий ч элэгний хорт хавдрын улмаас нас барсан байна" гэлээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 141 хүн коронавирусийн халдвар аваад нас бараад байна. Үүнээс 130 хүн коронавируст халдварын хүндрэлээр эндсэн бол 11 нь хавсарсан өвчний хүндрэлийн улмаас нас барсан гэж үзэж байна.
Цар тахлын улмаас нас барсан иргэдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.